АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э. Блинкен Бээжинд айлчилж байна

Twitter Print
2023 оны 06-р сар 19-нд 07:42 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений БНХАУ-д хийх анхны айлчлал энэ ням гарагт эхэлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин нар өнгөрсөн оны сүүлээр Индонезийн Бали арал дээр хийсэн уулзалтынхаа дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э. Блинкен 2023 оны 2-р сард Хятадад айлчилна хэмээн зарласан ч өнгөрсөн Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотойгоор түүний айлчлал хойшлогдсон билээ.

Э. Блинкений хувьд Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд сууснаас хойш Хятадад айлчилсан Америкийн төрийн хамгийн том албан тушаалтан болж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн дэд туслах, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн харилцааг хариуцсан зохицуулагч Курт Кэмпбэлл хэвлэлийн бага хурлын үеэр талууд уулзаж ярилцах нь хоёр улсын хооронд зөрчилдөөн үүсэх эрсдлийг бууруулж өгнө гэдгийг онцолжээ.

Айлчлалын үеэр Э. Блинкен Хятадын гадаад харилцааны салбарын томоохон албан тушаалтнуудтай уулзана гэж яригдаж байгаа ч тэрээр Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзах эсэх нь тодорхойгүй байна.

Хятадын төрийн дээд албан тушаалтнуудтай хийх уулзалтынхаа үеэр Э. Блинкен фентанилын хямрал, Тайвань, Тайванийн хоолой дахь асуудал, Украинд болж буй дайн, БНХАУ-д хоригдож буй Кай Ли, Марк Суидан, Дэвид Лин зэрэг АНУ-ын иргэдийн асуудлыг тус тус хөндөхөөр төлөвлөжээ.

Айлчлалынхаа өмнө өнгөрсөн баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Э. Блинкен уг айлчлалаараа "цаашид ямар нэг үл ойлголцолгүйгээр харилцахын тулд хоёр улсын засгийн газрын дээд төвшинд тогтмол, тогтвортой харилцааны шугам бий болгох"-ыг зорьж байгаагаа онцолсон байна.

Ж. Байдений хувьд АНУ-ын Ерөнхийлөгч болсныхоо дараа өмнөх төрийн тэргүүн Доналд Трампын Бээжингийн эсрэг тогтоосон худалдааны арга хэмжээнүүд тэр дундаа Хятадын импортын бараа бүтээгдэхүүнүүдэд тогтоосон олон тэрбум долларын татварыг цуцлаагүйгээс гадна нэмээд АНУ-д үйлдвэрлэсэн компьютерийн чипийг Хятад руу экспортлох явдалд хязгаарлалт тогтоосон нь Бээжингийн бухимдлыг төрүүлсэн юм. Хятадын талаас үүний хариуд Америкийн Micron компанийн компьютерийн чипийн борлуулалтанд хориг тавьсан юм.

Түүнчлэн Э. Блинкений айлчлалтай холбоотойгоор Хятадын Гадаад харилцааны сайд Чин Ган, "Хоёр орны харилцаа муудаж байгаад хэн буруутай нь тодорхой. АНУ Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохоо больж, өрсөлдөөн гэсэн нэрэн доор Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил зэргийг унагахыг оролдохоо зогсоох хэрэгтэй." хэмээн мэдэгджээ.

Нөгөө талаас олон улсын ажиглагчид Э. Блинкений айлчлалаас хоёр орны харилцаанд ямар нэг том ахиц дэвшил гарахгүй гэсэн хүлээлттэй байгаа ч энэхүү айлчлал нь цаашид цэргийн мөргөлдөөн болж хурцдах асуудал үүсэхээс сэргийлж чадна гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.