
"Занабазар"
XVII зууны үеийн шашин, нийгмийн зүтгэлтэн, Анхдугаар Богд Жавзундамба хутагт
XVII зууны Монголын бурханы шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хаан Гомбодоржийн удаах хөвгүүн болон 1635 оны “Идэр” хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Мандай толгой буюу Тахилга хэмээх нэртэй газарт мэндэлжээ. Түүний эцэг хиад ястай боржигон овогтой Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан болно. Занабазарыг 5 настай байхад Түвэдийн Жавзундарнатын 16 дахь дүр, Халх Монголын анхдугаар Богдоор өргөмжлөн шарын шашны тэргүүнд өргөмжилөн залжээ. Ийнхүү анхдугаар Богд хэмээн өргөмжлөгдсөн. Анхдугаар Богд 1649-1651 онуудад Түвэдийн гүмбүм, Үй, Зан, Лхас зуу зэрэг газарт ном үзэж байгаад Монгол нутагтаа буцаж ирсэн.
Өндөр гэгээн Занабазар нь монголын бурханы шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Түүний санаачилга оролцоотойгоор Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаагийн элч томилсон, Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалж үлдэх гэсэн оролдлого гаргаж байв. Мөн Монгол оронд бурхан шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан, урлагийн олон арван бүтээлүүдийг туурвих, өөрийн дэг сургуулийг буй болгох ажлуудыг түүхэнд гүйцэтгэсэн юм. Тэрээр халх, ойрадын зөвчилдөөний улмаас өөрийн ард иргэдийг авч 1691 онд Долоннуурт Манж Чин улсыг түших чуулган чуулснаар халхыг Манж нар эрхшээх үүд болсон юм. Түүний энэ шийдэл нь тодорхой цаг хугацааг хожих, хожмын учирч болох их аюулыг гэм хор багатай гэтэлгэх гэсэн далд санаа байсныг түүхийн баримт, түүний амьдрал гэрчилнэ.
Түүний бүтээсэн олон сүм хийдүүдээс хамгийн томоохон нь Хан Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийд буюу Рибогэжэйланганданшадублин хийд юм. Түүнийг 2013-2016 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс малтан судлаж Өндөр гэгээний уран бүтээлийн нэгэн томоохон ордон байсныг тогтоосон юм.
Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микел анжело” хэмээн Билгүүн номч Б.Ринчен үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жинлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ Ногоон дарь эх, Цагаан дахь эх, язгуурын 5 бурхан, Долоон нандин, Ноёны шүтээний манал, Аюуш зэрэг бурхадыг бүтээсэн нь хүн төрөлхтөний урлагын түүхэнд хосгүй бүтээл болжээ.
С.Чулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.