“Шинчонжи” сүмийн үндэслэгч өвдөг сөгдөн уучлалт хүслээ

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Сөүл хотын эрх баригчид өнгөрсөн ням гарагт “Шинчонжи сүм” шашны бүлэглэлийн 12 удирдагчийг хүний аминд хүрсэн, бусдад хор хөнөөл учруулсан, халдварт өвчний тархалтад хяналт тавих хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж, тэдний эсрэг прокурорын газар гомдол мэдүүлсэн юм.

Тэгвэл үүний дараа тус сүмийг үндэслэгч Ли Ман Хи хэвлэлийн хурал зарлаж, Өмнөд Солонгосын ард иргэдээс өвдөг сөгдөн уучлалт гуйсан байна. Эдүгээ 89 настай тэрбээр “Би өөрийн зүгээс болон сүмийнхээ нийт гишүүдийн өмнөөс хүлцэл өчиж байна. Мэдээж энэ бүхэн санаатай үйлдэл байгаагүй. Ийм олон хүнд халдвар тархана ч гэж төсөөлөөгүй. Бид маш их хичээсэн ч урьдчилан сэргийлж чадсангүй. Засгийн газар халдварт өвчний тархалтын эсрэг маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархаж байгаа. Цаашид халдварын цар хүрээг бууруулахын төлөө эрх баригчидтай хамтран ажиллаж, хүн хүч болон эд материалын дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

БНСУ-д коронавирусний халдварын дэгдэлт Дэгү хотоос эхэлсэн юм. Энэ хотод тус шашны бүлэглэлийг дагагчид шашны зан үйл хийх үеэрээ бие биедээ коронавирусын халдвар  тарааж, удалгүй вирус орон даяар тархаж эхэлсэн байна. Солонгос улсад 4212 хүн халдвараар өвчилж, 26 хүн нас барсан байна. Өнөөдөр гаргасан статистик судалгаанаас харахад нийт халдвар авсан хүмүүсийн 62 хувь нь эмэгтэйчүүд, 38 хувь нь эрэгтэйчүүд. 

Харин насаар авч үзвэл, 0-5 насны хүүхэд 32, 10-19 насны 169 хүүхэд, 20-25 насны залуус 1235 байгаа аж. Эдгээрийн ихэнх нь сүмийн дуучин сайн дурын туслах ажилчин мөн оюутан, цэргийн албанд явсан залуус байна.

Г.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.