МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарт яллах дүгнэлт үйлдсэн ч УЕПГ-аас хэрэгсэхгүй болгожээ

Twitter Print
2019 оны 12-р сар 27-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Н.Энхбаатар эрүүгийн хэрэгт шалгуулж байгаад өдгөө ажилдаа буцаж ороод байна. Түүнд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг нь прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон юм.

Уг нь Н.Энхбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад, НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн аж. Хэрэгт хяналт тавьсан прокурор нь ч Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр тогтоолоо батлаад байж.

Гэтэл УЕПГ-ын эрх бүхий албан тушаалтан уг хэргийг татан авч хянаад яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоолыг нь хүчингүйд тооцоод зогсохгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад туслах нь асан Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2018 оны долдугаар сарын 23-нд саатуулан шалгаж эхэлсэн юм. Түүнийг МИАТ компанийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоолын хамт авахдаа мөнгөө бэлнээр төлсөн. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан. Эдгээр хөрөнгөө худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байсан билээ.

Г.Равжаа

Өнөөдөр сонин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.