Зэрлэг ан амьтны эд эрхтэн наймаалагчдыг илрүүллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Зэрлэг, ан амьтны гаралтай түүхий эд хил дамжуулан борлуулдаг байж болзошгүй гэмт бүлэглэлийн учгаас Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд атгажээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 24- нд манай улсын иргэн Б,Г,Ц тэргүүтэй 10-аад залуу соргог бөх өнгийн 162 эвэр аван Баянгол дүүргийн нутагт явж байхад нь дээрх газрын ажилтнууд саатуулсан гэнэ. Соргог бөхөн нь олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, Төв Азийн хэмжээнд “устаж байгаа” гэсэн ангилалд багтаж, “Улаан ном”-д орсон аж. Нэн ховорт тооцогдсон соргог бөхөнгийн 162 эвэр гэдэг нь 81 толгой гэсэн үг. 

Энэ төрөл зүйл нь манай улсад 1950-иад он хүртэл амьдарч байгаад устсан, өдгөө зөвхөн Казахстаны талд л үлдсэн гэсэн судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан байдаг. Харин манай улсын иргэд ОХУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирж, өмнөд хөршийнхөнд худалдан борлуулах гэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа талаар Дүүргийн II прокурорын газрын эх сурвалж бидэнд мэдээлэв.

Үүнээс үзэхэд Казахстан, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг дамжсан хулгайн анчид, эд эрхтний наймаа хийдэг томоохон сүлжээ байгаа бололтой. Дээрх хүмүүст Ан агнуурын тухай хууль тогтоомж, зөрчсөн, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203, 175 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй гэнэ.

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд баталсан Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр эр бөхөн хоёр сая, эмийг нь 2.2 сая төгрөгөөр тооцож буй бөгөөд 162 сая төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн гэнэ.

Хэрэв дээрх сэжигтнүүдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 162 сая төгрөгийг гурав нугалж төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм уу, 3-5 жил хорих ял ногдуулах аж.

Эх сурвалж: Г.Равжаа, "Өнөөдөр" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.