Грета Тунберг Time сэтгүүлийн 2019 оны онцлох хүнээр тодорчээ

Twitter Print
2019 оны 12-р сар 12-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнийг дэлхий даяар эхлүүлсэн Шведийн сурагч охин Грета Тунбергийг Time сэтгүүлээс 2019 оны онцлох хүнээр нэрлэжээ.

Time сэтгүүл 1927 оноос хойш жил бүр оны онцлох хүнийг тодруулсаар ирсэн ба 16 настай Грета Тунберг тус сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорсон хамгийн залуу хүн болж байгаа аж. Тэрээр өнгөрсөн жилээс эхлэн долоо хоногийн баасан гараг бүр хичээлээ таслан Шведийн парламентын ордны гадаа цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг шаардсан суулт хийж эхэлсэн нь дэлхий нийтэд #FridaysForFuture нэртэй хөдөлгөөн болон өргөжсөн билээ. Грета цаг уурын өөрчлөлтийн эсрэг хүчтэй тэмцэгч гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж, сая сая сурагчдыг дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд нэгтгэж чадсан юм.

Энэ оны эхээр Грета Тунбергийг Нобелийн энх тайвны шагналд хүртэл нэр дэвшүүлсэн билээ. Тэрээр өнгөрсөн 9-р сард АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Цаг уурын чуулга уулзалтын үеэр улстөрчдийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүй, залуусын ирээдүйг "хулгайлсан" хэмээн хатуу шүүмжилсэн юм. Харин Испанийн Мадрид хотод энэ сарын эхээр болсон НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын үеэр Грета улс орнуудын удирдагчдыг "ухаалаг PR" ашиглан цаг уурын өөрчлөлтийн эсрэг бодитой арга хэмжээ авахаас зайлсхийж байна хэмээн буруушааж, ирэх 10 жилд манай гарагийн ирээдүй тодорхойлогдоно гэдгийг онцолжээ.

Time сэтгүүлийн онцлох хүнээр тодорсон талаараа тэрээр өөрийн твиттер хуудаснаа, "Итгэж чадахгүй байна. Надад үзүүлсэн энэ том хүндлэлийг #FridaysForFuture хөдөлгөөнийхөн болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг бүх тэмцэгчидтэйгээ хуваалцаж байна" хэмээн бичжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.