Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – 10, 11 дэх өдөр

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Карантинд өнгөрүүлсэн (Өнгөрүүлж буй) 14 хоног – Арав дахь өдөр

Өчигдрийг түгшүүртэй өнгөрөөсөн бид ер нь бол нойр муутай хоносоон. Өглөө эрт босч цайгаа уугаад 11 цагийн шуурхай мэдээг бүгдээрээ хүлээв. Нойр муутай хоноод өглөө эрт сэрсэн тул мэдээ үзэж байхдаа нам унтаад өгчээ. Эргэн тойрны хүмүүсийн шинжилгээ сөрөг гарсан тухай мэдээ нэтээс хальт хараад жаахан тайвширсан юм байгаа биз. Өдрийн хоол ирэх үед дуудуулж сэрэв. Өглөө босоод тэр дороо шахуу буцаж унтаж үзээгүй миний хувьд толгой дүйнгэ оргиод агаар амьсгалахгүй бол тухгүй байлаа. Унтаж унтаж боссон миний хувьд нээх сонин энэ өдрийн үдийн хоол өглөөний цай шиг л байлаа.

Паар дахиад байхгүй болжээ. Бүр хүв хүйтэн болсон байв. Утасдаж хэлэхэд нэг насос нь эвдэрсэн, хотоос сэлбэг захиад авч ирээд угсарч байна гэв. Хурдан угсраад усаа тавихгүй бол паар нь тас хөлдөх байлгүй дээ. Даанч шөнөжин паар сонин дуугарч хоносон юм. Усаа татаад, халуун хүйтэн харшаад төмөр нь дуугараад байсан бололтой. Оройхон халаалт ирж, нэмж паарнаас хий аваад овоо сайхан халж эхэлж байна. Нэг л хөлдөөж алчих гээд л байна даа. Гэхдээ одоо жигдрэх байлгүй дээ. Тийм азгүй юм гэж юм байх вэ. Гэрээс халдаг гудас авчруулсан боловч үүдэнд байгаа онцгой байдлынхан оруулаагүй. Цахилгаанаар ажилладаг юм оруулахгүй гэж хэлсэн байна лээ.

Өдөр тагтан дээрээ гарч агаар амьсгалж, мөн наранд жаахан зогслоо. Сайхан модон дунд дуу чимээгүй сайхан газар юм аа. Муухай өвчин байхгүй болсны дараа зуны налгар өдөр гэр бүл, хамт олноороо заавал эргэж ирнэ дээ гэж бодсон шигээ хэсэг зогслоо. Хажуу тагтны залуус өдөр гарч ирсэнгүй. Наран талдаа цонхтой тэр хэд өдийд яг сайхан унтаж байгаа байх аа. Доод давхрын бүсгүйчүүд тас тас хийж инээсэнгүй, таг чиг нам гүм. Нэг л түгшүүртэй.

Ganzorig Vanchig - Vinzo-н зураг.

Япон руу ЖАЙКА-гийн сургалтаар явсан билээ. Гэтэл өдөр ЖАЙКА-гаас ярьж байна. Карантинд яг ямар нөхцөлд байна, ямар хоол идэж байна, хоолны сонголт байна уу, жишээ нь цагаан хоолтон хүн, халал мах иддэг хүн байвал яах байсан, ор дэрний цагаан хэрэглэлийг нь сольж өгч байна уу, усанд орж чадаж байгаа уу, тээвэр унаагаар яаж очсон, яаж гарах юм, 00-ийн цаас өгч байна уу гээд аймаар аймаар тансаг тансаг асуултууд асуув.

Зарим асуултыг нь монголоороо бараг ойлгохгүй, юун "балай хачин" доёолсон ч юм шиг, доромжилсон ч юм шиг юм асуугаад байна гэж хүртэл бодогдох шахав. Нөгөө “Энэ чинь угаасаа Монгол ш дээ, битгий шалчигна” гэдэг сэтгэлзүй сүүлийн хэдхэн хоногт надад хэдийнэ суусан байгааг энэ хүнтэй утсаар 3 минут ярихдаа анзаарлаа. Карантины тав тух, аюулгүй байдлын талаар Япон талаас мэдэхийг хүссэн байна. Япончууд айхтар улсууд намайг гэртээ очин очтол санаа тавьж, анхаарал хандуулах бололтой. Байгаа нөхцөл байдлаа бодит үнэнээр нь бүгдийг нь хэлээд л орхисон. Токио руу миний мэдээлэл тэр дороо очсон биз ээ.

Манай өрөөнийхөн Японы хөөрхөн дасгал хийж байгаа. Хэдхэн минут атлаа хөлс гаргадаг. Манай БСП компанийнхан энэ дасгалыг хийдэг, бас харилцагч нартаа зориулсан бүтэн өдрийн сургалт хийхдээ бас энэ дасгалыг ашигладаг. Ах хүү энэ дасгалыг аятай нь цуг цээжээрээ мэдэж байна. Тэдний компани бас хамт олноороо энэ дасгалыг сүүлийн хэдэн жил өдөрт хоёр удаа (11 ба 17 цагт) оффис дээрээ хийж байгаа гэнэ. Энэ ах хүү айхтар ааааа. Би та нарт эртээдээс хойш хэлээд байгаа шүү дээ. Монголын Тусгай Олимпын Хороо Япончуудаас энэ дасгалын зохиогчийн эрхийн зөвшөөрлийг нь аван монгол хэлээр орчуулж, дуу оруулан интернэтэд байршуулсан байна. Холбоос нь энэ байна. Хэд хэдэн хүн ямар дасгал хийж, жингээ яаж барьж байна гэж асуугаад байсан. Энэ хөөрхөн дасгалыг хийж заншаарай эрхэм уншигчид аа.

Өдрийн хоолоо идчихээд, дасгалаа хийчихээд ажлаа харин тачигнатал хийсэн дээ. Нэвтрүүлгийн текстүүдээ эцэслэн видеотой нь цуг сайтууд руу өгч, ажлынхаа ганц хоёр төсөл дээр саналаа нэмэрлэж, ТББ-ын хэдэн имэйлүүдээ тухтай үзэж бас хариу өглөө. Мөн гадны байгууллагад хийх танилцуулгын араг ясыг нь түнштэйгээ хамтраад зангидав. Утсаараа конферэнс кол хийж УБ, Унгартай хүртэл холбогдоод амжлаа. Гэхдээ л карантинд ингэж суугаад муухай залхуу болж байна. Яг мэдрэгдээд байна. Хуучин шигээ нам суугаад юмаа хийдэг хүн байхгүй болох гээд л байна. Хүн орчиндоо асар хурдан дасдаг ажээ.

Өдрийн хоолонд хар мөөгтэй хуурга ирж байна. Нарийн нандин хоолнууд ирээд эхэлсэн шүү. Хоолны дараа манай өрөөнийхөн насны тухай хэсэг ярилцав.

Ganzorig Vanchig - Vinzo-н зураг.

40 насыг залуу гэх үү, хөгшин гэх үү гээд л. Монгол эрчүүдийн дундаж наслалт 60 гаран болохоор 40 нас яагаад ч залуу биш гэх нэгэн байхад 40 наснаас амьдрал ид эхэлдэг юм гэж би бас ах хүү зүтгэсэн. Гэхдээ л яах аргагүй дараагийн сери задарсан гэдэг дээр хүссэн хүсээгүй санал нэгдэв. Дараа нь Баттулга, Элбэгдоржийн тухай ярьж бас манай өрөөнийхөн маргалдав. Би тэр маргаанд нь ороогүй, зүгээр л модератор хийсэн.

Тэр хэдийн яриа, санал, үзэл бодлын зөрүүг нь сонсож байхад манай австрали аав, ээжийн хэлж байсан зүйл санаанд оров. Тэд маань надад “Ганаа, чи улс төр, шашин, сексийн талаар хэзээ ч хүнтэй битгий маргалдаж мэтгэлцэж байгаарай. Эдгээр сэдэвт ялагч гэж байдаггүй юм” гэж захидаг байсан сан.

Бид хааяа яах аргагүй ганц хоёр найтаах юм аа. Хамар ам хааяа загатнана ш дээ. Ах хүү тэрийг мэдээд байнга шахуу бидний хажууд мастай сууна. Маскаа авахаар нь гэнэдүүлж найтаах гэж байна гэж айлгах гээд бид бас сахилгагүйтнэ. Сая яах аргагүй маскаа аваад орондоо орж байхад нь би найтааж орхилоо. Аан чи гээд хөнжлөөрөө шалавхан нүүрээ дараад хэвтээд өгсөн. Удалгүй бүр цаашаа хана руугаа эргээд харна лээ. Янзын нөхөр шүү бүр нэг.

Оройхон ТВ үзээд сууж байтал манай өрөөнийхөн гадаа нэг юм болоод байна аа гээд шуугиад явчихлаа. Корридорт яагаад пижигнэлдээд байгаа юм бол гээд хэрэгт дурлаад хаалгаа хагас онгойлгоод толгойгоо гаргаад шагайтал нөгөө цуг салхилдаг тагтны залуусын өрөөний гадаа 4, 5 битүү цагаан хамгаалалтын хувцастай хүмүүс шамбааралдаад зогсож байна. Эмч намайг харангуутаа өрөө рүүгээ ор гээд шууд хаалга хаалгав. Пал гээд л явчихлаа. Сонсоод байхад тэр өрөөний дөрвөн залуугийн нэг юм уу, хоёрыг нь лав чемодан савтай нь аваад явчих шиг болов. Манай өрөөнийнхөн ээлжит шокондоо орлоо. Унтах гээд орондоо орсон байсан хүмүүсийн нойр сэргээд, санаа нь зовоод юун унтаж хэвтэх. Бүгдийнх нь зүрх нь түг түг. Ус буцалгаад цай уунгаа, хар шөнө бүр боов шоов идээд шомбойгоод суучихлаа хэдүүлээ. Тэр өрөөний залуусын нэгний бие нь муудаад, шинж тэмдэг илрээд Халдварт руу аваад явлаа даа гээд бүгд санаа зовов. Эмч нарыг гарсны дараа үлдсэн залуус тас тас хөхрөлдөөд инээлдэх нь сонсогдсон. Тэгэхээр гайгүй байх аа, нэгнийгээ өвдөхөд арай ч ингэж инээлдэхгүй байх гээд ёстой урамгүй орондоо орцгоосон доо.

Маргааш өглөө хурдан болоосой, юу болсныг нь мэдэж авах юмсан даа. Ёстой л кино шиг өнгөрч байна даа энэ хэдэн хоног!

Ganzorig Vanchig - Vinzo-н зураг.

Карантинд өнгөрүүлсэн (Өнгөрүүлж буй) 14 хоног – Арван нэг дэх өдөр

Лайв хийчих гээд л өглөөнөөс хойш толины өмнө эргэлдлээ. Бүтэхгүй юм байна. Яаж ч өөрийгөө тордсон уулнаас бууж ирсэн амьтан шиг харагдаад. Ёстой л хүүхэд, нохой айлгах дээрээ тавьсан хүн шиг л байна. Манай өрөөнийхөн ч сандралдаад, ах хүү гар утасны зурагтаар гарна гээд бас айгаад бөнжигнөөд л хаха. Товчхондоо үзэл сурталгүй царай зүс, хувцас хунартай бид та бүхний эстэтик мэдрэмжийг устгахгүйн тулд лайв хийхээ болив.

Хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу халдваргүй гарсан тухай мэдээтэй сайхан өдөр эхэлж байна. Урам ороод орон дээрээ хальт иогийн хэдэн пооз авч, нуруу мөчөө тэнийлгэв. Тас түс, пүн пан гээд л үе дуугараад л сүртэй шүү. Хааяа өөрөөсөө сүрддэг юм кккк. Өдөртөө хорь суниагаад байгаа. Хорийг бол ёстой хөнгөхөн суниаж байгаа шүү. Бага багаар нэмнэ дээ гуч, дөч гээд. Сайхан хүйтэн усанд нүүр гараад угаагаад сэргэв. Анх орж ирэхэд гараа ч хүргэж чаддаггүй байсан крантны хүйтэн ус маань одоо бүлээхэн санагддаг болсоон. Хотод очоод халуун усанд орж чадах нь уу харин. Карантинд ороогүй эрх чөлөөтэй байхдаа уг нь нүүрээ угаагаад үсээ самначихад л тэр дорхноо сэмбийчихдэг байсан сан. Энд үс нэлээд ургаад самнаад самнаад царай зүс явахаа байлаа шүү. Зураг мураг одоо бол та нарын нөгөө хулхидуулж авахуулдаг иргэний үнэмлэхийн зурагнаас чинь ч эвгүй харагдахаар болж байна. Би чихнийхээ араар үсээ шургуулдаг боллоо бүр. Нэг мөсөн ингээд бүх юмаа ургуулдаг юм уу даа.

Гэснээс хүн амьтантай уулзахгүй олон хонохоор хэн ч гэсэн яах аргагүй нөгөө Осгонбаяр лам гуай шиг болох л юм байна. Хэдүүлээ бусдын орчин нөхцлийг мэдэхгүй байж биесээ хамаагүй шоолон шүүмжлэхээ багасгах ёстой юм билээ шүү. Эндээс гараад сайн бод, чи ер нь юу юм гээд анх тааралдсан хүнээ барьж авч ганц хоёр сэтгэлээ сэргэтэл алгадмаар ч юм шиг этгээд сонин зан гарчих гээд игзаар хааяа хааяа хөдөлмөр аядах гээд л байна шүү. Өрөөний хэдийгээ хэрүүлд өдөөд л... Гэхдээ гайгүй байх аа. Гарахаар надаас битгий айгаарай. Шууд олон хүнтэй газар очихоор эхэндээ жаахан бишүүрхэх л байх. Тэр үед нь надтай түрүүлж мэндлээрэй. Аандаа тэгээд бас жигдрэх юмандаа бас байгаа байх аа ккк.

Урж шөнийн бужигнааны учрыг эмчээсээ асуув. Нэг залуугийн гэдэс нь өвдөөд, гүйлгээд тун боломгүй болоод эмч нарт мэдэгдсэн бололтой юм. Халдвартаас тусгай хүмүүс ирээд харж байгаад төв рүү аваад явсан нь дээр гэж шийдээд тусгаарлажээ. Манай энэ хавиас нийтдээ бараг 3, 4 хүн халуурч, бие нь тавгүйтээд ингэж явсан юм байна. Гэхдээ бүгдийнх нь шинжилгээ зүгээр гарсан. Тухгүй орчинд даарав уу яав, нэмээд зарим хүнд хоол, ус нь хүнддээд, орчин гэнэт солигдоод хямруулаад л байх шиг байна. Манай өрөөнийхөн бурхны авралаар гайгүй. Гэдэс эвгүй болох гээд эхлэнгүүд бид дөрөв тойрч сууж байгаад Моносынхоо цэнхэр спиртээ тойруулаад жороолчихдог юм. Нэг савтай спиртийг бид дөрөв дундаа 5 тойруулахад яг дуусаад таардаг. За худлаа худлаа. Тоглосон шүүүүүүү!

Ganzorig Vanchig - Vinzo-н зураг.

Өдрийн хоолонд шарах шүүгээнд шарсан тахиа ирлээ. Би бол “жигүүртний” мах хараад шууд л дуу алдлаа. Тахиагаа идэх үед энд биш, танай муу Улаанбаатарт ч биш, бүр Монголд ч биш, гадаадын аль нэг улсад байгаа мэт мэдрэмж төрж энэ тэр. Араас нь улаан, цагаан дарс орж ирсэн бол өөрийгөө Мишелин одтой ирстраанд байгаа гэж бодож чадахаар л юм билээ. Хүн нээрээ хөгийн сэтгэлийн амьтан байгаа юм шүү. Матриц кинон дээр яг энэ үзэгдэл, мэдрэмжийг өгүүлдэг дээ. Та нар санаж байна уу?

Өдөр тагтан дээр нөгөө өрөөний залуустай тааралдаж өчигдрийн үйл явдлыг баталгаажуулж авав. “Ойрд” энэ хэдтэй уулзаагүй. Эхлээд жаахан яриа эвлэхгүй, бишүүрхэх маягтай ч байх шиг аль аль тагтныхан. Энэ хэдтэй ганц хоёр хоног уулзаагүй байж ингэж байгаа юм чинь бид дөрөв гэртээ очоод гэрийнхэнтэйгээ яаж харьцаж, уулзах юм бол оо. Хүүхдүүд бол бишүүрхэхээр л болж байна даа. Наашаа ирэхдээ өмдөндөө шээх шахдаг нөгөө муу залуу дахиад асуудалд оржээ. Урж оройны хоолны дараанаас гэдэс нь өвдөөд, суулгаад болохоо байсан юм байна. Тэгээд өрөөний хэд нь сэжиглээд дуудлага өгч эмч нарт мэдээлэл өгчээ. Хотод очоод шууд дусал залгуулсан сурагтай. Нэлээд хүнд хоолны хордлого болсон бололтой. Хотын карантины орчин нөхцөл, хоол унд манайхыг гүйцэхгүй, шал миа байна гэж байна лээ шүү. Шинжилгээ авсан гэсэн, хариу нь сөрөг зүгээр гарах байх аа. Нэгнийгээ явуулж байж яагаад та нар инээлдээд байсан бэ гэж асуухад корона биш ээ наадах чинь хижиг, хижиг, гэдэсний хижиг өвчин гэж нөгөө муу бандийгаа тайвшруулаад ч байгаа юм уу, айлгаад ч байгаа юм уу шоглон шоглон Халдварт руу үдсэн бололтой. Эрчүүдийн тоглоом хааяа тун хатуу шүү. Дан эрчүүд юм болохоор өдрийн хоолондоо сайн цаддаггүй бололтой юм билээ. Би хардахдаа хамгийн залуугаа албаар шоглосоор байгаад явуулаад хоолыг нь тэр гурав хувааж идэх гэж байгаа болов уу даа ккк. Сүржин, хэнхэг үйлдлийн цаана өчүүхэн эрх ашиг нуугддаг гэдэг шиг хаха.

Франц иргэн сэтгэлээр унасан, эндээ дуусъя, эмчлүүлэхгүй гэсэн мэдээ уншаад би лав нэлээд тухгүй байдалд оров. Өвчин зовлон хэн дээр ч хэлж ирдэггүй. Намайг Японд байхад Японы засгийн газар эх оронд нь коронавирус туссан гадаадын иргэн хэнийг ч болов үнэ төлбөргүй эмчилнэ гэдгээ зарлаж байсан. Тэр мэдээг би тухайн үед сошиал медиа руу оруулахад “Балиар муу Япончууд бид нарын бие дээр үнэгүй туршилт хийх гэж байгаа юм. Японд өвдвөл эмнэлэгт нь очоод дэмий шүү” ухааны сэтгэгдэлийг нэг монгол залуу бичсэн байсан. Өвчнөө хүртэл бусдаас харамлаж үхэх гээд байгаа энэ сонин гаж сэтгэхүй хаанаас, сая бидэнд суугаад байна вэ? Гайхаад барахгүй юм. Сошиал медиа дээр Франц залууг хараан зүхэж буй хүмүүс, шал буруу хүний зургийг гарган шүлсээ үсчүүлэн орилолдож буй залуусыг хараад үнэндээ гутлаа. Ганц гайгүй гэж боддог Ikon.mn хүртэл Франц иргэний паспортын мэдээллийг гаргаж тавьсан ч байх шиг. Ингэж болохгүй шүү дээ! Францын элчин сайд аргаа бараад л манай Гадаад хэргийн яамтай уулзаж байгаа. Би тэр Франц хүнийг өмөөрөөд байгаа юм биш ээ. Гэхдээ онгоцноос буунгуутаа зугтах гэж оролдсон монгол залуу, Италид гэр бүлээрээ зочилсон атлаа худлаа ярьж хилээр орж ирсэн хүмүүс, карантинд орохгүй гэж бослого гаргадаг та бидний хамаатан, найзууд гээд яриад бичээд байвал хэн нь илүү муухай хүмүүс болох нь анзаарагдана.

Бусдын гутлыг өмсөж алхаж үзсэнийхээ дараа тэр хүнийг шүүмжлээрэй гээд Английн нэг зүйр үг байдаг. Тэр Франц хүний оронд өөрийгөө тавиад төсөөлөөд нэг үзээрэй. Сошиал буллинг, бусдыг ялгаварлан гадуурхах, арьс өнгөний үзэл гаргах нь өнөөгийн нийгэмд гэмт хэрэг шүү дээ. Олон олон өсвөр насны залуус, хүүхдүүд бидний яг ийм үйлдлээс болж амиа хорлодог. Москвад явж байхад олон хүнтэй газар цагдаа нар заалттай намайг зогсоож паспорт шалгаж байсан. Монгол гэхээр инээгээд шууд явуулж байсан ч Ази царайны улмаас метро, лифть гээд олон газар Оросууд илт хажиглан, сэжиглэж, улаан цагаан ялгаварлан гадуурхаж байсан. Эвгүй, муухай л байдаг юм билээ. Цаашлаад нөгөө Бадрах Энержи гэдэг компанийг нь 20 жил Монголд уран олборлож, цөм ашиг хийж байгаа гээд яах аргагүй л боловсролтой, мэдээлэлтэй, сэхээтэн хүмүүс ташраараад цуураад эхэлж байна лээ ялангуяа твиттер дээр. Миний мэдэхийн Япон, Франц, Монголын засгийн газруудын хамтарсан энэ компани ямар ч олборлолт эхлээгүй дээ. Нууцаар доогуураа хонгил ухаад урагшаа, хойшоо зөөгөөд байдаг юм болов уу? Ингэж олон юм ганцаараа харантийнд бодоод байхаар та нарт байтугай сүүлдээ өөртөө ч итгэхээ больж эхлэж байна лээ шүү.

Орой манай өрөөний хэд улс төр ярьж байна аа. Залуус нь би тэгж боддог, Баттулга бол гээд эхлэнгүүт ах хүү тас цохиж орж ирээд л өөрийн бодлоо хэлэх юм. Нөгөө залуу би бас зарим юм мэднэ л дээ гээд дуугарсан чинь ах хүү харин чамд ер нь мэдэх юм байхгүй гээд аваад хаядаг юм даа. Сүүлдээ энэ хэд чинь хоорондоо таарахаа болилоо. Сав л хийвэл ам мурийчих гээд л, тэгснээ удаан дуугүй байхаараа уйддаг юм уу хаашаа юм худлаа бие биенээ өдөж долигнон соёлтой хэрнээ шал дэмий, худлаа юм хум асууж энэ тэр. Хөгжилтэй байна өөөөө энэ умгар өрөөнд бид дөрөв.

Манай оюутны ангийнхан намайг эргэх тухай бичиж байна. Юу хэрэгтэй вэ л гэнэ. Өдрийн тэмдэглэлийн нэг дүр болгож оруулбал гоё юм аваачиж өгнө л гэнэ. Намайг эргэхдээ биш өдрийн тэмдэглэлд нэр усаа хавчуулчих атгаг санаа агуулжээ тэр хэд маань. Үгүй яахав дээ, хүний л амьдрал хойно ганц хоёр шил, биш ээ, ганц хоёр ууттай татгалзахын аргагүй илгээмж ирвэл тэр хирааны хүмүүсийн нэрийг оруулан мөнхлөөд бүр пин пост болгож болох л юм. Гол нь өгсөн, авсандаа л өлзийтэй байвал ккк. Оюутны ангийн нэг залуу Жаргалантад бас карантинд оржээ. Тэнд бол чухам л тансаг байгаа юм байх аа. Жаргалантын амны хэдэд атаархаж байна өө. Чаддаг юм бол та нар миний хоногийн энд сунгах гэж унжралдаж байснаас Жаргалант руу нэг хүний люкс өрөөнд шилжүүлээд хэд хоногийн тэмдэглэлээ хөтлүүлээрэй ккк. Харъя бас басъя.

Өнөөдөр Монос компаниас дахин холбогдов. Карантинд байгаа хүмүүст дархлаа дэмжих талаас нэмэлт бүтээгдэхүүн өгч байгаа юу, ариун цэврийн хэрэглэл тарааж байна уу гээд нөгөө ЖАЙКА шиг тансаг асуулт асууж байна. Үгүй ээ, яасан гэсэн чинь тэд маань Monos Group - Монос Групп -рээ нилээд олон газруудад хандив өгөөд байгаа ч одоо бүх компаниараа нийлсэн томоохон хандив дахиж өгөхөөр ярилцаж байгаа юм байна. Гэхдээ ХӨСҮТ, Онцгой комисс, Онцгой байдал гээд олон байгууллагаас оновчтойг сонгох үүднээс, мөн бүтээгдэхүүн өгөх бол оновчтой сонголт хийх үүднээс танаас санал асууж байгаа юм аа гэнэ. Би ганцаараа юугаа мэдэх вэ, тэмдэглэл дээрээ оруулаад өгье, хүмүүс аандаа санал, хүсэлтээ хэлэх байх аа л гэлээ. Эх орны дөрвөн зүг, найман зовхист карантинд буй Монголчууд дуулж бай, Монос компанийн энэ саналд хариу өгөхөөр бол Tsogt-Ochir Batchuluun гээд энэ залуутай нь шууд холбогдоорой. Над руу янз бүрийн ДМ бүү бичигтүн.

Гэснээс Моносын илгээмжийн дараа дахиж янз бүрийн бараа, бүтээгдэхүүн энд тэндэхийн компаниас ер ирээгүй ээ. Ирсэн бол замд нь эмч, хамгаалалтын албаныхан авснаас зайлахгүй. Би ч энд тэндээс элдэв долоон юм горьдоод байгаа юм биш л дээ. Манай өрөөний гурав л... Тэр хэд маань дахиад өөр компани юм зум явуулахгүй юм байх даа, тээээ гээд л орой болохоор л бүлтэлзээд үүд чагнаад суудаг болсон байна билээ. Хаха.

Урж шөнө Африкт ажиллаж амьдарч буй найз гоё өгүүлбэртэй зураг явуулжээ. Махчлан орчуулбал “Бие, сэтгэл, зүрх гурваа нийлүүлж чадсан хүнд л жинхэнэ эрх чөлөө ирдэг” гээд. Энэ өгүүлбэрийн утгыг карантинд бол утгаар нь мэдэрч байна. Наранд, биш ээ хотод, биш ээ карантийнд ороогүй байхдаа хажуу дахь эрдэнэсүүдээ ч олигтой анзаарч хардаггүй байж, бас эрх чөлөө гэдгийг заримдаа шал эсрэг утгаар нь ч хэрэглэхийг шахдаг байж. Утга, учир бүхий мессеж явуулсан найздаа баярлалаа! Энэ найзын гэр бүл миний тэмдэглэлийг орчуулаад өглөөний цайн дээрээ хоорондоо бас хэлэлцдэг болсон гэсэн. Хөөрхөөн. Удахгүй Африкт бас нэг ном гаргавал бүү гайхагтун!

Үргэлжлэл бий...

Ванчигийн Ганзориг 

Холбоотой нийтлэл: 

1. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Эхний өдөр 

2. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Хоёр дахь өдөр 

3. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Гурав болон дөрөв дэх өдөр 

4. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Тав дахь өдөр

5. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Зургаа дахь өдөр

6. Каринтинд өнгөрүүлж буй 14 хоног - Долоо дахь өдөр 

7. Каринтинд өнгөрүүлж буй 14 хоног - Найм дахь өдөр 

8. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Ес дэх өдөр 

9. Каринтинд өнгөрүүлж буй 14 хоног - Арванхоёр дахь өдөр

10. Карантинд өнгөрүүлж буй 14 хоног – Арвангурав дахь өдөр 

11. Карантинд өнгөрүүлсэн (Өнгөрүүлж буй) 14 хоног – Арвандөрөв дэх өдөр

12. Карантинд өнгөрүүлсэн (Өнгөрүүлж буй) 14 хоног – Сүүлийн өдөр буюу 15 дахь өдрийн өглөө

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.