Н.Алтанхуяг: Намайг урагшаа явах гэхээр хойшоо татаад байх юм. Хэрэлдвэл хэрэлдээд, хэлэлцвэл хэлэлцчихье!

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихээхэн ууртай байна. Уурлахаас ч яахав. Цөөнхийн бүлэг түүнд улс орны болохгүй бүтэхгүй бүхнийг тохож эхэлсэн. Үүрэх ч ёстой, хариуцах ч ёстой алба л даа, уг нь. Дээр нь М.Зоригт, Ж.Батзандан, Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын нөлөө бүхий лидерүүд түүний эсрэг хөдөлж байна. Ийм байдалд бухимдалтай яваа Н.Алтанхуягийн буруу биш. 

Уржигдар болсон төрийн гурван өндөрлөгийн уулзалтын мэдээлэл өчигдөр төрийн ордонд давс хужир нэмэгдэн задарч эхэллээ. УИХ-ын гишүүдийн яриагаар бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын ажлаа өг гэж шахалт үзүүлсэн л гэнэ. Нөгөөдөх нь "Би та хоёрыг энд суулгасан гавъяатай, Би АН-ыг сүүлийн гурван сонгуульд ялуулсан" гэж даналзсан сурагтай. Ийм зүйлүүд яригдсан гээд л ордны өрөө дамжин сонин цуварч байна. Тэгээд Н.Алтанхуяг сайндаа ч гурван удаа ялалт байгуулаагүй. МАН дотроо задарсан. Н.Энхбаярыг хорьсон. МАН-ын олон албан тушаалтаныг авлигалын хэргээр шалгасан. Ард түмэн МАН-аас уйдсан үе таарсан. Сонгуулийн хар машин нөлөөлсөн гэх мэт элдэв тайлбаруудыг Н.Алтанхуягт дайх хүмүүс олон байна. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь Н.Алтанхуягийг өмөөрч байхад нөгөө хэсэг нь өмөөрөх үндэслэлүүдийг үгүйсгэсээр байна. 

Өчигдөр хаалттай хуралдсан АН-ын бүлгийн хуралд бүх гишүүд нь суусан гэнэ. Тэгээд бүгд л тойрч санал шүүмжлэл өрнүүлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч ихээхэн ширүүн байсан гэнэ. Уг нь түүнийг АН-ын даргын албан тушаалаасаа татгалзсан мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл ихээхэн тарсан. Тиймээс энэ талаараа байр сууриа илэрхийлнэ гэж хүлээтэл тийм юм болоогүй мэдээлэл хийсэн аж. Гишүүдийнхээ хүлээснээс өөр зүйлийг ярьжээ. Гишүүд түүнээс мэдэгдэл хүлээж байж. Ингээд ойлголцолд хүрээгүй АН-ын бүлэг орой хуралдана гэсэн зар тараасан юм. Орой хурал нь болсонгүй. Харин өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болжээ. Өчигдөрийн АН-ын хаалттай хуралдаанаар бүх л гишүүд нь идэвхитэй байснаас бие биерүүгээ дайрч давшилсан хандлага ч их байжээ. Үндсэндээ АН-ын даргаа өөрчилөх үү? Ерөнхий сайдаа солих уу? Улс орны өнөөгийн дампууралд хэн буруутай гэх мэт олон асуудалд хариулт олох гэжээ. Ямар ч байсан ҮЗХ-гоо хуралдуулахаар болж. 

Харин АН-ын бүлгийн хурлаа завсарлуулсны дараа Ерөнхий сайд УИХ-ын үдээс хойшх чуулганд суусан юм. Чуулганы индэрт хэлэх гэсэн үгээ андуурч уншаад баахан инээлгэв. Ихээхэн сандралтай байгаагийн шинж л дээ. АН-ынх нь гишүүд бухимдуулсны дараа МАН-ын гишүүд ч түүнийг асуултаар бөмбөгдөж олон зүйлээр шүүмжлэв. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэхэв гэдэг шиг тэрээр "Ингээд намайг урагшаа явах гэхээр хойшоо татаад байх юм. Хэрэлдвэл хэрэлдээд, хэлэлцвэл хэлэлцчихье" гэж чуулганы танхимд хэлж олон гишүүдийг ангайлгав. Түүний энэ байр сууринаас харвал зориг зүрх орсноос гадна яасан ч яадаг юм бэ гэсэн хандлага ажиглагдаж байлаа. 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.