Хүүхдүүд бие биеэ ухаан алдуулж тоглож байгааг зогсоох хэрэгтэй

Twitter Print
2014 оны 10-р сар 31-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Нийслэлийн II дунд сургуулийн сурагч 12 настай X гэх хүү амиа алдсан хэрэг гарсан. Тэрээр сургуулийнхаа хашаанд модноос өөрийгөө боож амиа егуүтгэсэн гэх мэдээлэл байгаа. Мөн ангийнх нь хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулан тоглож байгаад хүү амиа алдсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Шинжээч нарын гаргасан урьдчилсан дүгнэлтээр хүү өөрийгөө боож амиа егүүтгэсэн бололтой. Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа гэнэ.

Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаад нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээллэл гарснаас эхлэн олон эцэг, эх манай сонины редакци руу утас цохиж "Хүүхдүүд бие биеэ ухаан алдуулж тоглох нь хэрээс хэтрээд байна. Дунд сургуулийн багш ажилчид хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаад огт анхаарахгүй байна. Үүнээс болж ухаан алдсан хүүхэд зүрхний хэм алдагдаж амиа алдах тохиолдол гарч байсан" гэх мэдээллийг өгсөн юм. Эхний холбогдсон эмэгтэйн хүүхэд Сонгинохайрхан дуургийн нутаг дэвсгэрт Баянхошууны 105 дугаар дунд сургуульд сурдаг гэнэ. Хүүхэд нь тавдугаар ангид сурдаг аж.

Тэрбээр "Манай хүүхэд ангийнхаа хөвгүүдтэй нийлж байгаад бие биенийгээ ухаан алдуулж тоглоод байгаа юм. Амьсгааг нь түгжүүлж байгаад хоолойг нь хоёр гарныхаа алганы ирмэгээр хүчтэй хурдан татахаар ухаан алдаад унадаг гэнэ. Ухаан алдаад унахаар нь бусад нь шоолж инээгээд алгадаж сэрээдэг гэж ярьж байна. Намайг бага байхад ангийн хөвгүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглодог байсан. Одоо хүртэл хүүхдүүд нэгнийхээ аминд хүрч, гэмт хэрэгтэн болж мэдэх тоглоомоор тоглоод л байна. Хүүхдээ сургууль дээрээ нэгнийгээ ухаан алдуулж тоглодог гэдгийг саяхан мэдсэн. Хажуу айлын найзыгаа гэртээ оруулж ирээд ухаан алдуулаад, нөгөө хүүхэд нь ухаан орохгүй сандаргасан юм.

Үүнийг анхаарч Ерөнхий боловсролын сургуулийн захирал нэгнийгээ ухаан алдуулж тоглохыг хориглох тогтоол гаргах хэрэгтэй байна" гэв. Нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаа талаар нэгэн сурагч бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Манай ангийнхан өдөр болгон л нэгнийгээ ухаан алдуулж тоглодог. Сая нэг найзыгаа сургуулийн коридорт ухаан алдуулж тоглож байтал ангийн багш явж таараад загнуулсан. Манай ангийн охид ч нэгнийгээ ухаан алдуулж тоглож байгаа. Олон удаа ойр ойрхон ухаан алдахаар толгой өвдөөд байдаг юм билээ" хэмээн ярьсан юм.

77, 44, 111, хоёрдугаар сургууль гээд нийслэл хотын еренхий боловсролын олон сургуулийн эцэг, эхчүүд бидэнд хандсан юм. Хүүхдүүд бие биенийгээ хэд хэдэн аргаар ухаан алдуулдаг юм байна. Амьсгааг нь гаргаж байгаад аймхай дээр нь дарах, гүрээний судсыг нь дарж ухаан алдуулах зэргээр тоглодог гэнэ. Сурагчид нэгнийгээ ээлж дараалан ухаан алдуулж унаган газар уначихаад татганахаар шоолж инээж хөгжилддөг аж.

Ингэж хэрээс хэтэрсэн тоглоомоор хүүхдүүд тоглож байгаад нэгнийхээ аминд хүрч байсан гашуун түүх өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ. Цагдаа нарын хэлж буйгаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь эрсдэлтэй гэнэ. Ухаан алдсан хүүхэд амьсгалын дутагдалд орж амиа алдах магадлал өндөр байдаг аж. Хэрэв ухаан алдсан хүүхэд амиа алдвал эрүүгийн хуулийн дагуу бусдыг санаатайгаар хөнөөсөн гэх зүйл ангиар шийтгэдэг гэдгийг онцолж байлаа.

Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулах тоглоомоор тоглож байна. Тэд найзынхаа аминд хүрэх, цаашлаад өерөө гэмт хэрэгтэн болох ийм л эрсдэлтэй тоглоомоор өдөр бүр тоглох ажээ. Үүнийг сургуулийн захиргаа, багш, ажилчдаас эхлээд анхаарах, ингэж тоглож байгаа хүүхдүүдийн үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй байна.

Эх сурвалж: Э.Баатар, "Өдрийн сонин"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.