НМХГ-ынхан худал мэдээлэл өгсөн буруугаа бусдад тохлоо

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл өгвөл итгэх хүн гарахгүй  болов бололтой. Учир нь дэд дарга М.Баасандорж нь “худал” мэдээллийг олон нийтэд өгсөн учир МХЕГ-ын удирдлагууд түүнд сахилгын арга хэмжээ авахаар болоод байгаа юм. Ер нь цаашлаад мэргэжлийн хяналтынхны өгсөн мэдээллийг үнэн, худлыг нь шалгаж байх хэрэгтэй болов. Дотоодын томоохон үйлдвэрүүд хорт хавдар, ургийн гаж хөгжил, багтраа өвчин үүсгэдэг будагч бодисыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа тухай ноцтой мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан олон нийтэд өгснөөрөө асуудалд ороод байна. Тодорхой хэлбэл, ерөнхий газраасаа, Д.Батмөнх даргаасаа зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн нууцыг задалсан учраас.

Бялуу, сүүн бүтээгдэхүүн, мах, гурилан бүтээгдэхүүний томоохон үйлдвэрүүд ОХУ, АНУ-д хориглодог хүнсний нэмэлт бодис хэрэглэдэг гэсэн мэдээллийг илүү нарийвчлахыг олон нийт шаардсан. Тодруулбал, яг ямар үйлдвэр ямар бүтээгдэхүүндээ тийм бодис хэрэглэж байгааг хэлэхийг хүссэн. Тэгж шаардах ч эрхтэй. Харамсалтай нь мэргэжлийн хяналтынхан зүрхэлсэнгүй. Томоохон үйлдвэрүүдийн нэр төрийг хамгаалах гэсэндээ өөрсдөө шаварт уначихаад байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт олон хүн энэ асуудлаар хандсан байдаг. Тиймээс О.Магнай дарга МХЕГ-т хандаж, үйлдвэрүүдийн нэрийг ил болгохыг шаардав. Хариуд нь тэд өөрсдийн байцаагчдыг худал мэдээлэл тараасан хэрэгт унагалаа. Саяхан МХЕГ-аас О.Магнай даргад ийм хариу ирүүлжээ.

Тус албан бичигт бичсэнээр сахилгын шийтгэл хүртэх ёстой М.Баасандорж дарга ээлжийн амралттай байгаа тул шийтгэж чадахгүй байгаагаа учирлаж. Албан бичигт “НМХГ-ын дэд дарга М.Баасандорж нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дотоодын үйлдвэрлэгч зарим аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангаагүй тухай ташаа мэдээлэл өгснөөс болж Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг үндэслэн сахилгын арга хэмжээ авах саналыг НМХГ-аас манайд ирүүлсэн болно.

М.Баасандорж нь 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын дагуу албан хаагчид сахилгын арга хэмжээ ногдуулахдаа зөрчлийг шалгаж тогтоосон баримтыг урьдчилан танилцуулсан байна гэж заасан тул сахилгын арга хэмжээ авах боломжгүй байна. Иймд М.Баасандоржид арга хэмжээ тооцсоны дараа эргэн мэдэгдэх болно” гэжээ. Иймэрхүү л инээдтэй үйл явдал хяналтын байгууллагуудын хооронд өрнөж байна.

Мэргэжлийн хяналтынхан дээрх албан бичгээр О.Магнай даргыг аргалчих санаатай байгаа бололтой. Үнэхээр ард иргэдийн эрүүл мэндтэй холбоотой тийм ноцтой мэдээллийг олон нийтэд худал мэдээлсэн бол сахилгын шийтгэл байтугайг авах ёстой биш гэж үү. Эсвэл ШӨХТГ-ын албан шаардлагын хариуг ийнхүү эвтэйхэн өгчихөв үү. Тэгвэл О.Магнай дарга аа, хийсэн мэдээлэлдээ хариуцлага хүлээж, томоохон үйлдвэрүүд хорт хавдар үүсгэдэг нэмэлт бодис ашигладаггүй гэдгийг нь нотлуулах хэрэгтэй юм биш үү мэргэжлийн хяналтынхнаар. Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг нэг дарга нь гарч ирж олон нийтийг сандраагаад л, араас нь нөгөө дарга нь гарч ирээд худлаа гэж тоглоод  байж болдог газар юм уу.

Өчигдөр НМХГ-ынхан энэ асуудлын бурууг хэвлэл мэдээллийнхэнд  тохсон байна билээ. Стандарттай холбоотой мэдээлэл өгч байхад дэвэргэн бичлээ гэж нэртэй устай нь загнав. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард НМХГ-ынхан ямар үг үсэгтэй мэдээлэл өгснийг хэвлэлийн хуудаснаас төвөггүй харж болно. Төрийн байгууллагууд, тэр дундаа иргэдэд үйлчлэх учиртай хяналтын байгууллагын тоглоом шоглоом хэрээс хэтэрч байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.