“Ид шидийн орон-2” гэж юу вэ

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Энэ бол хүүхдийн цэцэрлэг, хүүхийг хүчирхийллээс хамгаалах байр, номын сан, сургалтын төв, интернет орчин, хүүхэд залуучуудын хөгжлийн төв, гэр хороолол дахь кофе шоп. Энэ бол төрийн байгууллагын ямар ч оролцоогүй улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулалгүй босч буй ордон.  

Тэгвэл энэ ордонг яаж босгож байна вэ?

Энэ бол сайхан сэтгэлт хувь хүн, албан байгууллагуудын хандив тусламжаар, хүүхэд залуучуудын сайн дурын тусч хөдөлмөрөөр босч буй байгууламж. Нийт 2 тэрбум гаруй төгрөг шаардана. Одоо 85 хувьтай яваа. Энэ 11 сарын 23-нд барилгын урьдчилсан нээлт болно. Өнгөрсөн хавар тавдугаар сард эхэлсэн төрийн ямарч оролцоогүй, хувийн хандив тусламжаар яваа сайн дурын төслийн ажил гэхэд гайхалтай байгаа биз. Байшин барих газар олдохгүй, бүр 10 айлын газар худалдаж аваад эхэлсэн гээд бод доо. Санхүү нь шилэн данстай, олон улсын байгууллагаар аудит хийлгэдэг юм билээ.

Энэ хаана босч байгаа вэ?

Улиастайн автобусны эцсийн буудлаас 300м зайд босч байна. Энэ бол гэмт хэрэг, хүчирхийлэлийн эрсдэлтэй бүс болох Улиастайн эцэс, Шар хадны эцэс, Хужирбулан, Амгалан гэсэн Улаанбаатар хотын зүүн хэсгийн алслагдсан гэр хорооллуудын дунд босч байгаа гэсэн үг. Энэ хавьд хүүхэд ном уншаад суух байр байтугай нэг булан ч байхгүй.

Сосорбарамын Майдар-н зураг.

Энд ямар хүүхдүүд хамрагдах вэ?

Хүүхэд хөгжлийн төвд гэр хорооллын бүх хүүхэд, залуучууд хамрагдах боломжтой. Харин цэцэрлэгт нь хүнд нөхцөлтэй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдана. Өөрөөр хэлбэл төр засгийн халамж хүрэхгүй, хараа хяналтгүй, бүртгэлгүй, эдийн засгийн боломжгүй, тэжээгчээ алдсан гэх мэт гэр бүлийн хүүхдүүд хамрагдана. Тэдэнд бага насандаа дуу шүлэг сурч, боловсорч, гэгээлэг өсч өндийх боломжийг олгоно. Энд хотын төвөөс дутахгүй сургалт хүмүүжил явагдана. Бүр балет, иога, бясалгалын хичээл ч орно.

Сосорбарамын Майдар-н зураг.

Ямар зорилготой вэ?

Хүүхэд бүр л аз жаргалтай, элэг бүтэн өсөх ёстой. Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ёстой. Хүнд нөхцөлд байгаа хүүхдийг түр баярлуулаад орхих ёсгүй. Хотын төвийн хүүхэд, захын гэр хорооллын хүүхэд хоёрын, тэдэнд ирж байгаа боломжийн тэгш байдал нь тэнгэр газар шиг ялгаатай байгаа. Оюуны тэгш бус боломжийн энэ ялгааг арилгаж хүүхдүүдэд гэрэл гэгээг өгөх, итгэл урам өгөх, соён гэгээрүүлэх. Мөн монголчууд маань төр засгийг хүлээхгүйгээр, бид чаднаа гээд өөрсдөө нэгдээд зүтгэвэл юу хийж, юу бүтээж чаддагийг харуулах, монголчууд бидэнд гэрэл гэгээтэй зүйл их байна шүү гэдгийг мэдрүүлэх.

Сосорбарамын Майдар-н зураг.

Үүнийг ямар хүмүүс хийж байна?

Үүнийг “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан ахлагчтай залуучууд хийж байна даа. Одоо энэ төслийг бүрэн дуусгахад 250 сая төгрөг хэрэгтэй байгаа. Энэ сайхан зөв үйлийг та бүхэн дэмжээрэй. Утас 88084470, данс ХААН 5011455609. Илүү их мэдээллийг “Ид шидийн орон 2” - оос аваарай.

С.Майдар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.