
Өвчилсөн үедээ өөрийн ёс зүй, сэтгэл зүйдээ сайтар анхаарах хэрэгтэй юм.
Өвчин бол зовлон. Танд учирч байгаа зовлонгийн үндэс нь өөрийн тань бие, хэл, сэтгэлийн буруу, муу үйл байдаг. Тиймээс өвчтэй үедээ хэрүүл, хов яриа, уур уцаар гэх мэт буруу, муу бодол, муу үг яриа, үйлдэл хийхгүй цээрлэх хэрэгтэй.
Нэгэнт өөрт тусаж үүссэн өвчин өөрийн тань бие, сэтгэлийн дархлаа, өвчний өвөрмөц байдал, жам ёсны явц зэргээс шалтгаалаад тодорхой хугацаанд биеийн өвчилсөн хэсэгт өвдөх, халуурах, дотор муухайрах, дуршилгүй болох, бие суларч хүч чадалгүй болох, ядрах зэрэг хүнд, хөнгөн янз бүрийн зовиур шаналгаатай байна. Энэ үед айж сандарч, гутарч гуних нь өвчний явцыг улам бүр хүндрүүлнэ. Тиймээс өвчний зовиур шаналгааг хүлээн авах тэвчээр, өвчний байдлыг ойлгох ухаарал хэрэгтэй.
Бас эм эмчилгээг цаг тухайд нь хэрэглэх хариуцлага, өвчнөө бүрэн эдгэртэл эм эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх хичээл зүтгэл хэрэгтэй. Эмчилгээний явцад өвчнийг хүндрүүлэх, эм эмчилгээний чадлыг сарниулж, бууруулахаас сэргийлж идээ унд, явдал мөрийн дэглэмээ сайтар сахих зөв төлөвшил, сахилга баттай байх нь чухал.Өөрийн бие хаа, хувцас хунар, ор хөнжлийн хэрэгслээ хир буртаггүй, гэр орон ойр орчноо цэвэр ариун байлгах хэрэгтэй.
Аль болох өөдрөг гэгээтэй зүйл бодож, хэлж ярих, ярианы өнгө дуу хоолойгоо энгийн тод, магнай тэнүүн, зовхи нь өөдөө, нуруу цэх, цээж уужуу, алхаа цэгцтэй, царайны өнгөө өөдрөг тэнүүн, мишэлзэнгүй сайхан царай, дүр төрхтэй байлгахад анхаараарай.
Бие нь өвдсөн ч сэтгэлийн цог золбоо, хүч чадал хийморио доройтуулж алдалгүй бариад байвал өвдөлт шаналгааг хөнгөн туулахад, өвчин илааршихад чухал нөлөөтэй.
Ганбаатарын Одонцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.