Ирэх сард гарах Оросын вакцин эргэлзээ төрүүлж байна

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын холбогдох албан тушаалтнууд СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа Москвад байрлах Н. Ф. Гамалеягийн нэрэмжит институтэд бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг 8-р сарын 10 гэхэд эхний ээлжид эрүүл мэндийн ажилчдад хийж эхлэх талаар мэдэгджээ. 

Үүнтэй холбоотойгоор олон улсын мэргэжилтнүүд ОХУ-ын бүтээж буй вакцины аюулгүй байдал, үр нөлөө зэрэгт эргэлзэж буйгаа илэрхийлсээр байгаа аж. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев оросууд коронавирусын эсрэг вакциныг бусад улс орнуудаас түрүүлж гаргаж буй явдлыг 1957 онд ЗХУ сансарт анх Спутник хиймэл дагуулыг хөөргөсөн үйл явдалтай зүйрлэжээ. Тэрээр, "Сансраас Спутник хиймэл дагуулын дохио ирсэн явдал америкчуудын хувьд гэнэтийн зүйл болсон. Коронавирусын эсрэг вакцин дээр ч мөн адил оросууд түрүүллээ." гэжээ.

Гэсэн хэдий ч ОХУ-ын зүгээс бүтээж буй вакциныхаа туршилтын тухай судалгаа шинжилгээний мэдээллээ одоог хүртэл ил болгоогүй нь тухайн вакцины аюулгүй байдалд эргэлзэхэд хүргээд байна. Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар коронавирусын вакцин бүтээх ажил ОХУ-ыг дэлхийд шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч мэтээр харуулах гэсэн Кремлийн шахалт дор явагдаж байгаа аж. Түүнээс гадна Оросын бүтээсэн вакциныг хүмүүс дээр турших үйл явц дутуу дулимаг явагдсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхий даяар коронавирусын эсрэг вакцин бүтээх хэдэн 10 төсөл явагдаж байгаа ба тэдгээрийн цөөн хэд нь туршилтынхаа 3-р үе шатанд яваа бол ОХУ-ын вакцины туршилт 2-р үе шатаа ч дуусах болоогүй байгаа аж. 

Оросын эрдэмтэд вакцины туршилтын 2-р үе шатыг 8-р сарын 3 гэхэд дуусгаж, 3-р үе шатыг эрүүл мэндийн ажилчдыг тус вакцинд хамруулах ажилтай зэрэг явуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгджээ. Боловсруулж буй коронавирусын эсрэг вакцин нь ийм богино хугацаанд бэлэн болсон явдлыг ОХУ-ын зүгээс коронавирусын эсрэг вакциныг Эбола болон MERS өвчний эсрэг вакцинаас гаргаж авсантай холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэгвэл ДЭМБ-аас MERS өвчний эсрэг вакцин одоог хүртэл гараагүй болохыг онцолжээ. Америкийн засгийн газраас дэмжлэг аваад буй Moderna компани өмнө нь MERS өвчний эсрэг боловсруулж байсан вакцин дээрээ тулгуурлан коронавирусын эсрэг вакцин бүтээж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч АНУ болон Европын эрх баригчид вакцины аюулгүй байдал, үр нөлөөг батлахад шаардлагатай судалгаа шинжилгээ, туршилтуудыг бүрэн гүйцэт хийхийг шаардаж байгаа ба ОХУ-аас бусад улс орнууд вакцин бэлэн болоход нилээд хугацаа шаардагдана гэдгийг онцолсоор байгаа билээ. 

ДЭМБ-аас ч мөн адил коронавирусын эсрэг вакцин бэлэн хамгийн наад хугацаа нь ирэх жилийн эхэнд байх болно хэмээн мэдэгдсэн юм. Оросын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр коронавирусын эсрэг вакцины туршилтанд цэргийн албан хаагчид сайн дураараа оролцсон ба Н. Ф. Гамалеягийн нэрэмжит институтийн захирал Александр Гинцбург коронавирусын эсрэг вакциныг өөртөө тариулсан гэдгээ ч мэдэгдсэн юм. ОХУ-аас коронавирусын эсрэг вакцины туршилттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сард нийтэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Харин ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирусын эсрэг вакцин бэлэн болсон тохиолдолд хамгийн түрүүнд эмч, эмнэлгийн ажилчид уг вакцинд хамрагдана гэдгийг онцолсон юм. Энэ сарын эхэнд АНУ, Канад болон Их Британийн эрх баригчид оросын хакерууд коронавирусын эсрэг вакцин бүтээж буй лабораториудын серверт хулгайгаар нэвтэрч, вакцины тухай мэдээллийг хулгайлах гэж оролдсон тухай мэдээлсэн билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.