Монголчуудын цээрлэх ёсноос

Twitter Print
2018 оны 02-р сар 12-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Газар усны цээр

-Буга намнахаас цэрвэнэ. Лусын унаа тул лусыг явгалчихвий гэдэг.

-Шулуун сухай авдаггүй/шулам биелэнэ/ 

-Сонгинын хальс шатаадаггүй /нүд сохрох/ малын нүд өвдөх.

-Шувууны өд галд хийдэггүй.

-Өнчин дэрснээс тойрдог. /муу юм шүгэлсэн гэдэг/

-Сонгино ухаж/гараар/ авдаггүй. /Ганц хуруудна, үлд гаргана/ 

-Удган модны сүүдэрт суудаггүй. /өвчин олно/

-Өнчин ганц модны ойр байхыг цэрвэнэ. /аянга буудаг/

-Буцламгай халуун ус, галтай үнсийг газарт асгахыг цээрлэнэ. Гэмгүй хорхой шавьж, ургамал амьтныг хөнөөн нүгэл хураана гэдэг.

-Газар гадас шааж орхих цээртэй. Өргөс орхисон адил.

-Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Хог хаягдлыг оромгүй болгон цэвэрлэж нүүнэ. Газар нутгийн сахиулсан хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэдэг.

-Буурин дээрээ яс, үс үлдээхийг цээрлэнэ. Мал сүрэг хорогдоно, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.

-Буцан нүүдэллэж буй шувуу, тогорууг хуруугаар заах, тоолохыг цээрлэнэ. Тоолбоос аян замдаа барцадтай тоолсон хүнд өлзий бус болно.

-Борооны усыг алгаар тосохыг цээрлэнэ. Үл цээрлэвээс тэнгэр задраана, бороо ихдэж, усны аюул болно.

-Зулзага, үр төлөө дагуулсан ан амьтанг агнахыг цээрлэнэ. Агнаваас эх үрс хагацах.

-Зулзган модыг огтлох, гэмтээх, булгалахыг цээрлэнэ. Уул, ой тайгын сахиулсан хилэгнэнэ гэнэ.

-Онгон /ганц/ модыг огтлох, гэмтээхийг цээрлэнэ. Зөрчвөөс гай гамшиг дайрна, савдаг хилэгнэн гэм тавина гэнэ.

-Өндгөө дарсан шувууг үргээх, цочоохыг цээрлэнэ. Зөрчвөөс нүгэл хураана, шувууны хараал хүрнэ гэнэ.

-Зэрлэг сонгиныг үр нь боловсроогүй үед үндэстэй нь сугалах, хаана байгаа газраас нь дур мэдэн түүхийг цээрлэнэ. Үндэстэй нь сугалваас үржиж төлжихгүй.

-Мангис /дорго/ алахыг цээрлэнэ. Алваас хараал хийнэ, хараал нь хүрнэ гэнэ.

-Харцага шонхор, бүргэд мэтээс дутаасан бялзуухайг гэрт орж ирэхийг цээрлэнэ. Хэрэв ороод ирвэл гай чирлээ, дагууллаа хэмээн сэжиглэнэ.

-Харганаар ширвүүл хийхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өв хөрөнгөө ширвэж барахын ёр гэнэ.

-Мод тарих, бургасаар хашаа хороо барихдаа гол толгой мөчрийг мухарлан огтлохыг цээрлэнэ. Огтолвоос толгойг нь хяргаснаас өөрцгүй гэх буюу мод, бургас ховордоно гэнэ.

-Хөлдүү газар, хүйтэн чулуун дээр удаан суухыг цээрлэнэ. Шамбарамтай болно гэдэг.

-Хаврын гурван сард хээр хөдөө гал алдахыг сэрэмжлэн цээрлэнэ. Зөрчвөөс хангай дэлхийг түймэрт идүүлнэ гэнэ.

-Хавар гол мөрөн цөн түрэх үес мөсөн дээгүүр нь хайхрамжгүй явахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс осолдоно гэнэ.

-Хавар гол, мөрний эрэгт ойр хаваржаанд буухыг цээрлэнэ, Учир нь усны үерээс сэрэмжилж буй хэрэг.

-Хавар холын аян замд, эс бөгөөс мал эрэхээр одогсод хөнгөн нимгэн хувцаслан явахыг цээрлэнэ. "Хаврын тэнгэр хартай" гэхийн учир тийнхүү хориглоно.

-Тул загасыг дур зоргоороо гогдох, хөнөөхийг цээрлэнэ. Зөрчвөөс лус хилэгнэнэ, нас охор болно гэнэ.

-Монголчууд загасыг урт настай амьтан, лусын сүрэг гэх тул дураараа алах, идэхийг цээрлэдэг байжээ.

-Тогоруу алахыг цээрлэнэ. Алваас нас богино болно. Тогоруу шувуу ган дөрөөг сэтэртэл хараадаг хэмээн ихэд цээрлэдэг. Чухамдаа амьтныг хайрлахын учир хөнөөхийг цээрлэдэг болой.

-Түлээ түлш бэлтгэхдээ залуу, зулзган мод, иш мөчир гоолиг сайхныг нь огтлохыг цээрлэнэ.