Европын нийтийн тээвэр

Twitter Print
2019 оны 02-р сар 12-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Аялагч З.Манлайгийн Европын зарим хотуудаар аялахдаа нийтийн тээврийн тухай тэмдэглэл бичснийг уншигчддаа хүргэе.

Европын зарим хот дотор аялахдаа зардал хямдаар нь автобус, метро, галт тэргээр л гол төлөв зорчиж байв. Хооронд нь жишиж, Улаанбаатарынхаа унаатай харьцуулж л явлаа. 

Тухайн улсын хөгжлийн түвшин нийтийн тээврээс нь шууд харагдана. Баруун, хойд европ тал руугаа унаа тэрэгний тохь тух, зам, буудлын тохижилт дээд зэрэг. Харин зүүн тийшлэх тусам чанарын ялгаа бага багаар мэдрэгдэж эхэлнэ. Будапештийн автобус, метро эхэндээ гайгүй санагдаж байсан боловч харьцуулаад ирэхээр баруун европынхоос нэлээн хэдэн үе хоцорсон ажээ. Метро нь дуу чимээ ихтэй, галт тэрэг, автобус нь нэлээд хуучирчээ. Прагийнх хажууд нь нэг хоёр үеийн урд яваа аж. Мэдэгдэхүйц ялгаа байна. Харин Вена, Стокгольм, Берлиний нийтийн тээвэр бүр урд явна. Парисынх бас гайгүй, гэхдээ буудлууд нь олны хөлд дарагдаад ч тэр үү жаахан бохир санагдсан.

Томоохон хотын төвийн замын ачааллыг бууруулахад хамгийн чухал үүргийг газар доогуурх метро гүйцэтгэнэ. Аялж яваа хүнд газар доогуур яваад байх нь төдийлөн сонин биш. Өө хайдаг хүнд бол метроны нэг сул тал энэ л байх. Шуурхай, элдэв сааталгүй, халуун, хүйтэн, салхи, бороотойд унаа хүлээхийн зовлон мэдрэхгүй, хорт утаа ялгаруулахгүй гэх мэт давуу тал маш их. 

Мэдээжээр, хүн ам цөөтэй жижиг хот бол метроны сүлжээ энгийн, харин том хот бол нүсэр, төвөгтэй. Хүн ам цөөтэй, төвлөрөл багатай Братислав хот жишээ нь метрогүй, тиймээс трамвай, автобус дагнаж үйлчилнэ. Хелсинк метротой боловч төгсгөл рүүгээ салаалсан нэг л шугамтай. Прага, Будапештийн метро гурван шугамтай. Будапештийн метроны гурван шугам бүгд нэг буудал дээр огтлолцдог бол Прагийнх хоёр хоёроороо гурван өөр буудал дээр огтлолцоно. Метроны эцэс, эсвэл томоохон буудлуудаас бусад хот, дагуул тосгод руу явах галт тэрэгний шугам эхэлнэ. Стокгольмын метро бас гурван үндсэн шугамтай, гэхдээ хавьгүй том, шугам бүр нь хоёр гурав салаалсан, маш олон буудалтай.

Олон дүүрэгтэй Парис, Берлиний метро бол нэлээд нүсэр. Жишээ нь, Парисын төвийн метро Бээжин, Москвагийн метроноос арай бага боловч хотын захын дүүргүүдийг төвтэй холбосон галт тэрэгний шугам (RER), хот хоорондын хурдан галт тэрэгний шугамтай огтлолцохоороо ойлгоход бэрх сүлжээ үүсгэнэ. Хотын төвийн томоохон өртөөнүүд гурав дөрвөн давхар замтай, бас давхар бүрд хэд хэдэн шугам огтлолцоно. Захын дүүргүүдийг холбосон галт тэрэгний шугамнууд нь төгсгөл рүүгээ хоёр гурав салах ба зарим галт тэрэг эцсийн буудалдаа хүрэлгүй завсрын буудлаас буцах хуваарьтай. Иймээс хуваарийг нь анхааралтай уншиж судлах хэрэгтэй.

Буудлууд дээр автобус унааны ирэх цагийг, зогсох газруудтай нь дэлгэрэнгүй танилцуулсан самбар байна. Нийтийн тээврийн цагийн хуваарь хатуу мөрдөгдөнө. Нийтийн тээврийн газрууд вэб хуудас дээрээ бүх чиглэлийнхээ цагийн хуваарийг дэлгэрэнгүй бичиж оруулсан тул хүмүүс гэрээсээ, ажлаасаа гарах цагаа тэр хуваарьт тааруулах боломжтой. Ялангуяа том хотод, бужигнаж гүйлдсэн бөөн хүн, сүлжилдсэн галт тэргэн дундаас зүг чигээ зөв олоход самбар, дэлгэцүүд дээрх мэдээлэл тусална. Бүх мэдээлэл тодорхой, бүх унаа нь тогтсон цагаараа явдаг болохоор зорчигчдод санаа зовж бухимдах шалтгаан байхгүй, төлөвлөсөн ажил төрөлд унаанаас болж саад тохиолдохгүй.

Европын хотуудад замын бөглөрөл ер нь харсангүй. Ихэнх хотод замын нэгдүгээр эгнээг автобусанд зориулж чөлөөлсөн байна. Энэ бүхэн нийтийн унаа саатахгүй байх гол нөхцөл болно. Хүнээ дээдэлсэн бодлогын илрэлийг энэ мэт олон зүйлээс харж болно. Зүүн европ тал руугаа унаа нь хуучин, тохь арай муутай болно. Гэхдээ буух буудлаа зарлаж, доторх дэлгэц дээр сануулах гэх мэт наад захын үйлчилгээ заавал байна. Буудалгүй газар зогсох, буудал дээрээ хүн авах гэж удаан зогсох, автобуснууд бие биенийхээ урд орж зам хаах, жолооч нь тамхи татах гэх мэт “хэвийн асуудал” европод алга. Сүүлийн үеийн автобусыг зогсохдоо буудал тал руугаа намсаж өгдөг байхаар үйлдвэрлэдэг болжээ. Жолооч нь мөнгөө хураагаад явчихдаг болохоор нэг унаанд өөр хүн ажиллуулах шаардлагагүй. Энэ бүхэн нийтийн тээврийн салбарын бүтээмжийг өсгөнө.

Хот хооронд явдаг автобус илүү тухтай. Хурдны зам нь донсолгоо мушгиагүй болохоор цай кофе, ойр зуурын хоол ундаар үйлчлэх боломжтой, дотроо бие засах кабинтай, утасгүй интернет, радио телевизтэй. Гэхдээ арай илүү үнэ төлөөд галт тэргээр аялбал жинхэнэ тав тухыг мэдэрнэ. Европын орнууд газар нутаг багатай учраас хоорондоо ойрхон, хэдхэн цаг давхиад л нөгөө улсын нутаг руу орно. Хил гаалийн шалгалт бараг байхгүй. Гэхдээ Чехээс Герман орох замд автобусыг цагдаа зогсоож зорчигчдын бичиг баримт, виз шалгадаг юм байна. Нэг удаа визний зөрчилтэй нэг вьетнамыг баривчлан буулгахтай таарсан.

Европын хот хоорондын хурдны зам чанартай, замын тэмдэг, тэмдэглэгээ сайтай. Урьд нь төв европын зам сайхан толигор зам шиг санагддаг байлаа. Гэтэл Берлинээс буцах үед Чехийн нутагт оронгуут л замын жижиг донсолгоо мэдрэгдэж байх юм. Герман чанар ч үнэхээр өөр ажээ. Дэлхийн улсуудын замын чанарыг харьцуулсан нэг судалгаанаас ч үүнийг харж болно. 130-аад орноос баруун европын орнууд бүгд урдуур, төв европынх дундуур, тэгээд зүүн европын Украйн Молдав, Румын гээд ирэхээрээ нэлээн хойгуур оржээ. Харамсалтай нь Монгол маань Афганистан гэх мэт хоёр гурван улсын хамт сүүл мушгиж харагдсан.

Хот доторх нийтийн тээврийн тасалбар нь 1 удаагийнх, 1 хоногийнх,  долоо хоногийнх, сарынх, оюутны, өндөр настны гэх мэт олон сонголттой байна. Тасалбарыг ихэвчлэн автомат машинаас зоосоор буюу банкны картаар худалдаж авна. Будапешт, Прагад 1 өдрийн тасалбар 3-4 евро орчим байхад Берлинд 6 евро гаран үнэтэй. Парист хотын 5 бүсийн хоорондох үнэ тариф өөр өөр.  5-р бүсээс төв рүү орж гарах өдрийн тасалбар 20 орчим евро. Харьцангуй үнэтэй боловч таксигаар нэг талдаа дор хаяж 80 евро төлснөөс хямд тусна.

Ихэнх хотод тасалбар төдийлөн шалгадаггүй аж. Парис, Стокгольмд метро, галт тэрэг рүү ороход автомат хянагчид тасалбараа уншуулж буудал руу нэвтэрдэг бол Будапештэд метроны үүдэнд шалгагч нар зогсоод хянаж байдаг. Бусад хотод тийм шалгалт хяналт харагдахгүй байв. Ер нь метроноос бусад тээврийн хэрэгслүүд тасалбар шалгаж хянадаггүй юм байна. Хүмүүсийн ухамсарт найддаг бололтой. Гэхдээ үе үе гэнэтийн шалгалт хийдэг. Тэр нь харин нэлээн хатуу торгуультай байдаг аж. Манай оюутнууд Братиславын нийтийн тээврийн тасалбарын гэнэтийн шалгалтыг бараг л цэрэг цагдаагийн ажиллагаатай зүйрлэж хошигнодог.

Америкийн зарим муж шиг бүх хүн хувьдаа машинтай болох үед, эсвэл бүгдээрээ эрүүл мэнддээ анхаарч явган алхаж, дугуй унадаг болсон үед л нийтийн тээвэр хэрэгцээгүй болох байх. Тэр хүртэл, хотжилтын хамгийн чухал асуудлын нэг болох нийтийн тээврийн салбарт хийх зүйл монголчууд бидэнд их байна.

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.