Вашингтон Хятадын Шиньжаан мужаас хөвөн даавуу болон улаан лооль импортлохыг хоригложээ

Twitter Print
2021 оны 01-р сар 14-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Гааль болон Хил хамгаалах албанаас Хятадын Шиньжаан мужаас хөвөн даавуун бүтээгдэхүүн болон улаан лооль импортлохыг АНУ-ын засгийн газраас хориглосон тухай мэдэгджээ.

Тус албанаас мэдээлж байгаагаар уг шийдвэрийг БНХАУ-ын Шиньжаан мужид "иргэдийг албадан хөдөлмөрлүүлж байгаа тухай баттай мэдээлэл дээр үндэслэн" гаргасан ба Бээжин иргэдийг өрийн дарамтанд оруулах, зорчих хөдөлгөөнийг нь хязгаарлах, тусгаарлах, айлган сүрдүүлэх, цалин хөлсийг нь өгөхгүй байх аргуудыг хэрэглэж байгаа тухай дурджээ. АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр Хятадын эрх баригчид Шиньжаан мужид шашны цөөнх болсон 1 сая гаруй уйгурчуудыг албадан хорьж байгаа ба энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм.

Бээжингийн зүгээс үүнийг удаа дараа үгүйсгэж, терроризм болон хүчирхийллээс сэргийлж, хүн амын зарим хэсгийг хэт даврах, радикал үзэл бодлоос ангижруулах сургалтанд хамруулж байгаа хэмээн тайлбарласан юм. АНУ-ын Гааль болон Хил хамгаалах албаны комиссар Марк А. Морган, "АНУ руу зах зээлийн үнээс доогуур бараа бүтээгдэхүүн импортлохын тулд Хятадын засгийн газар орчин үеийн боолчлолыг ашиглаж байгаа явдлыг манай байгууллага тэвчихгүй. Албадан хөдөлмөр ашиглан бүтсэн импортын хямд бараа бүтээгдэхүүн нь хүний эрхийг дээдэлдэг Америкийн компаниудад хохироохоос гадна, хэрэглэгчдийг ёс зүйд нийцэхгүй худалдан авалт хийлгэхэд хүргэнэ." хэмээн онцолжээ. Шиньжаан мужид үйлдвэрлэсэн хөвөн даавуун бүтээгдэхүүн болон улаан лоолийг импортлохын хориглох шийдвэр АНУ-ын хилийн бүх боомтод үйлчлэх гэнэ.

Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь иргэдийн албадан хөдөлмөрийг ашигласан гэгдэх Хятадын компаниудад хориг тавьж, хөвөн даавуу үйлдвэрлэгч томоохон компани болох Xinjiang Production and Construction Corp компанийн бүтээгдэхүүний импортыг хориглосон билээ. АНУ-д БНХАУ-аас орж ирж буй хөвөн даавууны 85 хувь нь Шиньжаан мужид үйлдвэрлэгдсэн байдаг тухай Гааль болон Хил хамгаалах албаны комиссарын туслах Бренда Смит онцолжээ. Дэлхийн хэд хэдэн улс орнууд уйгурчуудыг хавчин дарамтлаж, хүчээр хорьж байгаа явдлыг буруушааж буйгаа илэрхийлсэн ба зарим улс орнууд Бээжингийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг бусад улс орнуудаас шаардаж байна.

Их Британийн зүгээс Хятадын Шиньжаан мужтай холбоотойгоо нуун дарагдуулсан компаниудыг торгох шийдвэр гаргасан ба Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Раабын онцолсноор уг шийдвэр нь Их Британийн компаниуд Шиньжаан дахь хүний эрхийг зөрчиж буй явдалтай холбогдож, үүнээс ямар нэг байдлаар ашиг олохоос сэргийлэх зорилготой аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.