Эрэгтэйчүүдийн нас баралтын үндсэн шалтгаан

Twitter Print
2023 оны 04-р сар 06-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Эрэгтэйчүүдийн нас баралтын үндсэн шалтгаан

1-р байр, үхэлд хүргэдэг хамгийн түгээмэл эмгэг бол зүрхний ишеми (цусан хангамж муудах) ба тархинд цус харвах.

2-рт хавдар, үүнд хепатитийн вирус+архи хэрэглэдэг учир элэгний хавдар тэргүүлэх байранд ордог, хеликобактер, стрессэ гаргаж чаддаггүй, дээрээс нь мах, давс их хэрэглэдэг тул ходоодны хавдар удаах байрыг эзэлдэг ба эрчүүд маань тамхиар угждаг тул уушгины хавдар 3-рт ордог.

Эрчүүдийг нөгөө ертөнц рүү авч явдаг үндсэн эмгэг бол зүрхний ишеми. Зүрхний ишеми өвчний үндсэн суур эмгэг бол титэм судасны атеросклероз. Харин атеросклероз буюу артерийн судас хатуурах гэдэг нь олон жилийн турш судасны дотор хананд ханасан өөх тос буюу холестерол, триглицерид (нөгөө амьтны өөх тос, энэ өөх тосууд царцдаг) артерийн судасны хананд хуримтлагдаж, дээр дээрээсээ давхарлагдсаар байгаад сүүлдээ артерийн судасны хөндийг нарийсгана, бөглөнө, ингээд л тухайн эрхтний цусан хангамж буурах буюу ИШЕМИ гэж анагаах ухаанд нэрлэдэг.

Тэгвэл судасны хатуурал юунаас үүсэх вэ? Маш энгийн, үүнд толгой эргээд ч байх зүйл байхгүй, эрчүүдээ бүрэн хамгаалах боломжтой аргууд бий.

1) ТАМХИ, удаан хугацаанд тамхи татах нь судасны ханыг гэмтээдэг, гэмтсэн судасны хана дээр холестерол хуримтлагдахдаа амархан. Тамхи мөн цус бүлэгнэлтийг ихэсгэдэг, зүрхний титэм судасны ханыг бөглөж болно. Сонирхуулж хэлэхэд >21 настайд тамхи татах бол тамхинд донтох нь цөөхөн, тийм учир 21 нас хүртэл тамхи худалдахыг хориглодог.

2) Чихрийн шижин. Энд 2-р төрлийн чихрийн шижингийн тухай дурдмаар байна, насанд хүрсэн хүмүүс хамгийн түгээмэл өвддөг. Бодисын солилцооны хямрал, цусанд сахар ихэснэ гэхдээ инсулинд мэдрэг биш. Инсулинээр эмчлэхгүй харин хоолоороо зохицуулдаг. 2-р төрлийн чихрийн шижингээр тарган болон хөдөлгөөнгүй хүмүүс илүү өвддөг.

3) Даралт ихсэх өвчин, түүний үндсэн шалтгаан дээр дурдсан атеросклероз

4) Цусан дах холестеролын хэмжээ өндөр. Холестерол "муу" өөх тосонд ордог (бага нягтралтай липопротеин LDL) ба дээр дурдаж байснаар ханасан өөх тос хэрэглэх буюу амьтны гаралтай өөх тос юм.

5) Бүсэлхийн тойрог эмэгтэй хүнд >89 см, эрэгтэй хүнд >102 см байвал даралт ихсэх болон зүрхний эмгэгээр өвчлөх магадлал өндөр байдаг. Хэвлийн өөх буюу висцерал ч гэж хэлдэг, энэ өөх нь хэвлийн хөндийд байрладаг дотор өөх юм.

6) Хөдөлгөөний дутагдал нь таргалах, холестерол, триглициридын хэмжээ цусанд өндөр болгох, чихрийн шижин г.м өвчний суурь болдог.

Шалтгааныг харах бол бидний амьдралын хэв маяг болон ёс заншил эрчүүдийг мань нөгөө ертөнц рүү түргэн явуулах юм шиг.

Тамхи, за бараг эрэгтэй хүнийг бид тамхигүйгээр төсөөлж чаддаггүй, дуундаа ч гэсэн "тамхиа нэрээд аав минь" гэдэг тээ. Орчин үед тамхи, архи хэрэглэдэггүй бол найз бараг олдохгүй, тэдний хүрээнд орохын тул аль алийг хэрэглэх шаардлага гарна, үгүй бол хүрээндээ оруулахгүй, жийнэ, үг хаяна, нас бага бол шахна, уруу татна.

Таргалалт, энэ бол 21-р зууны тахал, хэрэв дээр үед баячууд нь тарган байсан бол өнөөдөр ядуучууд нь эсрэгээрээ тарган болсон, гэхдээ энэ тенденци манай эрчүүдэд хамаарахгүй. Эрчүүд мань >30 настай, гэрлэсэн бол ихэнх нь гүзээтэй болсон. Гэдэс эрэгтэй хүнийг чимдэг гэдэг ойлголтыг чинь өнөөдөр анагаах ухаанд, бүсэлхийн тойргийн хэмжээг зүрх судасны эмгэг болон чихрийн шижин үүсэх эрсдэлийг тогтоох шалгуур болгожээ.

Ишеми, даралт ихсэн эмгэгийн үндсэн механизм, амьтны гаралтай өөх тос судасны ханыг нарийсгах буюу атеросклероз юм. ФБ нэг пост яваад л байсан ээж, эхнэрүүд хоолны дээжийг нөхөртөө өгч байна гээд л хамаг тосыг нь түүгээд өгнө, идэж чадахгүй өөхөө аавынхаа аяганд хийнэ гэсэн хошигнол, үнэний хувьтай.

Бидний үндсэн хоол бол мах, өөх, мэдээж түүнээс бүрэн татгалз гэж хэлэхэн ч юу юм бэ, гэхдээ хэрэглээгээ хязгаарлаж болно, ядахдаа өдөрт хоёр биш нэг, өдөр болгон биш гэхэд өдөр өнжөөд махтай хоол идэхэд л болно.

Эмэгтэйчүүд эрчүүд Та нараас яагаад урт насалдаг гээч:

1-рт эм бэлгийн гормон судас хатуурах эрсдэлээс авардаг, харин эр бэлгийн гормон эсрэгээрээ түүнийг дэмждэг.

2-рт бид биедээ та нараас илүү анхаардаг, харин Та нар ээж, эхнэртээ эрүүл мэндээ даатгадаг, ээж, эхнэр чинь эмнэлэг рүү дагуулж явахгүй л бол Та нар өөрсдөө бараг л бол явахгүй, гэрийн тэжээвэр амьтан л гэсэн үг. Заримдаа бид Та нарыг асрахаасаа их залхдаг, мартдаг.

3-рт эмэгтэйчүүд бид стрессээ уйлаад, чарлаад, ээж, аав, найздаа ховлоод, муулаад, дэлгүүр хэсээд, чихэр, бялуу идээд гаргачих боломжтой. Эрчүүдийн эмоцыг хариуцдаг төв эмэгтэйгээсээ сул хөгжсөн байдаг, тэд сэтгэлээ сайн нээж чаддаггүй. Байгалиасаа учир дутагдалтай зүйлийг нь бид хүмүүжлээр улам бүр гүнзгийрүүлдэг "эрэгтэй хүүхэд уйлдаггүй, гоншгонодоггүй, эмэгтэй хүн шиг шалчганадаггүй, олон юм ярьдаггүй г.м" . Яахав тэр дээр үед хэрэгтэй л байсан байх, харин орчин цагийн нийгэм тэр хэдэн зуун жилийн өмнөхөөс чинь ч илүү нарийн, ярвигтай, асуудалтай, өрсөлдөгч олонтой болсон. Механизм нарийн болох тусам эвдрэхдээ амархан гэдэг шиг тархи ч гэсэн дийлэхгүй өчнөөн олон сэтгэцийн завсрын эмгэгүүд бий болж байна ш дээ. Бидний бүтээх гэж оролдож байгаа тэр баатар, хэнэггүй, эршүүд, гүндүүгүй, тэнэгдүү эр, өнөөдрийн энэ ярвигтай, нарийн нийгэмд амьдарч чадах уу гэвэл үгүй. Хөөрхий стрессээ гаргаж яръя гэх болов ч хэнд ярихаа мэдэхгүй, яаж ярихаа ч ойлгохгүй болтол нь хүмүүжүүлчихсэн, ингээд л нөгөө архи, тамхитайгаа ноцолдоно.

4-рт эмэгтэйчүүд бид биеийн хөдөлгөөний хомсдолд ордоггүй: өглөө хүүхдээ хувцаслана, цайгаа хийнэ, хүүхдээ цэцэрлэг сургууль хүргэж өгнө. Ажил дээрээ бол бөөн хөдөлгөөн, бөөн хов , жив, гэртээ ирээд л гэрийн ажил, хоол унд. Хөөрхий эрчүүд өглөө өөрийгөө хувцаслаа, ажилдаа явлаа, ирлээ, хоолоо идлээ зурагтын удирдлагатай ноцолдлоо. Идсэн мах, өөх тос чинь хэвлийн хөндийд хуримтлагдлаа, гүзээ суулаа, зүрх судасны эмгэг үүсгэх нөхцлийг бүрдүүллээ.

Бидний амьдралын хэв маяг болон ёс заншил, энэ гэрлийн хурдаар хөгжиж байгаа орчин цагийн нийгэмд тохирч байна уу гэж бид өөрсдөөсөө асуух цаг ирсэн, эсвэл хуучинтайгаа ноцолдоод эрчүүдээ алдаад дуусах юм уу?

Бичиггаравын Булган

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.