Т.Санчир: Япон улсаас ирсэн саналыг сайн ярилцаж байж шийднэ

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Үндэсний супер лиг тун удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан Монголын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчиртай ярилцсан юм.

-Үндэсний супер лиг ирэх сарын 14-нд эхлэх тов гарсан. Бэлтгэл сургуулилалтаа хийгээд эхэлчихсэн үү?

-Ирэх улиралд “Баянгол гурван тамир” багт тоглохоор гэрээ хийсэн байгаа. Тайван явах гэж байгаа Залуучуудын шигшээ баг дээр бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Орой 19.00 цагаас долоо хоногт гурван өдөр бэлтгэл хийдэг.

-Энэ жилийн супер лигийн тоглолтоос үзэгчид маш их зүйлийг хүлээж байгаа. Урьд жилүүдийнхээс юугаараа онцлогтой болох вэ?

-2011 оноос гадны легионерууд ирж тоглосон энэ жил дөрөв дэх жилдээ тоглолт хийх гэж байна. АНУ-аас 10 гаруй легионер тамирчдыг сонгон шалгаруулж авсан учраас энэ жилийн Үндэсний супер лиг онцлогтой болно байх. Легионеруудыг багууддаа хуваана гэсэн. Зохион байгуулалт жилээс жилд сайжирч байгаа.

-Азийн наадмын үеэр манай улсын шигшээ баг 10 өдөр дараалан тоглолт хийсэн. Яагаад ийм олон хоног дараалан тоглолт хийсэн юм бэ?

-Миний хувьд Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон. Өмнөх Гуанжоугийн наадамд манай багийнхан 12-р байрт орж байсан. Харин сая Азийн наадамд 8-р байранд орж амжилтаа дээшлүүллээ. Учир нь хэсэгтээ орж чадаагүй байсан учраас урьдчилсан тоглолтод хоёр зооны тоглолт хийсэн. Ийм учраас 10 өдөр дараалан тоглолт хийсэн. Манай улсаас гадна Казкастаны баг 10 тоглолт хийсэн.

-Азийн наадамд БНХАУ-ын багтай тоглолт хийж байхад CCTV-гийн тайлбарлагч “Манайг шигшээ багийн тамирчид өмнө нь намхан, хурдтай тоглогч нартай тоглож байгаагүй учраас эвээ нэг л олохгүй байна” хэмээн тайлбарлаж байсан. Харин өндөр тоглогч нартай тоглоход ямар бэрхшээл тулгарах уу?

-Манай орны тамирчид бусад орны тамирчдыг бодвол нуруу намхан л даа. Тийм учраас өндөр тамирчидтай тоглохдоо хамгаалалтаа нөхнө. Шилжсэн хамгаалалтуудыг маш хурдан, хурдан хийдэг мөн байрны хамгаалалт гэж байдаг ийм хамгаалалтад хурдан шилжиж нурууныхаа дутууг нөхөх тактикийг шигшээ багийн дасгалжуулагч Баярцогт нэлээд бэлдсэн. Нуруу намхан болохоор самбараас бөмбөг авахад хэцүү, намхан учраас их хурдтай тоглохоос өөр аргагүй байдаг. Хурдтай байснаар нурууны өндрийг нөхөж хүмүүсээ хашиж, шилжилтүүдээ маш хурдан хийж тоглох ёстой байдаг.

-Шигшээ багийн тамирчид бусад улс орнуудын тамирчид шиг бэлтгэл сургуулилалтаа хийдэг болчихвол ДАШТ-д оролцоход ойрхон байгаа гэж сагс сонирхогчид ярилцдаг. Харин таны бодлоор?

-Дэлхийн аварга гэхээсээ илүү эхний ээлжинд Ази тивдээ маш хүчтэй өрсөлдөх шаардлага тулгараад байгаа. Мэргэжлийн спортын түвшинд хөгжиж амжаагүй ч гэсэн бие сэтгэлээ өөр зүйл зарцуулалгүй зөвхөн сагсан бөмбөгөөр хичээллэж мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийвэл азид амжилт гаргахгүй гэх үндэслэл байхгүй л дээ. Ойрын хэдэн жилд манай шигшээ багийн тамирчид амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Хамгийн гол нь бэлтгэл хийх өдрөө олон болгох хэрэгтэй юм болов уу.

-Ямар ч спортын төрөлд дасгалжуулагчийн мэдлэг, ур чадвар, туршлага тухайн тамирчныг амжилтын оргил руу хөтөлдөг. Харин сагсан бөмбөгийн спортод ийм дасгалжуулагчид ховор байдаг гэж ярьдаг?

-Ер нь монголд тоотой хэдэн сайн дасгалжуулагчид байдаг. Нэг нь Монгол улсын ууган Гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багш, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт гээд хүн байна. Энэ хоёр хүн бол монголдоо сайн дасгалжуулагч нарын тоонд ордог. Сүүлийн үед залуу сайн дасгалжуулагч нар гарч ирж байна. Куби улсад сургууль төгсөөд ирсэн н.Мандуул гээд залуу байгаа. Мөн лигийн дасгалжуулагч нар бүгд л ур чадвар сайтай.

-Азийн наадамд амжилттай оролцоод ирсний дараа сагсан бөмбөгийн спорт олны анхаарлын төвд орсон. Төр засгаас шигшээ багын тамирчдын бэлтгэл сургуулилалтад ямар нэгэн дэмжлэг үзүүлнэ гэж байна уу?

-Олимпийн хороо манай сагсан бөмбөгийн тамирчдад шагнал гардуулж хүлээж авч уулзсан. Сая нийслэлийн 375 жилийн ойгоор манай тамирчид  “Нийслэлийн тэргүүний ажилтан” гэсэн хүндтэй шагнал авсан. Цаашид Олимпийн хороо болон төр засаг багийн спортыг дэмжин ажиллана гэдгээ хэлсэн.

-Танд Япон улсаас шигшээ багтаа тоглох санал ирсэн. Энэ асуудлаараа японы талтай ахиж уулзсан уу?

-Одоогоор шийдэгдээгүй байгаа. Цаанаа яригдаж байгаа асуудал учраас тодорхой хариулт өгч чадахгүй нь. Мэргэжлийн сагсан бөмбөг тоглох учраас гэрээний тал дээр нэлээд их асуудал гарах байх. Японоос ирсэн саналыг сайн ярилцаж байж шийднэ.

-Олон нийтийн сүлжээгээр NBA-гаас санал ирсэн гэсэн мэдээлэл цацагдсан байсан?

-Энэ худлаа цуурхал. Хүмүүс зүгээр шуурч байгаа юм.

-Таныг өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд ээж тань ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байх. Ээжийнхээ талаар яриач?

-Манай ээж Тунгалаг гэж хүн байдаг. МҮОНТ-д сэтгүүлч мэргэжлээр 21 жил ажиллаж байна. Ээж маань сагсан бөмбөгийн спортод маш их дуртай намайг дэмждэг, ойлгодог. Өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд ээжийн минь үүрэг маш их байсан.

-Ээжийгээ хэзээ хамгийн их баярлуулж байв?

-Хожигдол, хожил бүхэнд ээж маань надтай цуг байдаг. Намайг хожиход хамтдаа баярлаж, хожигдоход хамтдаа гуньдаг. Манай ээж баярлаад байгаагаа нэг их ил гаргаад байдаггүй хүн л дээ. Гэхдээ намайг сайн тоглолт хийх бүрт хүний эх хүн юм чинь баярлалгүй яахав.

-Та хамгийн анхныхаа шагналын мөнгөөр юу авч байв?

-2006 онд “Ёлууд” гэсэн багт тоглоод лигийн анхны цалингаа авч байсан. Тухайн үед 180 мянган төгрөг авч байлаа. Сагс тоглоод хамгийн анх авсан мөнгө гэсэн үг л дээ. Манай ээж тэр үед сувилалд хэвтэж байсан болохоор ээждээ л юм аваад очсон доо.

- Сагсан бөмбөгийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Арван жилдээ бүх л хүүхдүүд сагс тоглодог би ч гэсэн ялгаагүй сонирхлын түвшинд тоглодог байсан. Би чинь 2011 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. 2006 онд сургуулийнхаа шигшээ багт анх орж Гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж оюутны лиг болон дээд лигүүдийн тэмцээнд оролцож байсан. Ингээд л цаашдаа сагсан бөмбөг тоглох улам их хүсэл тэмүүлэлтэй болсон.

-Ямар, ямар шагнал хүртэж байв. Танд хамгийн их урам зориг өгсөн сэтгэлд тод үлдсэн ямар шагнал байна?

-Анх өсвөрийн лигт ороод цаашаагаа дүүрэгт тоглож эхэлсэн. 2007 оноос лигт тоглож эхлээд мөнгөн медаль авч байлаа. 2008 онд “Шинэ залуу амжилт” гэсэн шагнал авч, 2011 онд “Тэргүүн довтлогч”, 2014 онд “Final-ийн үнэ цэнэтэй тоглогч”-ор шалгарч лигийн тэргүүн байранд орсон юм. Хүүхдүүдээс хүртсэн шагнал юм байна. “Нахиа” хүүхдийн нэвтрүүлгээс өгсөн шагнал их гоё. Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдүүдээс “Хайртай тамирчнаа нэрлэнэ үү” гэсэн санал асуулга ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс авсан байсан. Намайг арав гаруй мянган хүүхдүүд дэмжиж хүүхдийн баяраар “Нахиагийн сонголт” гэсэн шагнал авч байсан. Энэ шагнал сэтгэлд тодоос тод үлдсэн шагнал. Тухайн үед надад маш том урам болж өгсөн.

-Багийн спортын төрлөөр хичээллэдэг учраас ямар ч хүний арга эвийг амархан олно биз?

-Ер нь багийн спортоор хичээллэдэг хүн ажил дээр гарахад хамт олонтойгоо таарахгүй, нийцэхгүй гэсэн ойлголт байдаггүй л дээ Хамгийн эхэнд багаар ажиллаж сурдаг. Яагаад гэвэл багийн спорт учраас бүгдээрээ нэг сэтгэл зүрхтэй нэг зорилготой байх ёстой байдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэсэн хүн их зөв төлөвшдөг юм болов уу гэж боддог. Мөн тэсвэр тэвчээр их сууж өгдөг. Жирийн хүмүүсээс илүү тамирчин хүний бие бялдар илүү хөгждөг.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг өсвөр насны хүүхдүүдэд ямар зүйлийг захиж хэлэхийг хүсдэг вэ?

-Сагс сонирхож байгаа өсвөр насны хүүхдүүд сагсан бөмбөгийг А үсгээс нь эхлэн мэргэжлийн дасгалжуулагч дээр суралцаж эхлэх хэрэгтэй.  Сагсан бөмбөгт зөв шидэх, зөв зогсох их чухал байдаг. Тийм учраас эхнээс нь сурах хэрэгтэй. Буруу сурчих юм бол хүүхэд хөгжихгүй тийм болохоор зөв сураарай гэж хэлмээр байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.