Шинжаан Уйгарт гурван Бороотой дүйцэхүйц нөөцтэй алтны орд нээгджээ

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Хятадын хамгийн том бүсэд тооцогдох Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс 6.46 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алтны томоохон орд илрүүлсэн талаар "Синьхуа" агентлаг мэдээлсэн юм. Энэ бүсэд урьд хожид илрүүлж байгаагүй томоохон нөөц илэрсэн гэсэн үгийг албаны хүмүүс онцолдог. Ордоос доод тал нь 127 тонн алт гаргаж авах боломжтой гэх таамаг байна. Нийт баялгийнх нь нөөц энэ хэмжээний гэх мэдээ ч бий. Гэхдээ эдийн засгийн үр ашигтай нөөц нь төчнөөн тонн гэсэн барим тавим мэдээлэл хомс байна.

Ордын байршил нь яг тэнд гэсэн тодорхой газрын нэргүй. Киргизстан улстай залгаа орших Шинжааны Укар хошуу хавьцаа гэсэн мэдээлэл цацагдсан. Хятадын Геологи, эрдэс баялгийн эрэл хайгуул, хөгжлийн бүс нутгийн товчооноос ингэж мэдээлжээ. Тус ордын нийт нөөц 200 тонн давна гэж хайгуулын багийн дарга Цуй Хунбин онцолсон байна. Хятадын Геологи, эрдэс баялгийн хайгуулын хөгжлийн бүс нутгийн товчоо дээрх бүсэд 20 жил эрэл хайгуулын ажил явуулаад байгаа аж. Тэнд ажилласан геологичид 20 ам дөрвөлжин километр талбайд алтны ордтой 20 бүс газрыг илрүүлсэн байна.

Тус товчоо өнгөрсөн онд 50 ба түүнээс дээш тонн нөөц бүхий хоёр орд илрүүлчихээд байгаа гэнэ. Синьюань, Хөзин зэрэг хошуунаас эдгээр ордыг илрүүлжээ. Судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийсэн учраас Шинжаан Уйгарт нээсэн ордын талаар ерөнхий мэдээллийг л хийжээ. Барууны хөрөнгө оруулалттай компаниуд Хятадад нээсэн ордынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг бол Хятадын төрийн өмчийн компаниуд илрүүлсэн ордынхоо байршил, нөөц гэх мэт нарийн ширийн зүйлийн талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байна. Ордын судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийжээ. Уйгарын засаг захиргааны төв Үрэмчээс албаны товч мэдээ гаргасан аж. Энэ товч мэдээнд үндэслэсэн мэдээллүүдийг л олон улсын хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд цацаад байгаа юм.

Дашрамд дурдахад Хятадын төрийн өмчит компаниуд тус улсад ажилладаг барууны ихэнх компанийн хувьцааг худалдан авч, гадны хөрөнгө оруулагчдын дийлэнхийг нь улсаасаа гаргасан гэх мэдээлэл бий. Энэ утгаараа Хятадын нутаг дэвсгэрт нээгдэж буй алтны ордуудын талаарх нарийн, тодорхой мэдээлэл жил ирэх бүр хумигдсаар байгаа гэдэг.

Ямартай ч Шинжаан Уйгараас манайхаар бол гурван Бороог нийлүүлсэн хэмжээний нөөц бүхий алтны орд нээгдсэн бололтой. Орд нээгдсэн хавийг багцаалдвал манайхтай холбогдох нэг сэжим бий гэнэ. Тэр хавьцаа алтны хүдэржилтийн бүс дайрч өнгөрдөг аж. Шинжаан Уйгарын алтны ордоос мянгаад километр наашлуулж төсөөлбөл Говь-Алтай аймгийн урд сум, Баянхонгор аймгийн баруун урд бөгөөд урд зүгийн нутаг тэр бүсэд хамаардаг байна. Төмөртэйн нуруугаар энэ бүсийн үргэлжлэл орж ирж байгаа бололтой.

Тэнд Хатан суудал, Талын бэлчир гэсэн ордууд байдаг гэнэ. Говийн их дархан газар бөгөөд улсын хилийн бүсэд ордог гэх шалтгаанаар судалгаа огт хийгдээгүй газар юм байна. Ер нь манай баруун бүсийн геологи судалгааны түвшин доогуур, огт судлагдаагүй гэж хэлж болохоор гэж геологичид ярьдаг. Хэрвээ сайн судалж чадвал тэр хавьд алтны томоохон нөөц илрэх магадлал өндөр бололтой.

Манайд хойд Хэнтийн алтны бүс гэж байдаг. Энэ бүсэд Бороо, Гачуурт, Улаан булаг зэрэг хайгуул хийгдсэн ордууд оршдог. "Сентерра гоулд"-ын Алтан цагаан овоо гэж 27 тонн алт бүртгүүлсэн орд бий. Сүүлийн үед хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой орд гэвэл Баянхонгорын "Алтан нар" байна. Нөөцөөрөө Оюу толгойн дараа яригдаж байгаа "Алтан нар" орд 4669 га газрыг эзлэн оршдог. Канад, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын "Эрдэнэ ресурс" компани Баянхонгор аймагт алт болон полиметаллын "Алтан нар" ордыг нээсэн юм.

Төсөл хэрэгжүүлэгчид "Алтан нар"-ыг Төв Азийн Тянь Шан алтны бүсийн үргэлжлэл болов уу гэсэн таамаг хэлдэг. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан хайгуулын үр дүнд энэ ордын "Union North" гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүнээс авсан нэг тонн хүдэр тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл бийг тогтоож байв. Үүнээс гадна долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзээд буй. Энэ хэсгээс гадна "Union South", "Discovery Zone", "Riverside", "Maggie" зэрэг хэд хэдэн хэсэгт эрдэсжсэн судал бийг тогтоочихсон. Төсөл хэрэгжүүлэгчид нэмэлт хайгуул хийх шаардлагатай гэдэг.

Энэ ордод ажиллаж буй "Эрдэнэ Монгол" компани өмнө нь Зуунмодын ордоос 211 мянган тонн молибден, 258.5 мянган тонн зэсийн нөөц илрүүлсэн юм. Дараахан нь уг ордын ойролцоо Хувын хар хэмээх газарт зэсийн хайгуул хийж, өрөм тавих үедээ Зуунмодын ордоос баруун тийш 40 км зайд "Алтан нар" хэмээх газарт алт, мөнгө, ховор металлын орд байгааг илрүүлсэн гэдэг. "Эрдэнэ ресурс" компанийн судалгааны дүнд 4.5 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 2.4 грамм алт, 19 грамм мөнгө бий гэсэн тооцоо гараад буй. Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоо.

Тус компани өрөмдлөгийн ажлаа ирэх онд дуусгаж ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа. Сүүлийн үеийн мэдээ гэвэл "Алтан нар" ордод ойролцоогоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт, полиметаллын нөөцтэй байж магадгүй гэсэн тооцоо гараад байна. "Эрдэнэресурс" компаниас өгсөн мэдээллээр урьдчилсан хайгуулын дүнгээр 30-45 тонн алтны таамаг нөөц Алтан нар ордоос илэрчээ. Оюу толгойн ордоос хойш ийм хэмжээний нөөцтэй томоохон хэмжээний орд илрүүлээгүй гэж төсөл хэрэгжүүлэгчид нь онцолж байна.

"Эрдэнэ ресурс" компанийн ерөнхийлөгч Петр Акерлей "Хэд хэдэн талаас нь харахад энэ төсөлд хөрөнгө оруулахад тохиромжтой үе ирж байна. Дэлхий даяар уул уурхайн компаниудын хувьцаа түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа. Ийм том боломж гарч ирсэн учраас цаг алдалгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд уул уурхайн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл төрж байна. Алтан нар төслийг хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц уурхай болгох боломжтой. Ямар нэг асуудал гарахгүй, бүх хөрөнгө оруулалтаа үйлдвэрлэлд ашиглаж чадвал хоёр жилийн дараа гэхэд бид уурхайг байгуулж ашигт малтмал олборлох боломжтой.

Мөн үүнээс хоёр жилийн дараа гэхэд үйлдвэр байгуулж ашигт малтмалаа боловсруулах боломж бий. Ийм хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд 60-120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг" хэмээн ярьсан байдаг.

Сар гаруйн өмнө Эрдэнэ ресурс компани заримыг "Алтан нар" ордоос алт, мөнгө, өнгөт металл нэмж илэрлээ гэсэн мэдээллийг өгч байсан бол аравдугаар сарын эхээр 1.6 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас босгож "Алтан нар" төсөлд зарцуулна гэж мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Ц.Баасансүрэн, Д.Цэрэндолгор, Өдрийн сонин

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (14.192.214.13) 2014-11-03 12:58
      • 0
      • 1

      yana daa muu uigaruud, ih daramtand amidardag gj bna le chaavaas. Burhan urshuug

      Хариулах

    • хашгамбай

      (103.229.121.221) 2014-11-03 11:41
      • 0
      • 0

      монгол алттай баян-өлгийн хэдэн мянган тонн алттай ордыг одоохон нээнэ.

      Хариулах

    • habtgai

      (203.91.117.4) 2014-11-03 11:13
      • 0
      • 1

      uul uurhain gadaadiin kompanid mongol ner ogohiig horigloh heregtei baina.

      Хариулах