Ерөнхийлөгч Си Жиньпин Ухань хотод айлчилжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин коронавирусын халдварын голомт болсон Ухань хотод айлчилсан байна.

Тэрээр энэхүү айлчлалаараа хятадууд нөхцөл байдлыг хяналтандаа авч чадсан болохыг дэлхийд харуулахыг зорьсон хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн мягмар гарагт Хятадад коронавирусын халдвар авсан 19 тохиолдол бүртгэгдсэн нь Ковид-19 вирусын халдвар дэгдсэнээс хойш Хятадад бүртгэгдсэн хамгийн бага тоо юм. БНХАУ-д коронавирусын халдварын нийт 80 754 тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 3136 хүн нас бараад байгаа билээ. Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд халдварын голомт болсон бүс нутгийн удирдлагуудын халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хянах ажлыг шалгахаар Ухань хотод өнгөрсөн мягмар гарагт айлчилсан байна.

Коронавирусын халдварын дэгдэлтийг зогсоохын тулд эрх баригчид Ухань хот болон Хубэй мужид хатуу хөл хорио тогтоосон юм. Айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Си Жиньпин Хубэй муж болон Ухань хот дахь коронавирусын халдварын дэгдэлтийг "тогтоож" чадсан хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр, "Нөхцөл байдал тогтворжиж, Хубэй болон Ухань дахь нөхцөл байдал сайжрах тал руугаа эргэсэн." хэмээн онцолжээ. Хятадын төв телевизээр мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлал "Хятад улс коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотой хар бараан үеийг даван туулж, өөдлөн дэвших зам руугаа орж буйг Хятадад болон дэлхийн бусад улс орнуудад" маш тод томруун харууллаа гэжээ.

Айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Си Жиньпин коронавирусын халдвар авсан иргэдэд зориулж, 10-хан өдрийн дотор барьсан Хуошеньшаний эмнэлэгт очсон ба эмнэлгийн ажилчид болон өвчтнүүдтэй цахимаар холбогдож ярилцсан байна. Ерөнхийлөгч Си Жиньпиний Ухань хотод хийж буй айлчлал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа ч тэрээр халдварын голомтонд очсон нь Хятадын Коммунист нам коронавирусыг ялсанаа удахгүй зарлана гэсэн үг юм хэмээн Ренмин Их Сургуулийн профессор Жан Мин Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Хятадын төв телевизээс мэдээлж байгаагаар коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор баригдсан 14 түр эмнэлэг бүгд хаагдсан байна.

Хятадын хэвлэл мэдээллээр коронавирусын халдвар дэгдсэнээс хойш Ерөнхийлөгч Си Жиньпин цөөн удаа дурдагдсан ч Хятадын төрийн тэргүүн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын дэгдэлтийг хянах ажлыг биечлэн удирдаж байсан болохыг CGTN суваг онцолжээ. Түүний орлогч, дэд Ерөнхийлөгч Ли Көцян өнгөрсөн 1-р сард Ухань хотод айлчилсан юм.

Коронавирусын халдвар авсан иргэдийн тоо тасралтгүй буурч, өнгөрсөн өдрүүдэд Ухань мужаас бусад бүс нутагт коронавирусын халдвар авсан тохиолдлууд шинээр бүртгэгдээгүй юм. Үүнтэй холбоотойгоор Чинхай мужийн дунд, ахлах сургуулиуд хичээллэж эхэлсэн бол Ухань хотын нисэх онгоцны буудал мөн л үйл ажиллагаагаа сэргээхээр бэлтгэж байна. Шанхай дахь Диснейлэнд хэсэгчлэн ажиллаж эхэлсэн ба тус соёл амралтын хүрээлэнгийн дэлгүүр, зоогийн газрууд үүд хаалгаа нээжээ.

Эх сурвалж: CGTN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.