Чуулганы тойм

Twitter Print
2014 оны 11-р сар 01-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2014.10.31.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан.

Ерөнхий сайд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан. Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,201.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,690.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.4 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 489.8 тэрбм төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус баталсан.

Гэвч энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болоод байгаа тухай танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсвийн байнгын хорооны дарга болон салбарын  дэд сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан саналаа хэлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооноос дэмжлэг аваагүй “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүд мөн олонхийн дэмжлэг авч чадаагүй тул хууль санаачлагчид нь буцаалаа.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай болон Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Хууль санаачлагчдын илтгэл, Төсвийн байнгын хорооны, санал дүгнэлтийг танилцуулж дуусахад хуралдаанд оролцсон гишүүд тухайн хуулиудын төслийг санал нэгтэй дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Түүнчлэн, Засгийн газраас иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөхөөр холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар  өргөн мэдүүлсэн “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Төсвийн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэхээр тогтсон.

Дараа нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж саналаа хэлэх явцад байнгын хорооны зүгээс С.Баярцогт гишүүний, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталья гэсэн горимын саналуудыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай хэлж байв. Ийнхүү түүний дэмжигдсэн саналаар санал хураахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслүүдийг баталсан юм.

Бусад дагалдан орж ирсэн хуулийн төслийн тухайд “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд”-ийн анхны хэлэлцүүлгийг хийж мөн гишүүд  дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Харин “Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэх болоход гишүүд байнгын хорооноос оруулж ирсэн санал болох “хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй” гэсэн зарчмын зөрүүтэй саналтай нэгдэж төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Энэ үеэр хурал даргалагчийн зүгээс шийдвэр гаргаж гишүүдийн дэмжсэн Төсвийн хуулийг дагуулан оруулж ирсэн дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхийг Төсвийн байнгын хороонд үүрэг болгосноор нэгдсэн хуралдаан түр завсарлав.

Төсвийн байнгын хорооны хуралдаан

Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур хуралдсан тус байнгын хорооны хуралдаанаар “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүдэд зохих өөрчлөлтийг нэмж оруулсантайгаар холбоотойгоор анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй болсон тул ийнхүү эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуралдаанаар гишүүд дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт оруулахад ямар нэгэн саналгүй болохыг мэдэгдэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин нэгдсэн хуралдаанд эцсийн хэлэлцүүлэг хийлгэхээр тогтсон.

Чуулганы нэгдсэн хуралдаан

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хорооны “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-үүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг сонсч, санал хураан баталснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.