
ХБНГУ-ын Ангела Меркель Германы эрчүүд давамгайлсан улс төрийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй байгааг онцолж, эмэгтэйчүүдийг улс төр лүү орохыг уриалжээ. Тэрээр Зюддойче Цаятунг сонинд өгсөн ярилцлагадаа, "Бид одоог хүртэл эмэгтэйчүүдэд улс төрд орох хүсэл зорилго төрүүлж чадахгүй байна. Тийм учраас эмэгтэйчүүдийн өөрсддөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд илүү сайн ажиллах хэрэгтэй байна" хэмээн онцолжээ.
Ангела Меркелийн хувьд ХБНГУ-ын анхны эмэгтэй канцлер бөгөөд канцлерийн албан тушаалыг сүүлийн 16 жилийн турш хашиж байгаа билээ.
Европын хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын төрийн тэргүүний хувиар Ангела Меркель эмэгтэйчүүд аль ч салбарт манлайлж болохыг харуулж, үлгэр жишээ болсоор ирсэн юм.
2018 онд тэрээр өөрийн Христийн Ардчилсан намын гишүүдэд намынхаа эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүл эс бөгөөс тус нам Германы хамгийн том нам гэсэн статусаа алдах болно хэмээн анхааруулж байсан билээ.
67 настай Ангела Меркелийн албан тушаалын бүрэн эрхт хугацаа дуусч байгаа тэрээр ХБНГУ-ын эвслийн шинэ засгийн газар бүрдсэний дараагаар албан тушаалаасаа буух юм.
Зюддойче Цаятунг сонины сурвалжлагч түүнээс албан тушаалаасаа буусныхаа дараагаар алдарт хослолуудаасаа музейд өгөх үү гэж асуусанд тэрээр, "Би хувцсаа музейд өгдөггүй, хуучин хувцсаа хуучин хувцас авдаг цэгт өгдөг" гэжээ. Тэрээр албан тушаалаасаа буусныхаа дараагаар юу хийхээ хараахан төлөвлөөгүй байгаа ч А. Меркель өөрийгөө завгүй байлгах аргаа үргэлж олдог гэжээ.
Квантын химиэр доктор хамгаалсан А. Меркель цар тахлын үеэр авсан арга хэмжээнүүдийн талаар асуусан сурвалжлагчийн асуултанд эрдэмтний хувиар тэрээр яаралтай хөл хорио тогтоох хүсэлтэй байсан ч улс төрийн талаас боломж бүрдэх хүртэл хүлээх ёстой болсон гэжээ. Тэрээр, "Улс төрд шийдвэр гаргахын тулд олонхын санал хэрэгтэй байдаг." хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.