
Гадаа цаг агаар хүйтэрсэн нь таныг зүүх дуртай шилээ далд хийгээрэй гэсэн үг биш юм. Өвлийн жавартай өдрүүдэд ч гэсэн нарны шил зүүх нь зуны нартай өдрүүдэд нарны шил зүүсэнтэй ижил таны нүдний эрүүл мэндэд тустай. Нарны шилийг хамгаалалт гэж бодох хэрэгтэй. Та бороотой өдөр шүхрээ эсвэл хүйтэн өдөр зузаан пальтогоо гэртээ үлдээгээд гардаггүй шүү дээ. Тэгвэл яагаад өвлийн нарлаг өдрүүдэд нүдээ хамгаалах шилээ зүүхгүй орхино гэж.
Хэт ягаан туяанаас хамгаална.
Нарны хэт ягаан туяа ямар ч улирал байсан тусч байдаг. Ус, цас, мөсөн дээр эсвэл тэдгээрийн ойролцоо байх нь хэт ягаан туяаны цацрагийн хэмжээг ихэсгэдэг.
Америкийн Хавдрын Нийгэмлэгийн судалгаагаар нүдийг хамгаалахгүйгээр наранд удаан хугацаагаар байх нь нүд орчмын арьс үрчлээтэх, бор толбо үүсэх, мөн нүдний эвэрлэг, торлог бүрхэвчид нөлөөлж улмаар болор цайх гэх мэт нүдний өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг харуулжээ. Тийм ч учраас хэт ягаан туяаг хаадаг нарны шил зүүж, нүд болон түүний эргэн тойрон дахь эмзэг арьсаа хамгаалахыг тус нийгэмлэгийн мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил нь 400 нано метр хүртэл хэт ягаан туяаг шүүх зориулалттай байдаг. Энэ нь нарны хэт ягаан туяаг 99-100 хувь шүүж нүдэнд зөвхөн үзэгдэх гэрлийг л хүргэж байна гэсэн үг юм.
Ийм шилийг таних хоёр арга бий. Нэгдүгээрт, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилнүүд "CE" гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаална” гэсэн тэмдэглэгээ юм. Мөн үүнээс гадна "UV protection 400" гэсэн тэмдэг байна. Нэг үгээр хэлбэл, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил мөн эсэхийг тэмдэглэгээгээр нь таньж болно.
Загварлаг байдлыг бүрдүүлнэ
Мэдээж хэрэг загвар нарны шил сонгоход хамгийн чухал. Шилний бараан өнгө нь хэт ягаан туяанаас илүү сайн хамгаална гэсэн ойлголт нь өрөөсгөл юм. Нарны шилний хэт ягаан туяанаас хамгаалах чадвар нь шилний өнгө гэхээс илүүтэйгээр үл үзэгдэх химийн бодисоос үүдэлтэй тул та өөрийн хараа, хэв маягтаа тохируулан төрөл бүрийн өнгө загвартай нарны шилнээс сонгон өнгө төрхөө тодорхойлох боломжтой юм.