Торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагууд техникийн хяналтын үзлэг явуулах журмыг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол зөрчил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Хамтран ажиллаж эхэлснээр үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж байна гэлээ.

Хуулийн дагуу автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй ба журамд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол техникийн хяналтын үзлэгт оруулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж буй юм байна. Авто тээврийн үндэсний төвд өдөрт дунджаар 500 орчим жолооч торгуулиа төлж байгаа бөгөөд зургаан сая орчим төгрөгийн торгууль барагдуулж байна. Бид жолооч нарт цаг тухайдаа техникийн хяналтын үзлэгт тээврийн хэрэгслээ оруулах болон торгуулиа 14 хоногийн хугацаанд нь төлж барагдуулж байхыг тогтмол анхааруулж байна гэж АТҮТ-ийн захирал Т.Болдбаатар ярьсан.

Харин өдөрт 600-700 тээврийн хэрэгсэлд торгуулийн мэдэгдэх хуудас илгээхэд дунджаар 170 орчим нь техникийн оношлогоо, үзлэгт ороогүй байдаг гэнэ.

Мөн автомашин худалдахдаа худалдан авагчийн нэр дээр албан ёсоор шилжүүлээгүйн улмаас урьд эзэмшиж байсан иргэний нэр дээр торгуулийн хуудас болон мөн нэрээр торгуулийн хуудас давхардан ирэх зэрэг тохиолдол гарч буй тул эзэмшигчээс худалдан авч буй тээврийн хэрэгслээ торгуулийн мэдэгдэх хуудас авсан эсэхийг шалгах хэрэгтэйг анхааруулж байв. Удаа дараа торгуулийн мэдэгдэх хуудас хүлээн авсан ч төлөөгүй, техникийн үзлэг оношлогоонд ороогүй асуудлыг цэгцлэхээр хяналт, шалгалтыг ажлыг эрчимжүүлж буй аж.

Энэ үеэр нийслэлийн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга хурандаа Ц.Ариунболдоос дараах зүйлийг тодруулав.

-Торгуулиа төлөх ёстой хугацаанд нь төлөхгүй байгаа жолооч нарт ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бэлэн бус торгуулийг Засгийн газрын 388 тоот тогтоолоор зохицуулж байна. Уг тогтоолын 4.2-т торгууль хүлээсэн этгээд 14 хоногын дотор төлөөгүй тохиолдолд давтан торгох гэсэн байгаа. Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн иргэдийг 1,000-10,000 төгрөгөөр торгож байгаа. Торгуулиа төлөөгүй бол 20,000 төгрөгийн торгуултай. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-т жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1,000-10,000 төгрөгөөр торгох, эсвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.

-Торгуулиа төлөхгүй байгаа жолоочийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулахгүй гэж ярилаа?

-Үзлэгт ороогүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй. Худалдан авсан хүнийхээ нэр дээр  шилжүүлэхгүй бол үзлэгт орохгүй. Жилд хоёроос доошгүй удаа автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явагддаг. Ерөөсөө техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэсэгсэл хуулийн дагуу замын хөдөлгөөнд огт оролцохгүй. 

-Өнгөрөч нэгдүгээр сарын 1-ээс бэлэн бусаар торгууль тогтоож, мэдэгдэх хуудас тарааж эхэлсэн. Үүнээс хойш хэдэн зөрчил илэрсэн бэ, торгуулийн болон эргэн төлөлтийн хэмжээ өссөн байх?

-Энэ хугацаанд 580 мянга гаруй зөрчилд 5 тэрбум 800 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Үүнээс өнөөдрийн байдлаар торгуулийн эргэн төлөлт  60 хувьтай буюу 3.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байна. Өнгөрөгч жилүүдэд бид торгуулийн арга хэмжээг хүний хүчээр авдаг байсан. Харин техник технологийг ашиглаж эхэлснээр зөрчил илрүүлэлт, торгуулийн дүн аль, аль нь 2-3 дахин өссөн.

Э.Гүнтөмөр

 

б

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.