Италид коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 107-д хүрч, сургуулиудыг хаалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 05-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Италид коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 107-д хүрч, эрх баригчид Ковид-19 вирусын халдварын тархалтыг бууруулахын тулд ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудын үйл ажиллагааг 3-р сарын 15 хүртэл хаах шийдвэр гаргаад байна.

Тус улсад коронавирусын халдварын тохиолдол анх 13 өдрийн өмнө бүртгэгдсэн ба үүнээс хойш уг вирусын халдварыг авсан 3089 тохиолдол бүртгэгдээд байна. Италийн Иргэний хамгаалалтын газрын дарга Анжело Борреллигийн мэдэгдсэнээр Ковид-19 вирусын халдвараар өвчилсөн иргэдийн 3.5 хувь нь нас баржээ. Түүнчлэн Италийн засгийн газраас иргэдийг олноор цуглуулах, иргэд олноор цугларах бүх төрлийн арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Кинотеатр, театруудыг хаах, иргэд бие биетэйгээ гар барихгүй, бие биенийгээ тэврэхгүй, аль болох хүмүүстэй ойроос харьцахгүй байх зөвлөмжийг гаргажээ. Италийн Ерөнхий сайд Жузеппе Контегийн мэдэгдсэнээр коронавирусын халдварын дэгдэлтийн үед эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд хүрэлцэхгүй байж болзошгүй аж. Сургуулиудыг хааж байгаатай холбоотойгоор засгийн газраас эцэг эхчүүдийг гэрээсээ ажлаа хийх боломжоор хангахыг зорин ажиллаж байгаа ба ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангахыг албан байгууллагуудад даалгасан байна. 

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.