
Балбын дархан цаазат газарт амьдардаг нэг эвэрт хирснүүдийн тоо толгой нэмэгджээ. Хамгийн сүүлд хийсэн тооллогоор Балба улс дахь нэг эвэрт хирсний тоо толгой 752-т хүрчээ. 2015 оны тооллогоор хирсний тоо толгой 645 байсан аж.
Нэг эвэрт хирс нь дэлхийн цөөн хэдхэн улсад аж төрдөг ба өнгөрсөн зуунд уг амьтны тоо толгой хурдацтай цөөрч, мөхлийн ирмэгт ирээд байсан юм. Тэгвэл Балба болон Энэтхэгт хирсний тоо толгой өсч эхэлсэн нь Ази тивийн байгал хамгаалах аяны хамгийн том амжилтуудын нэгд тооцогдож байна. Балбад амьдардаг нэг эвэрт хирснүүдийн 90 гаруй хувь нь Читван Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг ба уг цэцэрлэгт хүрээлэн нь бар, заан, ирвэс болон гавиал матар зэрэг олон тооны амьтдын гэр аж.
Сүүлийн 10 жилүүдэд нэг эвэрт хирснүүдийн тоо толгой өссөнөөр хирс нь мөхөж буй амьтны тооноос хасагдаж ховордож буй амьтны тоонд багтах болжээ. Балбын эрх баригчид коронавирусын цар тахал нь амьтдад хүрээлэнгээр чөлөөтэй явах боломжийг олгож, амьтдад болон аж төрдөг орчинд нь эергээр нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Нөгөө талаас хулгайн анчид өнгөрсөн жил 4 хирсийг хөнөөж, хирсний тоо толгой цөөрөх явдалд нөлөөлсөн гэжээ. Хирсний тоо толгойг тоолох ажил 2020 онд явагдах ёстой байсан ч коронавирусын цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон байжээ. Тооллого нь 5 жил тутамд нэг явагддаг аж. Хирсний тоо толгойг тоолохын тулд 350 мэргэжилтэн, ойн албаны ажилтнууд 3 долоо хоногийг зарцуулсан аж. Улс төрийн тогтворгүй байдал, 1950-1960-аад онд Читван Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хүмүүс олноороо суурьшсантай холбоотойгоор Балба дахь хирсний тоо толгой хэдэн мянгаас зуу ч хүрэхгүй болтлоо цөөрсөн аж. Хулгайн анчдын эсрэг хатуу арга хэмжээ авч, ойн бүсийг хамгаалж эхэлснээр хирсний тоо толгой өсч эхэлжээ.
Балбын зэвсэгт хүчин болон Маоист босогчид хоорондын 10 жил үргэлжилж 2006 онд дууссан иргэний дайн Балбын байгаль орчинд хүндээр нөлөөлсөн аж. Улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан хулгайн анчид хэдэн зуун хирсийг хөнөөжээ. Дэлхийн Байгаль хамгаалах сангаас мэдээлж байгаагаар хирсний эвэрийг Зүүн Азид уламжлалт анагаах ухааны эм танд ашигладагтай холбоотойгоор хирсийг хулгайгаар агнаж, эвэрийг нь авах явдал элбэг байдаг аж. Балбын засгийн газар хулгайн анчдыг зогсоох ажилд зуу зуун цэргүүд, орон нутгийн иргэдийг дайчилж, цагдаа нар зэрлэг амьтдыг хууль бусаар наймаалах гэмт хэргийн эсрэг аянг эхлүүлсэн аж.
Орлого багатай Балба оронд хирс болон баруудын тоо толгой өсч байгаа нь маш том амжилт ч дээрх амьтдын тоо толгойг хадгалж үлдэхийн тулд маш сайн менежмент шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.