
ОХУ Беларусийн талаас довтолж болзошгүй гэж үзэн Киев Беларусийн хил дээрх хамгаалалтаа чангатгахаар төлөвлөсөн талаар Украины Дотоод хэргийн орлогч сайд Евген Енин BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Минскт айлчилж, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсан юм.
Беларусь нь Украинаас гадна ОХУ-тай хил залгаа улс билээ.
Ерөнхийлөгч В. Путин Минскт айлчлахын өмнөхөн ОХУ-ын Батлан хамгаалахын яам Беларусьт байрлаж байгаа ОХУ-ын зэвсэгт хүчний цэргүүд Беларусийн зэвсэгт хүчний цэргүүдтэй хээрийн хамтарсан сургуулилт хийх тухай мэдэгдсэн ба үүнтэй холбоотойгоор Украины тал ОХУ болон Беларусьтай хиллэдэг бүс нутаг дахь цэрэг, зэр зэвсгийн хүчээ нэмэгдүүлж байгааг Евген Енин онцолжээ.
Беларусийн хувьд ОХУ-ын Украинд явуулж буй дайнд шууд оролцоо байхгүй ч өнгөрсөн 2-р сард ОХУ Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин Украин руу довтолсон билээ. Нөгөө талаас ОХУ-ын зүгээс Минскээс Оросын "цэргийн тусгай ажиллагаанд" дэмжлэг үзүүлэхийг шаардсаар байгаа билээ.
Ерөнхийлөгч В. Путин хамгийн сүүлд 2019 онд Минскт айлчилж байсан бол Беларусийн Ерөнхийлөгч А. Лукашенко зөвхөн 2022 онд л гэхэд ОХУ-д 7 удаа айлчилжээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт 2 цаг гаруй үргэлжилсэн ба уулзалтын үеэр талууд эдийн засгийн асуудлууд тэр дундаа ОХУ-ын Беларусьт нийлүүлж буй газрын тос, байгалийн хийн үнийг хэлэлцжээ.
Түүнчлэн хоёр улс тогтмол цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулж, цэргийн шинэ технологийн хөгжүүлэлтэн дээр хамтран ажиллаж, ирэх жил Олон Улсын Сансрын Станц руу Беларусийн сансрын нисгэгчийг бэлтгэн илгээх тухай ярилцжээ.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр В. Путины айлчлал ОХУ-ын Украинд явуулж буй дайнд Минскийг татан оролцуулахтай холбож байгаа ч ОХУ-ын талаас энэ нь "ямар ч үндэслэлгүй" гэдгийг онцолжээ.
Нөгөө талаас В. Путин Минскт айлчлал хийсэн нь өнөөгийн нөхцөлд байдалд ганц түнш болон үлдсэн улсдаа "тал засаж" буй явдал хэмээн зарим ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.