Найруулагч Г.Бадамрагчаа нарыг эрүүдэн шүүсэн үү

Twitter Print
2014 оны 11-р сар 02-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

-Түүнд оноосон 10 жилийн ялын тавыг нь өршөөлөө-

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийг шүүх хаалттай хэлэлцжээ. Түүнийг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авсан гэм буруутайд тооцож, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байна. Ингээд жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Төрийн нууцтай холбоотой хэрэг учраас хэргийн доторх процессыг задлах боломжгүй. Албаныхан ч энэ талаар нууцалж буй юм. Д.Цогтбаатар өмнө нь төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон гэдэг боловч тус хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байжээ.

Шүүх хуралдаан Цагдан хорих 461 дүгээр ангид бүтэн өдөр үргэлжилжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр, Д.Цогтбаатартай хамт таван хүнийг шүүх танхимд оруулан шүүжээ. Тэд Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч Энхтөр, Чингүүн, Гансүх, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангийн төлөөлөгч Бат-Эрдэнэ, эрх зүйч Наранбаяр нар байсан тухай дуулдаж байна. Олны анхаарал татсан дээрх хэргээс мэдээлж болох хэсгийг хүргэе.

Интерполоор эрэн сурвалжилж буй М.Л.Клойберын хэрэг

Хууль хяналтынхан хурандаа Д.Цогтбаатарыг дөрвөн хэрэгт холбогдуулан шалгасан юм байна. Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах болон өмгөөлөгч нь хэвлэлийн бага хурал хийхдээ энэ талаар тодорхой дурсаагүй. Харин ч хэвлэлийнхнийг “чулуу хөөлгөж”, ингэснээрээ олны анхаарлыг өөры зүг хандуулахыг хүссэн бололтой. Үнэндээ Д.Цогтбаатарыг хууль, хяналтынхан шалгаад Эрүүгийн хуулийн 245.2 буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад саад учруулах, 251.1 буюу эрүү шүүлт тулгах, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх, 87.1 буюу төрийн нууц задруулсан гэх хэргүүдийг үйлдсэн гэж үзсэн байна.

Шүүх хурал дээр улсын яллагч дээрх дөрвөн зүйл ангиар ял сонсгох саналтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүх эдгээрээс хоёрыг нь хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад саад учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шалтгаанаар, эрүү шүүлт тулгасан гэх үйлдлийг нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгосон юм байна.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг шүүх 149.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилжээ. Ингээд Д.Цогтбаатарыг бусдын их хэмжээний эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцон таван жилийн ял оноож, ялыг нь 2009 онд баталсан Өршөөлийн хуульд хамруулжээ.

Бодвол, энэхүү хэрэг нь Интерполоор эрэн сурвалжилж байсан М.Л.Клойбертой холбоотой бололтой. М.Л.Клойбер хэмээх герман эр олон сая евро залилан оргон зайлах замдаа Монголд ирээд сураг тасарсан байдаг. Д.Цогтбаатар тухайн үед ТЕГ-т ажиллаж байсан бөгөөд хэргийг шалгах явцдаа М.Л.Клойберын хамтран амьдрагч Ё.Гантуяагийн банкны харилцах дансыг шалгасан гэдэг. Ингэхдээ түүнээс мөнгө авч залилсан тухай мэдээлэл цацагдсан. Дээрх үйлдэл нь ортой байсныг шүүхийн шийдвэр харуулж байгаа бололтой. Ийнхүү Д.Цогтбаатар төрийн нууц задруулсан хэрэгтэй хамт нийтдээ арван жилийн ял шийтгүүлж, Өршөөлийн хуулиар эдлэх ялаасаа таван жилийг хасуулж байна.

Найруулагч Г.Бадамрагчаа нарыг эрүүдэн шүүсэн үү

Харин шүүгдэгч Гансүх, Чингүүн, Бат-Эрдэнэ, Энхтөр нарын хувьд Д.Цогтбаатартай хамт бусдад эрүү шүүлт тулгасан гэх хэргээр удаан хугацаанд шалгагджээ. Шүүх тэдний үйлдлийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Бусдад эрүү шүүлт тулгасан гэх хэргийг найруулагч Г.Бадамрагчаа, өвөрлөгч О.Цэнгэл нарын гомдлоор үүсгэн шалгажээ. Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх хэргээр ТЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан кино найруулагч Г.Бадамрагча, О.Цэнгэл, Б.Батболд нарын таван хүнийг шалгасан.

Мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж явуулсан, заналхийлсэн, сүрдүүлсэн хэмээн Г.Бадамрагчаа Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандсан юм. Тус алба хэргийг шалгах явцдаа татан буугдсан тул хэргийг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгасан. Албаныхан шалгасан хэдий ч Г.Бадамрагчааг байцаах явцдаа эрүүдэн шүүсэн гэх нотлох баримт олж чадаагүй ажээ. Иймээс хардлага, гомдолд биш нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргах ёстой учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүхээс эрх зүйч Наранбаярыг Эрүүгийн хуулийн 254.1-т зааснаар худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцжээ. Ингээд нэг жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг нэг жилийн тэнсэн харгалзах ялаар сольсон байна.

 

Сэтгүүлч Г.Улсболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.