
Жил бүрийн 5 сарын 10-нд өрөөгөө цэвэрлэх үндэсний өдөр тохиодог. Өдрийн тухай:
1. Хэн анх санаачилсан нь тодорхойгүй ч 2010 оны 5 сараас эхлэн тэмдэглэж эхэлсэн энэ өдрийг эцэг эхчүүд талархан дэмжиж, хүүхдээ зөв дадалтай болгох, өрөөгөө болон гэрээ цэвэрлэх нь шийтгэл бус харин хүн бүрийн хийдэг эрүүл амьдралын хамгийн зөв дадал хэвшил гэдгийг ойлгуулахад туслах өдөр. Гэхдээ өдрийн зорилго нь зөвхөн хүүхдүүд рүү чиглээгүй ээ, насанд хүрсэн атлаа цэвэрлэгээнд дургүй, цэвэрлэгээ хийдэггүй бүх хүмүүст зориулсан нэг ёсны хаврын цэвэрлэгээний өдөр юм.
2. Хүн үүссэн цагаасаа л ямар нэг байдлаар цэвэрлэгээ хийдэг байсан байх. Хамгийн анхны цэвэрлэгээний бодис нь ус байсан бол археологчдийн олдвороор МЭӨ 2800 оны Вавилончууд саван шиг зүйл хийж байсныг малтлагаар илрүүлжээ. Янз бүрийн цилиндр хэлбэртэй “Үнстэй хольж чанасан өөх” /fat boiled with ash/ гэсэн бичигтэй малын өөх, модны үнсээр бүтээсэн энэ сангаараа Вавилончууд сав суулгаа үрж цэвэрлэдэг байж.
Үүний дараа Египетчүүд ургамлын тос, шүлтлэг давсаар хийсэн савангаар биеэ угааж, шавар, элс, үнс, тосоор биеэ үрдэг байж. Харин саван буюу soap гэдэг үгний үүсэл Эртний Ромчуудаас гаралтай. Сапо уулын оройд тахил өргөж байхад нь бороо орсноор малын өөх тос, галт уулын үнс холилдон Тибр гол руу урсахдаа орчныг цэвэрхэн болгосон тул Тибр голд усанд орж, юмаа угаахдаа малын өөх тос, галт уулын үнс хольж бүтээсэн савангаа хэрэглэдэг болж аяндаа л Сапо гэж нэрлэдэг болчихжээ.
Гэтэл 5-р зуунд Ромын эзэнт гүрэн нуран унасны дараа өөрсдийгөө болон эд зүйлсээ угаах уламжлал мартагдаж, 1000 жил гаруй хугацаанд бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангаагаагүй нөхцөлийг ердийн мэт хүлээн авч, үхлийн аюултай тахал өвчнөөр амь насаа алдсаар байв.
Харин сойзны хувьд 15-р зуунд буюу 1498 онд Хятадад гахайн хүзүүний үсийг бамбу модонд холбосон шүд угаах сойз анх үүссэн нь ирээдүйд цэвэрлэгээний сойз гарах эхлэл болж, үүнээс санаа авч цэвэрлэгээний сойз, үсний сам, бусад сойзнууд үүссэн. 1859 онд Нью Йоркт анхны сойзны үйлдвэр байгуулагдсан гэнэ.
3. Эцэст нь 1600-аад оны сүүлээр хувийн ариун цэврийг сахих, өвчнөөс хамгаалах хоёрыг холбож ойлгосноор Европт ариун цэврийг сахих “моод” дэлгэрч байв. Саван үйлдвэрлэж, савангаа сурталчилна. Эхлээд саван тансаг хэрэглээнд тооцогддог, татвартай байсан бол удалгүй татваргүй болгосноор энгийн ард ч саван худалдан авдаг болов. 1870-аад оноос өдөн тоос цэвэрлэгч хэрэглээнд нэвтэрч, 1898 онд Бурдетт Жэй Жонсон /палмолив компани/ далдуу мод, чидун жимсний тосноос бүрдэх анхны шингэн саван Палмоливыг бүтээж, гэр ахуйн цэвэрлэгээнд зориулсан нарсны тосоор хийсэн шингэн саван Пайне Солыг ч мөн худалдаанд гаргав. Дэлхийн 1-р дайны үеэр савангийн түүхий эд амьтны гаралтай тос өөх ховордсон тул Германы химичид байгалийн бус гаралтай нийлэг нунтаг цэвэрлэгээний бодис бүтээж, 1943 онд Proctor & Gamble-ийн лабораториуд угаалгын нунтаг үйлдвэрлэв. 1980-аад онд хүйтэн усны угаалгын нунтаг, 2000-аад онд байгальд задардаг эко бүтээгдэхүүнүүд худалдаанд гарсан.
4. Өдгөө маш олон төрлийн цэвэрлэгээний бодис бий болсон. Нэн тэргүүнд ус, үрж цэвэрлэх багаж, угаалгын нунтаг, эсвэл саван хэрэгтэй. Гэхдээ сайтар цэвэрлэгээ хийхийг хүсвэл эсвэл танай гэрт заавал байх ёстой 12 цэвэрлэгээний зүйлс гэж бий. Эдгээр нь:
• Юм үрж цэвэрлэх сойз /Scrub brushes/,
• 00-ын суултуур угаах сойз /Toilet brush/,
• Өдөн тоос арчигч /Multi-purpose duster/,
• Порлон /Sponges/
• Тоос сорогч
• Цэвэрлэгээний шингэн хийх шүршигчтэй сав /Spray bottle/
• Цэвэрлэгээний алчуурууд /Microfiber cleaning cloths/
• Хогийн шүүр, тосгуур /Broom and dustpan/
• Шалны алчуур /Mop/
• Хувин /Bucket/
• Цэвэрлэгээний бусад зүйлс саван, шил арчигч, толбо арилгагч, ариутгагч гэх мэт /Cleaning solutions/
• Цэвэрлэгээний бээлий /Gloves/
5. Өрөө болон гэрээ цэвэрлэх нь эрүүл мэндийн талаас дархлааны тогтолцоог нэмж, стресс бууруулж, зүрхний эрүүл мэндийг дэмжиж, бүтээлч чанарыг сайжруулж, нойрыг чанаржуулж, тайвшруулан сэтгэл сэргээж, эрүүл амьдралын хэв маягтай болгоно. Мөн эмх цэгцгүй зүйлсийг цэгцтэй болгохоос гадна ашиглахаа больсон, эсвэл олохгүй байсан зүйлсээ олж хэрэггүй зүйлсийг нэмж худалдан авахаас сэргийлнэ. Эцэст нь зөв, үр дүнтэй цэвэрлэгээ хийх дараалал нь эхлээд эд хэрэгслээ ангилан ялгаад, цэгцлэн саванд хийх, дараа тоосоо арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгана гэжээ.
Өрөөгөө цэвэрлэх өдөр
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.