
Витамин гэдэг нь амьдралын чухал амин гэсэн утгатай үг. Анх нээгдсэн витаминууд амин бүлэгтэй байсан учраас амьдралын амин гэж нэрлэгдсэн. Хэдийгээр дараа нь амингүй витамин гарсан ч дэлхий дахинд витамин гэдэг нэр томъёогоороо нэрлэсээр ирсэн.
Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилдаг. Тосонд уусдагт Д, А, Е, К витамин ордог бол С, В-ийн төрлийн болон бусад витаминууд усанд уусна.
Витамин бүхэн чухал ач холбогдолтой. Хүний биед ямар нөлөө үзүүлдэгийг Д витаминаар жишээ болгон ярья л даа. Д витаминыг “Д витамин” гэж нэрлэхээс гадна ургамалд үүсдэг эргокальциферол, хүн амьтны биед үүсдэг холекальциферол гэж нэрлэдэг. Д витамины томъёонд ямар ч кальци байхгүй ч кальцийг хадгалж байх үүрэгтэй учраас ийнхүү кальциферол гэж нэрлэдэг. Д витамины идэвхигүй хэлбэр нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр идэвхитэй витамин болдог.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д витаминыг нарнаас авах ёстой гэж ярьдаг. Яг ч нарнаас авч байгаа юм биш. Нарны хэт ягаан туяа идэвхигүй хэлбэрийн Д витаминыг идэвхитэй, жинхэнэ витамин болгон хувиргаж байгаа юм.
Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх чухал ач холбогдолтой. Д дутагдахаар рахит буюу сульдаа өвчин үүсч, хүүхдийн ясны эрдэсжилт явагддаггүй.
Аливаа ясны хатуулаг чанар кальциас хамаардаг. Тиймээс Д витамин нь кальцийн солилцоог зохицуулдаг юм. Д витамин нь хоол хүнснээс авч байгаа кальцийг ходоод гэдэсний замаас хурдан шимэгдүүлэн цусанд оруулж, цусанд орсон хойноо кальци зөөгч уургийг нийлэгжүүлдэг. Ингэснээр кальци ясанд хүрч, яс эрдэсжихээр ясны хатуулаг чанар сайжирдаг юм.
АУ-ы доктор, профессор Д.Энэбиш
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.