Зоригтой шийдээд, шийдэмгий алх

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн гэхээсээ илүүтэй засаглалын хямрал толгойны өвчин болжээ. Өнөөгийн УИХ маш эмзэг хүчний харьцаатай. Янз бүрийн явцуу эрх ашгийн төлөөнөөс төрийн машиныг яаж ч гацааж болдгийн жишээ ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгээс ил тод харагдаж байна. Төсөв хэлэлцэх гэхээр л засаг өөрчлөх, Ерөнхий сайдыг огцруулах гээд бужигнуулчихна. Парламентад аль нь ч олонхи болж чадаагүй хүч тэнцсэн тохиолдолд аль аль нь эсрэг талаасаа хүч нэмэгдүүлэх урвуулгын арга зохион байгуулна. Ямар ч шийдвэр гаргасан аль нэг фракцын явцуу эрх ашгийн сүүдэр ёс мэт дагалдана. Засгийн газрыг унагааж чадвал дараагийн ээлжийн хоолондоо марш болохоор тэр. Сайдын суудал л олдож байвал юун эх орны эрх ашиг бодохтой манатай. Ард түмний төлөөлөл энэ улс орныг удирдаад байна уу эсвэл нам доторх фракцууд уу гэдгийг ойлгох аргагүй боллоо.

Эрх барьж байгаа хүчний нөхдүүд бичиг цаас бариад Ерөнхий сайдаа унагахаар гүйлдэнэ. Уг нь яаж ийгээд авч үлдэж ирэх оны төсвөө хэлэлцэж батласны дараа хариуцлага тооцож болмоор доо. Гэтэл тийм биш. Арга ядсан намын анхан шатныхан тэр нөхрөө намаасаа хөөгөөч гэж удирдлагадаа гомдож сууна. Нөгөөдөх нь дахиад 11 гишүүн асаалттай танк шиг ард хүржигнэж байгаа шүү гэж тавлана. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх улаан туг гэдэг шиг байсаар хилийн чинадаас чулуу шиддэг болжээ. Төмөр замын асуудал хэлэлцэж байхад УИХ-ын гишүүдийнх нь гар утаснаас иргэд сонгогчид руу хар пиар хийж байх жишээтэй. Бас л нөгөөх элсний нөхдүүдийн хийж байгаа ажил байх шүү гэж эрхэм гишүүд бие биерүүгээ хялалзана. Хөөрхий засгийн хуучин сайд байны голд хэдэнтээ байрлаад л авна лээ. Нэгэнт тогтоох техник технологийн боломжгүй болохоор яана гэхэв хардаад л өнгөрнө.ө

Гэхдээ асуудал үнэхээр ноцтой. Дотооддоо алалцдаг байсан бол өнөөдөр гаднаас заналхийлдэг болж. Ийм л хэврэг засаглалтай болсон байна. Сөрөг хүчний хэвлэлийн пиарчин АН-ын нууц гэрээг хуурамчаар үйлдээд хэвлэл мэдээлэлээр шуугиулаад авч байгаа нь сагстай өндөг тэврээд гүйж яваа Д.Алтанхуягт муужруулах хэмжээний цохилт өглөө. Хүчний харьцаа ийм эмзэг байгаагүй бол ялаа нисэхийн дайны л үзэгдэл. Ерөнхий сайд танхимаа авч үлдэхийн тулд МАХН-тай гэрээ байгуулдаг нь тактикийн хувьд зөв. Хэн ч байсан тэгнэ. Ийм алхам хийж гэмээн сөрөг хүчний довтолгоог олонхиор няцааж чадна. Танхим огцорлоо ч гэсэн шинээр байгуулагдах Засгийн газар бодлого зорилтоо барагтай бол баглуулаад байхгүй. Улс оронд ч хэрэгтэй. Тулгамдсан олон асуудлаа шийдэх боломж бий болно. МАН үүнийг хүсэхгүй. Улстөрийн тоглолт зөв хийхийн оронд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулаад ийм балиар зүйл сэдсэн нь олны дургүйцлийг төрүүлнэ үү гэхээс яавч сайн зүйлд хүргэхгүй. Дэмбэрэлээрээ сор залаад уснаас хуурай гарна гэж тооцоолсон бол уучлаарай тйим зүйл байхгүй шүү гэсэн хариуг л нэр хүнддээ авчирна.ө

Эрх баригчдад гаднаас чиглэлтэй иймэрхүү хар пиар явж байгаа бол басчиг яая гэхсэн. Гэтэл үүрэн дотроос нь эхийгээ тоншоод ирсэн нь хамгийн ноцтой нь. Нэг хүн л нэмчихвэл элсний 13 хэдийн бүрэлдчихнэ. Засаг унагаахад хамсарч чадаж байгаа юм чинь бусад асуудал дээр хангалттай сөрөг талдаа үйлчилж чадна гэсэн үг. Д.Алтанхуяг танхимаа авч үлдэхийн тулд МАХН-тай хийсэн гэрээндээ зөв нүүдэл хийсэн. Гэхдээ бэрсийг нь гарах газаргүй болтлоо багласан хүүнийхээ нүүдэлд бүдчиж эхлэв бололтой. Өнгөц харахад АН 1996-2000 оны гашуун сургамжаа давтах гээд байгаа юм шиг. Тэр үеийн АН-ын элсний 13 гишүүн сөрөг хүчинтэй хамсаад яаж жонхууруулж байлаа даа. Үр дүнд нь УИХ-д суудалгүй шахам болж АН тоосоо нэг сайн гөвүүлсэн. Элсний нөхдүүдийг өөртөө татаж чадсан баатраар урт шар дээлтэй хүн тодорч Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн суудалд хүрч нэг хүний гарт засаглалыг төвлөрүүлж сайн мууг хослуулсан. Гайныхаа багыг тэр эдлэж, ихийг нь Монголын төр, ард түмэн үүрсэн нь тун саяхны явдал.ө

Аль нь ч олонхи болж чаддаггүй эмзэг засаглал цаашдаа ч хэвээр хадгалагдах төлөвтэй гэж улстөр судлаачид дүгнэдэг. Хууль тогтоогч, хэрэгжүүлэгч хоёрын харилцан хяналтын системгүйгээр төрийн тогтолцоо эрүүл бус байдалтай хэвээр байх болно. УИХ засгаа хянаж чадахаа больсны шалтгаан Үндсэн хуулийн дордуулсан долоон заалттай холбоотой. Давхар дээлийг тайлахгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Яамдынхаа тоог өсгөөд сайдуудаа УИХ-аас бүрдүүлчихвэл УИХ-д шахалт үзүүлэх бололцоо Засгийн газарт бүрэн бий. УИХ хянаж чадахаа больж Засгийн газрыг байн байн огцруулах санаа эрхэм гишүүдийн толгойноос салахгүй болсны учир үүнтэй холбоотой. Давхар дээл тайлах асуудлаар хаваржин УИХ ярьсан. Хууль хэрэгжүүлэх цаг хугацааны асуудлаас шалтгаалаад тохиролцож чадсангүй гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлээд хойшлуулсан. Хожмын үр дагавар ийм хүндрэл учруулах нь тодорхой байсан ч сандал ширээтэйгээ зууралдаад л өнгөрсөн. Сонгууль чимээлж буй энэ цаг үед эрсдэлтэй алхам хийхээс жийрхээд байгаа бололтой. Уг нь зоригтойхон шийдээд эрх мэдэл хуваарилах зарчмаа өөрчилж төрийн зөв тогтолцооны талаар шйидэмгий алхам хийхгүй бол засаглал эдийн засгаа бүрэн сөгтгөх нь байна шүү.

ө

Н.Бадамжав  

    

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.