Монголчуудын үндсэн ажил

Twitter Print
2020 оны 05-р сар 20-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын үндсэн ажил, гол амин зуулга бол мал аж ахуй.

Малын тоо нь тэр хүний болон тухайн өрхийн хэр зэрэг баян болохыг илтгэн харуулна. Нүүдэлчин Монголчууд хонийг хамгийн ихээр, удаад нь адуу тэмээ үхрийг өсгөдөг. Харин ямааг хамгийн цөөн байлгадаг байжээ. Энэ нь мал сүргийнхээ бүтцийг бэлчээрийн өсөлттэй уялдуулж ирсэн нарийн ухаан юм. Халх монголчууд тэмээг, харин цахарууд адууг олноор үржүүлж, Алшад ямаа, Хөх нуурт үхэр сүрэг голлон өсгөхийг хичээдэг байсан байна. 

"Малын тоогоор халх монголчууд илүү чамбай амьдралтай" гэж оросын эрдэмтэн Позднеев тэмдэглэжээ. Монголчууд амаржсөн эхэд шинэ хонины шөл уулгаж тэнхрүүлдэг уламжлалтай. Шинээр гэр барьж байгаа айл болон сэвлэгээ үргээлгэж байгаа хүүхэд нялхаст зөвхөн халуун хошуутай мал бэлэглэдэг. Мал аж ахуйгаас сүү, мах зэрэг хүнс тэжээлээ авдаг бол малын арьс ширээр хувцас, эмээл нум сум хийж ахуй амьдралдаа хэрэглэж, малын ноосоор эсгий, хошлон буюу бүслүүр хийдэг. Үүний жишээ ХХ зууны эхэнд амьдарч байсан эмэгтэй хонь ноосолж зургийг та бүхэн харж байна.

1000 давсан малтай баян айл хэд хэдэн малчин хөлслөн ажлуулна. Харин тэдний мал аж ахуйд орон гэргүй ядуу хүмүүс туслаж, тэдний малчин болдог байжээ. Монголчууд зэрлэг адууг номхруулан унаж, ботгоо голсон ингийг уйлтал уяруулж чаддаг ард түмэн. Тэд малдаа хайртай, малаа дээдлэн, тэдний амь зуулгын эх сурвалж гэж үзнэ. Тиймээс сургах нас нь болоогүй, адуу тэмээнд хэзээ ч хүчээр эмээл тохож, унага ботго хурга зэрэг төл малаа ямар ч үнээр зардаггүй. 13-р зууны үед Монголчууд тэлээ хурга төхөөрч эрхэм зочдоо дайлдаг заншилтай байсан боловч хожмоо төл мал муулахыг цээртэйд тооцдог болсон байна. Үхэр тэмээ ямааг хүйтэн хошуутай гэж, харин хонь адууг халуун хошуутай мал гэж хүндэтгэн үзнэ.

Адуун сүргээ монголчууд эрхэмлэн, төрийн 7 эрдэнэдээ багтаадаг. Адуу бол өсөж төрсөн нутагтаа их дотносож дасдаг цор ганц адгуус юм. Иймээс адууг уугуул нутгаас нь өөр газар аваачсан тохиолдолд хэдэн жилийн дараа заавал нутаг руугаа буцаж гүйдэг. Монголчууд гүйж яваа адууг саатуулахыг чанд цээрлэдэг уламжлалтай байна. 1960-аад онд Вьетнам улсаас Монгол нутаг руугаа гүйсэн морь олон сарын дараа төрсөн нутагтаа ирсэн байдаг.

Малч удмын монголчууд морьноос гадна хоточ, анчин сайн нохдоо бараг л ам бүлийнхээ нэг гишүүн гэж үзэн, цадтал нь хооллож, ноос ноолуураас нь салган өгч, шарх сорвийг нь эдгээж, ихэд халамжилсаар иржээ.

Түүхийн ухааны доктор О.Батсайхан

Эх сурвалж: "Монголчууд XX зууны эхэнд" ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.