О.Баялаг: Хүүхдийн уруул, амны ойролцоо үнсвэл шүдийг нь өвчлүүлдэг

Twitter Print
2019 оны 12-р сар 11-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Сүүн шүдний өвчлөл болон арчилгаа, эмчилгээний талаар “Сүүн шүдхэн” хүүхдийн шүдний эмнэлгийн эмч О.Баялагтай ярилцлаа.

-Сүүн шүд байнгын шүдтэй харьцуулахад амархан өвчилдөг. Шалтгаан нь юу вэ. Цооролт үүссэн бол ямар арга хэмжээ авах вэ? 

-Хүүхэд дунджаар зургаан сартайгаасаа шүдэлж эхэлдэг. Улмаар гурван нас хүрэхэд сүүн шүд бүрэн ургаж гүйцдэг бөгөөд энэ үед дээрээ 10, доороо 10 шүдтэй болох ёстой. Бүтэц нь байнгын шүдтэй ижил ч паалангийн эрдэсжилт бага учир амархан цоордог юм. Нэг шүд цоороход л маш хурдан хугацаанд бусдадаа халдварладаг. Тиймээс хэрэв цоорсон бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эмнэлэгт хүүхдийн шүдний цоорлоос шалтгаалан ломбодох, түрхлэг түрхэх зэрэг арга хэмжээ авдаг. 

-Хүүхдийн шүд харилцан адилгүй ургадаг. Заримд нь ой хүрээд дөнгөж шүд цухуйдаг бол цахиуртай төрөх нь ч бий. Үүний шалтгаан болон үр нөлөөг тайлбарлана уу? 

-Цахиур цухуйх хугацаа харилцан адилгүй байдаг нь тухайн хүүхдийн онцлог, өсөлт хөгжилтэй холбоотой. Түүнчлэн ээжийнх нь жирэмсэн байхдаа хэрэглэсэн амин дэм, витамин хүүхдийн сүүн шүдний ургалтад нөлөө үзүүлдэг. Үүний улмаас зарим хүүхэд төрөхдөө цахиуртай байдаг нь хэвийн үзэгдэл. Гэхдээ эрт цахиур нь цухуйсан хүүхдийн шүд амархан цоорох талтай. Учир нь нярай хүүхэд ойр, ойрхон мөөм хөхдөгөөс шүд нь сүүнд түлэгддэг. Харин сүүн шүд ургахгүй хэт удвал хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. 

-Сүүн шүдний цоорлоос хэрхэн сэргийлэх вэ? 

-Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь анх цахиур цухуйж эхэлмэгц нь арчлах хэрэгтэй. Гэхдээ хүүхдийнхээ шүдийг арчилна гээд эцэг эхчүүд хэт бага сартайд нь оо, сойзоор угаах гэж оролддог нь буруу. Нялх хүүхдийн шүдийг оо, сойзоор угаах ямар ч боломжгүй. Тиймээс бинт хуруундаа ороож, цэвэр усанд норгоод, буйл, шүдэнд наалдсан сүүг арчих нь зөв. Харин 6-8 шүдт эй болмогц нь синтетик үстэй сойз хэрэглэх нь тохиромжтой. Шүдний сойзыг сонгохдоо үүдэн хоёр шүдний хэмжээтэй, зөөлөн үстэй, урт иштэй байвал тохиромжтой. Нэг хүртэлх настай хүүхдийн шүдэнд оо шаардлагагүй.

Учир нь бага насны хүүхэд оог залгичихдаг нь дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүмүүс шүд арчилгааны хамгийн чухал хэрэгслийг оо гэж андуурдаг бөгөөд сойзны толгойны хэмжээгээр түрхэж, хэрэглэдэг. Стандартаараа бага насны хүүхдэд нэг ширхэг будааны хэмжээтэй, 4-5 настай бол хоёр будаатай адил хэмжээний оо хэрэглэх ёстой. Мөн анх шүдээ угаалгаж буй хүүхэд эсэргүүцэж, дургүйцдэг. Энэ үед ээж, аавууд “унаад ургадаг шүд юм чинь угаах гэж зовоох хэрэггүй” гэж бодоод орхидог тал бий. Багаас нь угаах дадал суулгах хамгийн чухал.

-Үүдэн шүд цоорохыг хөхний сүүтэй холбож тайлбарладаг. Тиймээс шүдийг нь эрүүл байлгахын тулд хөхнөөс гаргах хэрэгтэй юу? 

-Хүүхдийн үүдэн шүд сонгомлоор цоорох нь хөхний сүүтэй шууд холбоотой. Мөөмөө идсэний дараа амаа хааж унтахаар уруул, шүдний завсар сүү үлддэг. Улмаар аман дотор агааргүй орчин үүсэж, хөхний сүүнээс хүчил ялгаран, шүдний пааланг хайлуулдаг. Шүд цоороход бактерийн халдвар, өнгөр, цаг хугацаа гэсэн үндсэн гурван хүчин зүйл нөлөөлдөг. Хүмүүс манай хүүхэд чихэр иддэггүй ч шүд нь хорхойтлоо гэдэг. Энэ нь бактерийн халдвараас үүдэлтэй. Томчууд хүүхэддээ амнаасаа хоол, чихэр өгөх, уруул, ам орчимд нь үнсэх зэргээр амны хөндийд буй нянгаа хүүхдэдээ дамжуулдаг.

Цахиур цухуйгаагүй үед нь бусдаас дамжиж ирсэн нян шүдэлж эхлэх үед цахиурт нь наалддаг. Улмаар мөөмөө идэн өнгөр тогтоож энэ нь тодорхой хугацааны дараа өвчлөл үүсгэдэг. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн шөнө хүүхдээ хөхүүлэхгүй байх нь зөв. Мөн хүүхэд тань нэг нас хүрсэн бол бор хоолыг нь сайн өгөөд, хөхнөөс нь гаргахыг хичээгээрэй. Гэхдээ зарим хүн шөнө хүүхдээ сэрэхэд нь чихэртэй тараг, жигнэмэг өгдөг. Энэ мөн л шүдний цоорол үүсгэх үндсэн хүчин зүйл болдог. 

-Сүүн шүдний өвчлөл ямар сөрөг нөлөөтэй вэ, бага насны хүүхдийн шүдийг авахуулах нь хэл ярианы хөгжилд муу гэдэг. Мөн хамрын дайвар хөндий өвчлөх шалтгаан болдог хэмээх юм? 

-Хүүхдийн сүүн шүдийг аль болох авахгүй, эмчилгээ хийхийг хичээдэг. Учир нь шүд авах нь маш олон сөрөг үр дагавартай. Тухайлбал, байнгын шүдэнд гажиг үүсдэг бөгөөд хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнээс болж зарим үсгийг хэлж чадахгүй байх, зарим үгийг буруу дуудах зэрэг сөрөг талтай. Мөн үүдэн болон бага араа, шүдний ёзоор, хамрын дайвар хөндийтэй харьцаж байдаг. Тиймээс шүдний өвчлөл хамрын хөндий үрэвсэх нэг шалтгаан болж байгаа юм. Гэхдээ энэ өвчлөл байнгын шүдэнд илүү тохиолддог. Мөн хүүхдийн шүд хорхойтвол маш хүчтэй өвддөг.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.