
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томилсон. Ажлаа аваад удаагүй байгаа тэрбээр ил тод байдал, хүнд суртлыг халах зорилгоор өрөөнийхөө гадна өөрийг нь юу хийж байгааг иргэдэд харуулах дэлгэц байрлуулахаар болжээ.
Ингэснээр ШӨХТГ-ын даргатай уулзахаар ирсэн хүн түүнийг уулзалттай байгаа эсэхийг дэлгэцээр харж, хянах боломжтой болж байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Дарга нарын үүдэнд удаан хүлээж сууж үзсэн үү. Зарим дарга яагаад хүмүүсийг ялгаварлаж дууддаг вэ. Яагаад гэвэл зарим нь дотроосоо хараад сууж байдаг. Энэ байдлыг хална. Харин эсрэгээрээ үйлчлүүлэгч, иргэд дарга нарыг юу хийж суугааг хардаг болгох ажлыг эхлүүлэх санаатай байна. Өөрийнхөө өрөөнөөс эхлэе. Маргаашнаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргатай уулзахаар ирсэн хүн дарга юу хийж суугаа, үнэхээр ажилтай, уулзалттай, хуралтай байгаа эсэхийг шууд хянана. Энэ нь ил тод байдал, авлига, хүнд сурталыг халах нэг алхам болоосой гэж хүсэж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Түүний хувьд энэ сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээний байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн. Ингэхдээ “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн анхааруулга тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг дурдан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхийг зөвлөсөн юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.