Оросын сөнөөгч онгоц Америкийн дроныг унагажээ

Twitter Print
2023 оны 03-р сар 15-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Оросын сөнөөгч онгоц Америкийн дронтой мөргөлдсөнөөс болж Америкийн нисгэгчгүй дрон Хар тэнгист унаж осолдоход хүрсэн тухай АНУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлжээ.

Уг үйл явдал нь Украинд болж буй дайнаас болж Вашингтон, Москва хоёрын хооронд мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдсээр байгааг байгааг харуулж байна.

АНУ-ын зүгээс дрон нь олон улсын агаарын бүсэд тогтмол үйлддэг нислэгээ хийж байхад нь Оросын сөнөөгч хоёр онгоц уг ажиллагаанд саад болсон хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын зүгээс тухайн дрон нь "огцом манёвр" хийснийхээ дараа осолдсон, Оросын сөнөөгч онгоцнууд үүнд ямар ч холбогдолгүй хэмээн мэдэгдсэн байна.

Оросын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр Америкийн MQ-9 дроны дохио хүлээн авагч, дамжуулагч нь унтраастай байсан гэдгийг онцолжээ.

Төв Европын Цагийн бүсээр мягмар гарагийн өглөөний 07 цагт Америкийн тагнуулын зориулалттай MQ-9 Reaper дрон тогтмол үйлддэг нислэгээ хийж байх үед нь Оросын сөнөөгч онгоц уг ажиллагаанд нь саад болж, дрон сөнөөгч онгоцтой мөргөлдсөнөөс болж осолдсон хэмээн Вашингтоны зүгээс мэдэгдэл гаргасан байна.

Түүнчлэн Оросын сөнөөгч Су-27 онгоц дроныг мөргөхөөсөө өмнө хэд хэдэн удаа дрон дээрээс түлш асгасан нь "балмад, байгаль орчинд хортой, мэргэжлийн бус" үйлдэл хэмээн онцолсон байна.

Вашингтон АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антоновыг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн бол А. Антонов Москва Америкийн дроныг "өдөөн хатгалт" гэж үзсэн гэжээ.

2014 онд ОХУ Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэснээс хойш Хар тэнгисийн орчимд нөхцөл байдал хурцдаж, ОХУ Украин руу довтолсноос хойш Вашингтон, Лондон хоёр олон улсын агаарын бүс дэх тагнуулын болон хяналтын зорилгоор хийдэг нислэгүүдээ идэвхжүүлсэн юм.

Оросын сөнөөгч онгоцнууд Америкийн дроны ажиллагаанд садаа болохыг хүссэн үү эсвэл санаатайгаар дроныг устгасан уу гэдэг нь анхаарал татаж байна. Вашигтон Оросын нисгэгч нарын зүгээс аюултай үйлдэл хийх нь нэмэгдсэн хандлага ажиглагдаж байгааг онцолжээ.

Америкийн дронд хэтэрхий ойртсоноос болж Оросын сөнөөгч онгоцны нисгэгч алдаа гаргасан байж болох ч Оросын нисгэгч санаатайгаар Америкийн дронд халдсан бол энэ нь маш том "өдөөн хатгалт" болж, хоёр орны харилцаа хурцдахад хүрнэ гэж ажиглагчид үзэж байна.

Барууны орнууд ОХУ-тай харилцаагаа хурцдуулахгүйгээр Украинд болж буй дайныг зогсоохыг хичээж байгаа ч Хар тэнгисийн дээр болсон дээрх үйл явдалд Вашингтон хэрхэн хариу үзүүлэх нь анхаарал татаж байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний командлагчийн зүгээс Оросын талаас гаргасан уг аюултай үйлдэл нь хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.