
Эрт урьд цагт Хархан Хурхан гэдэг хааны үхэрчин өвгөн, эмгэн хоёр чихэн чинээн хүүтэйгээ гурвуул аж төрдөг байжээ. Он жилийн урт, олон сарын нэгэнд «Хаан эзнээ алуулж хатан авгайг нь олзлуулж байна» гэж чихэн чинээ хүү зүүдлэв гэнэ. Үхэрчин өвгөний эмгэн хүүгийнхээ энэ зүүдийг сонсчхоод хаан эзэндээ очиж
— Хаан, хаан минь, манай хүү, муу ёрын, ер бишийн муухай явдал ёрлосон «хаан эзнээ алуулж хатан авгайг нь олзлууллаа» гэсэн зүүд зүүдлэв гэж хэлжээ. Хаан энэ үгийг сонсоод:
Харцын бага балчир, нялх хүүхдэд юу эс зүүдлэгдэх билээ? гээд эс тоомсорложээ.
Маргааш шөнө Чихэн чинээн хүү дахиад л хаан эзнээ алж хатан авгайг нь авч байна гэж зүүдэлжээ. Үхэрчин өвгөний эмгэн хүүгийнхээ энэ зүүдийг сонсоод хаандаа дахин ирж:
Хаан, хаан минь урьд шөнийн муу ёрын зүүдийг өнгөрсөн шөнө хүү дахиад зүүдэлжээ гэхэд хаан уурсан:
— Миний орон нутгаас хүүгээ зайлуулж гарга гэжээ.
Хааны захирснаар хүүг хааны элч нар хааны нутгаас хөөж, үхэрч өвгөн, эмгэн хоёр уйлж унжин хоцорчээ.
Чихэн чинээн хүү нэг далайн хөвөөнд ирж өвсөөр гэр барин хоргодож загас жараахайгаар хооллон гэдсээ тэжээдэг болжээ. Нэгэн өдөр загасаа шараад хооллох гэж суутал гэнэт нэгэн том могой сандрангуй орж ирээд:
— Намайг түргэн нуу! Миний хойноос хүн нэхэн хөөж явна гэж хэлээд цагариглаад хэвтжээ. Чихэн чинээн хүү санд мэнд босож өвсөн гэрээ цуцалж могойн дээгүүр цацаж хаячхаад загасаа идээд сууж байтал нэгэн морьтон эр мориныхоо хар хурдаар довтолгон ирж
— Заа хүү минь нэгэн том могой явж өнгөрөхийг үзэв үү? гэсэнд Чихэн чинээ хүү:
— Миний дэргэдүүр саяхан тийм нэгэн том могой ирж зүүн урагш өнгөрөв гэсэнд тэр зүг морьтой эр довтолгон оджээ. Могой нуугдаж байсан газраасаа гарч ирээд:
— Би лусын хааны охин Чи намайг дагаад яв, манайд айлчилж оч гэсэнд Чихэн чинээн хүү:
— Би ус руу яаж орох билээ Айж байна гэхэд могой:
— Чи миний сүүлнээс сайн атга! Би чиний урьд ороод зам гаргана гэв. Чихэн чинээн хүү могойн сүүлнээс барьж могойг дагасаар нэгэн шилэн байшинд иржээ. Шилэн байшинд цал буурал толгойтой цагаан сахалтай өвгөн сууна гэнэ. Тэр өвгөн:
Хүү минь чи хаанаас ирэв? гэх хооронд үзэсгэлэнт төгөлдөр сайхан охин орж ирээд:
— Аав минь энэ хүү миний амь аварлаа. Тус болсон энэ хүүг ачлах ёстой гэсэнд эцэг эх хоёр Чихэн чинээн хүүг ачлан хүндэлжээ. Нөгөө сайхан хүүхэн Чихэн чинээн хүүд:
— Манай аав чамд юу хэрэгтэй вэ? Чи надаас юу авах вэ? гэж асуувал байшингийн үүдэн дээр хэвтэж байгаа зэвтэй илдийг тань авна, барааны ард байгаа муу уутыг тань авна гэж хэлээрэй гээд гараад явжээ. Хүүг гурван өдөр амраагаад охины
— Ачтай тустай хүүгийн ачийг би хариулах ёстой. Чи надаас юу авна? гэсэнд хүү хэлсэн нь:
Барааны ар дахь уут, байшингийн хаалган дахь зэвтэй илд отгон шар охины тань авна.
Авах гурван юм минь энэ гэсэнд лусын хаан буруу харж уйлж, зөв харж инээж суугаад хүссэн гурван зүйлийг өгчээ. Хүү уснаас гарч унтаж амрахаар хэвтэж гэнэ. Лусын хааны отгон шар охин уутныхаа амыг тайлж зэвтэй илдээ гарган:
— Алтан оройтой цагаан мөнгөн байшин, жимс цэцэрлэгтэй босгож адуу мал, эд агуурс, зарц нар цөм бүрэн болго! гэж шившээ. Унтаад өглөө сэрсэн чинь охины шившин хэлсэн хүсэл ёсоор орд харш цэцэрлэг бэлэн болсон байлаа.
Хувцас хунар хоол ундыг нь зарц нар бэлтгэж дутагдах гачигдах юмгүй сайхан жаргаж суужээ. Хархан Хурхан хааны ангуучид ан ав хийж яваад Чихэн чинээн хүүгийн орд харшийг үзээд хаандаа ирж:— Урьд өмнө байгаагүй алтан оройтой! цагаан мөнгөн байшин бий болсон байна гэхэд хаан:
Тэр орд харшид очоод хэн байгааг үзээд ир гээд элч илгээв. Элч нар тэнд очоод эргэн ирж:
Эзэн нь Чихэн чинээн хүү юм байна гэсэнд Хархан Хурхан хаан:
— Чихэн чинээн хүүг алаад эхнэрийг нь олзлоод ир гэж зарлиг буулгаж олон цэрэг илгээжээ. Олон цэргийг ирж байлдмагц лусын хааны охин уутаа сөхөж эцгийн гэрээс авхуулсан зэвтэй илдээ авч:
Цаана чинь олон цэрэг ирж бидэнтэй дайн хийх нь гэж шившсэнд шорооноос нягт, шоргоолжноос олон морьтон эрчүүд:
— Хаана, хаана, аль аль гэж хашхиралдаад Хархан Хурхан хааны олон цэргээс алахыг нь алаад хөөхийг нь хөөжээ. Хархан Хурхан хаан дайн байлдаанаар бид дийлшгүй юм байна, эднийг ов залиар мэхэлж ялья Амин сүнсийг нь мэдээд ир хэмээн зээрэн шилбэтэй зэс хошуутай эмгэн явуулжээ. Тэр эмгэн: Хань ижил, үр садангүй өнчин өрөөсөн хөгшин намайг
Хархан Хурхан хаан гэрээсээ хөөв, очих газаргүй намайг өршөөн гэртээ оруулж байлгана уу гэсэнд:
— За та манайд байгаарай гэжээ. Нэг өдөр лусын хааны охиноос эмгэн:
— Та нар Хархан Хурхан хааныг яллаа дийллээ яаж ялав гэхэд охин хариу:
— Энэ уут, зэвтэй илдийн хүчээр бид ялсан юм гэлээ. Энэ үгийг сонсоод эмгэн нэгэн шөнө ид шидтэй уут, илдийг нь хулгайлан авч зугтаажээ. Өглөө болсон чинь Чихэн чинээн хүү өвсөн гэртээ нэхий дээлээ нөмрөөд хэвтэж байн гэнэ. Чихэн чинээн хүү гутарсан ч үгүй, гайхсан ч үгүй. Нэгэн өдөр ан хийгээд явж байтал бөөргийн богино цагаан туулай гарч давхисанд Чихэн чинээн хүү туулайг намнахаар хөөж Хархан Хурхан хааны гадуур өнгөрч байтал лусын хааны охин цонхоор гарч ирж гэнэ. Хаан хатантайгаа айлчлаад явсан, эзгүй байсанд Чихэн чинээн хүүг гэртээ оруулан цэрэг дуудаж:
— Намайг олзолсон хааныг угтан оч! Тэр муу хаанд нэг уут бий, түүнийг нь булааж аваад хааныг алж хатныг олзлоод ир хэмээн явуулжээ. Цэргүүд хааныг алж хатны нь олзлоод ирсэнд лусын хааны охин, хааны албат иргэдийг цуглуулж:
— Энэ өдрөөс та бүхний хаан, харц үхэрч өвгөний хүү Чихэн чинээн хүү боллоо. Үг зарлиг сургаалыг нь сонсож дуулгавартай байгтун гээд их найр наадам хийжээ. Чихэн чинээн хүүгийн эцэг эх хоёрыг хааны ордонд нүүлгэн авч ирж харц албат нар нь түвшин сайхан жарган суужээ.
Орчуулсан Ж.Жолоо
Эх сурвалж: Халимаг ардын үлгэр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.