
Хятадын төв телевиз Катарт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг дамжуулахдаа цэнгэлдэхэд байгаа амны хаалт зүүгээгүй үзэгчдийг харуулсан дүрс бичлэгүүдийг хасаж байгаа аж.
Дэлхийн бусад улс орнууд коронавирусын халдварын эсрэг хязгаарлалтуудаа цуцалж, хэвийн амьдралдаа орж эхэлсэн ба Катарт болж буй хөлбөмбөгийн ДАШТ үүний тод жишээ юм.
Хөлбөмбөг сонирхогч олон зуун мянган иргэд нэг дор цар тахлын эсрэг ямар ч хатуу дүрэм журам дагахгүйгээр цугларч, өөрийн улсын багийг дэмжиж буй дүр зураг гэрээсээ ч гарах эрхгүй байгаа хятадын иргэдийн байр байдалтай эсрэг тэсрэг байгааг хятадууд нийгмийн сүлжээндээ бухимдалтайгаар бичжээ.
Түүнчлэн хэдэн зуун мянган хүн баяр ёслолын байдалтайгаар нэг дор цугларсан байгааг харах "сонин" байна хэмээн Хятадын нийгмийн сүлжээний зарим хэрэглэгчид онцолжээ.
China Sports Insider блогийг хөтөлдөг Марк Дрейер Хятадын CCTV телевиз ДАШТ дамжуулахдаа үзэгчдийн хэсгийг гаргасан дүрсийг гаргахаас зайлсхийж, оронд нь зөвхөн тоглогчид болон дасгалжуулагч нарыг ойроос харуулсан дүрсийг гаргаж байгааг онцолжээ.
Спортын томоохон тэмцээн уралдааныг дамжуулж буй телевизийн сувгуудад зохион байгуулагч нарын зүгээс тоглолтыг ямар өнцгөөс авахыг сонгох боломж олгодог, мөн дүрс бичлэгийг хүмүүс үзэхээс өмнө эвлүүлэх шаардлагатай бол дамжуулалтыг хойшлуулах хугацаа ч мөн олгодог аж.
Марк Дрейерийн хэлж байгаагаар Бээжингийн хувьд олон улсын тэмцээн уралдаан дамжуулахдаа цэнгэлдэхэд байгаа үзэгчдийг харуулсан дүрс бичлэг гаргахаас ихэвчлэн зайлсхийдэг гэжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ нь Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Коммунист намын даргаар 3 дахь удаагаа томилогдож, Хятад даяар коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, томоохон хотуудад хөл хорио тогтоож эхэлсэнтэй явдалтай зэрэгцэж байна.
Бээжин коронавирусын цар тахлын эсрэг бодлого нь иргэдийн амийг аврах, мөн эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгэхээс сэргийлсэн арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа ч сүүлийн хэдэн өдрүүдэд Хятадын томоохон хотуудад иргэд цар тахлын эсрэг бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.229.120.87) 2022-11-29 13:09Арай ч дээ
Хариулах