Бразилийн сенаторууд Ерөнхийлөгч Жаир Болсонаруг хүн амыг үй олноор хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж байна

Twitter Print
2021 оны 10-р сар 20-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Сенатын дэргэдэх зөвлөл Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусын цар тахлын эсрэг зохих арга хэмжээ аваагүйгээс олон мянган хүн амиа алдсан учраас түүнийг хүн амины хэргээр шүүхэд өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Ерөнхийлөгч Жаир Болсонару уг мэдэгдлийг улс төрийн зорилготой явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Нөгөөтэйгүүр түүний ойрын түнш гэгддэг өөрийнх нь томилсон Ерөнхий прокурор Аугусто Арас түүний эсрэг хэрэг үүсгэх магадлал өчүүхэн бага гэдгийг ажиглагчид онцолж байна.

Сөрөг хүчний гишүүн, сенатор Ринан Калхейросын бэлтгэсэн 1200 хуудас бүхий баримтанд Ерөнхийлөгч Ж. Болсонару коронавирусын эсрэг вакциныг эрт авах боломжийг алдсан, хүн амаа коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг хойшлуулсан зэргээс болж Бразилийн 95 мянган иргэн амиа алдсан хэмээн онцолсон байна.

Түүнчлэн тус баримтанд Бразилийн засгийн газар цар тахалд хайнга, бодлогогүй хандсаны улмаас Бразилийн хүн амын дунд коронавирусын халдвар ихээр тархсан хэмээн дурджээ.

Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Ж. Болсонаругаас гадна түүний 3 хүү, цар тахлын үеэр Жаир Болсонаругийн засгийн газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж буй төрийн дээд албан тушаалтнуудад мөн адил эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байна.

Уг баримтыг албан ёсоор Сенат дээр хэлэлцэх ба сенаторууд хүлээн зөвшөөрвөл уг баримтыг Бразилийн Ерөнхий прокурорт шилжүүлэх аж.

Ерөнхий прокурорын хувьд уг баримттай танилцан, 30 хоногийн дотор нэр дурдагдсан албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авахаа мэдэгдэх ёстой аж.

Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар Бразилд коронавирусын цар тахал эхэлснээс хойш халдварын 21.6 сая тохиолдол бүртгэгдэж, 603 мянга гаруй хүн уг вирусын халдварын улмаас нас баржээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.