Үргэлж энд тэнд эд зүйлсээ орхиж, гээдэг хүүхдийг яах вэ

Twitter Print
2021 оны 10-р сар 21-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Хариуцлагатай байна гэдэг нь бас нэг утгаараа эд зүйлээ эмх цэгцтэй авч явах шүү дээ. ГЭХДЭЭ, хүүхэд нэгэнт салан задгай, энд тэнд эд зүйлээ мартаж гээдэг болсон бол яах вэ

“Чи яасан гэж өдөрт заавал нэг юм мартаж, орхиж явдаг юм?”, "Үйлсгүй ш дээ энэ нэг юм", "Дандаа салгалж юмаа хаяж гээж явах юм" гэх зэргээр алдааг тодотгож үглэж загнаад байвал хүүхэд өөрөө ч гэсэн “Би ч угаасаа мартамхай хүүхэд”, "Би бүтэлгүй хүүхэд" гэдэгтээ бат итгэж орхиод өөрийгөө өөрчлөхийг хичээхээ больдог. ХАРИН ТА үүний оронд яавал зөв юм бол оо?

⚀ Хүүхэд эд зүйлээ алга болгоход нь “Дахиад л алга болгосон уу? Шинээр авч өгөөд удаагүй байгаа биз дээ” гэж уурлаж загнасан хэрнээ дахин аваад л өгчихдөг юм биш биз? Хэчнээн уурлаж загнасан ч хэрэгцээтэй байгаа юм чинь одоо яая гэхэв гэсэн бодлоор бушуухан аваад өгчихдөг учраас хүүхэд алга болгосон зүйлдээ огтхон санаа зовдоггүй. Алга болгох вий гэдэгт ч санаа зовдоггүй гэсэн үг.

⚀ Эд зүйлсээ хаях болгонд нь шууд шинээр авч өгөөд байвал хүүхэд эцэстээ хариуцлага хүлээх, бие дааж асуудал шийдэх чадвараа алддаг.

Энэ удаа охин өнгийн харандаагаа дахиад л алга болгоод ирлээ. "Ээж миний өнгийн харандаа алга болчихож. Даалгаварт зураг зурж ир гэсэн"

Одоо та уурлаж загнах шаардлагагүй, шинээр авч өгөх санал ч гаргаж болохгүй. Охиноос өөрөөс нь асуудал шийдвэрлэх саналыг сонс. МЭДЭЭЖ тэр

"Шинээр аваад өг", "-Ээж нь авч өгмөөр л байна, гэхдээ алга болох болгонд шинээр авахад мөнгө хайран байна. Маргааш ангид нь дахин нэг удаа хайж үзэх үү, ээж нь ч бас хайлцъя", "Зурахгүй очвол багш загнана" "-Харин тэгэх байх даа, одоо яавал дээр вэ" гэх зэргээр хүүхдийг ойлгосон харилцан яриа өрнүүлж асуудлаа шийдвэрлэх аргыг хүүхдээр өөрөөр нь олуулах хэрэгтэй.

Түр хөршийн хүүхдээс харандаа гуйж хэрэглээд ангидаа очиж дахин шалгаад, ээжтэйгээ хамт зарлал нааж үзсэн ч болно. Гол нь хайж олох оролдлого хийж шинийг автлаа хугацаа зарцуулах хэрэгтэй.

Хайгаад олохгүй бол хүүхэд өөрөө аваад өг гэж гуйвал авч өгч болно. Өөрийнх нь хуримтлалын мөнгөний тодорхой хувийг ч оролцуулж болох. Харин энэ удаа авч өгөхдөө дахиж алга болгохгүй гэдэг зүгээр л амлалт төдий зүйл хэрэггүй "Дахин алга болгохгүй байхын тулд хэрхэх вэ?" арга замыг хүүхэд өөрөө бодож олоход ярилцаж туслах хэрэгтэй.

Өдөр тутамдаа хичээлийнхээ ширээг сайн цэгцэлдэг ч юм уу, балруул, харандаа зэрэг хичээлийн хэрэгслээ саванд хийж тавих, цүнхээ тогтмол шалгаж замбараатай авч явж байх зэрэг олон санаа гарч болох юм.

Хүүхэд эд зүйлээ хаяж үрэгдүүлэн алдаа гаргаж хэцүү байдалд орж байгаа нь “Эд зүйлдээ ариг гамтай, эмх цэгцтэй байх” анхааруулга, үнэ цэнийг мэдрүүлж буй нэг боломж юм даа.

Хүүхдэд асуудлыг өөрт нь мэдрүүлэхгүй шууд гарцыг зааж өгөөд байвал асуудал шийдвэрлэх, тунгаан бодох, хариуцлага хүлээх зэрэг чухал арга замуудад суралцахааргүй байгаа биз.

Хүүхэд алдаж болно. Алдаг, харин тэднийг алдаанаасаа суралцах боломжийг олгож аав ээж та уйгагүй эерэг оролцоотой байгаарай.

Г. Төмөрзаяа

Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.