ИЗНН-аас улс орны нөхцөл байдалд хийсэн үнэлэлт, дүгнэлт

Twitter Print
2014 оны 10-р сар 29-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Иргэний Зориг Ногоон Намын Улс төрийн Зөвлөл, Үндэсний Хороо энэ сарын 25-ны өдөр хуралдаж доорхи үнэлгээ, дүгнэлтийг хийжээ.

 Үүнд:

1.   Улс төрийн хүрээнд:

1.1. Улс төрийн хүрээнд өнөөдөр үүсээд буй ээдрээтэй хүнд хэцүү нөхцөл байдал нь цаашдаа монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулах байдалд хүргэж болзошгүй байна. Ард түмний нийтлэг эрх ашгийг хамгийн түрүүнд бодох ёстой улс төрийн намууд энэ эрхэм үүргээ огоорон нам хоорондын, фракц хоорондын, нам дамжсан бүлэглэл хоорондын эрх мэдлийн төлөө далд хуйвалдаан, тэмцлийн хэлбэрт орж буйг эдгээр улс төрийн намуудын буруу төлөвшил, гаж хөгжлийн үр дүн, үр дагавар гэж олон нийт, ард иргэд жигшин ярьцгааж байна.

1.2. Хүний эрх, эрх чөлөөг ноцтойгоор зөрчих, үндсэн хуульд тунхагласан энэхүү язгуур эрх, эрх чөлөөг үл хүндэтгэж, ямар ч хуулийн заалтаас хамгийн дээр тавигдах учиртай энэ үзэл санааг үл тоомсорлох, үндсэн хууль, бусад хууль, монгол улсын энэ чиглэлээр нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн үг, үсэг, үзэл санаа илт зөрчигдсөөр байхад төрийн эрх барих, хууль тогтоох эрх мэдлийг Үндсэн хуулийн дагуу өөртөө хадгалдаг УИХ, түүнийг бүрдүүлж буй улс төрийн гол намууд энэ ноцтой нөхцөл байдалд нэгдсэн анхаарал, нэгдсэн байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь Монгол улсад хуулийн засаглал гажуудах нөхцөл байдал үүссэнийг харуулж байна.

1.3. Энэ бүхэн жам ёсны үр дагавар болж, монгол улсад засаглалын хямрал бодитойгоор нүүрлэх нөхцөл байдал үүслээ. Энэ бол засгийн эрхийг хэн барьж буйгаас үл хамааран монгол төр, түүнийг бүрдүүлж буй субьектуудын өмнө ижил тэгшээр тавигдаж буй томоохон сорилт мөн. Энэхүү сорилтыг хэрхэн яаж даван туулах, ямар хариу үйлдэл хийж засаглалын хямралыг зогсоож чадах эсэх нь Монгол улсын нэр хүнд, олон улсын харилцааны хэр зэрэг  найдвартай, тогтвортой түнш байх сэхийг харуулах төдийгүй, монгол төрийн дархлаа хир хүчтэй байгаагийн шалгуур болох болно. Монгол улс глобаль ертөнцийн нэг хэсэг болохоос бус, дотоодын хэрүүл тэмцэлдээ улайрсан тусгаарлагдсан арал бишээ.

2.   Эдийн засгийн хүрээнд:

2.1. Эдийн засгийн хямралт байдлын шинж тэмдгүүд макро эдийн засгийн хүрээнд тэр бүр ил тод харагдахгүй байгаа мэт буруу төсөөлөл үүсгэж буй ч эдийн засгийн системийн өөрийгөө нөхөн тэжээх явдаг гинжин хэлхээ, түүний дархлаа суларч, энэ нь цаашид даамжирахаар байдалд байна. Эдийн засаглалын үр ашиггүй илүүдэл, данхар засаглалын бүтцийг бий болгож, энэ нь улс төрийн эрүүл бус өрсөлдөөнөөр өдөөгдөн даамжирч, системийн шинжтэй хямрал болох, улс орны эдийн засгийн дархлаа эрс сулрах, улс орон бүхэлдээ эдийн засаг, улс төрийн дефолт болох аюул заналыг  үгүйсгэж болохгүй.

2.2. Ардчилсан тогтолцоо үүссэн цагаас хойш ажилласан бүх засгийн газар, УИХ-ууд монголын ард түмний нийтлэг хүсэн хүлээж суудаг амьжиргаагаа тогтвортой дээшлүүлэх, үнийн өсөлтийн дарамтгүй орчинд амьдрах горьдлого, найдварыг нь биелүүлж чадаагүй. Тийм учраас, "бидний үед инфляци гайгүй байсан, та нарын үед ингэчихлээ" гэх мэтийн улс төрийн мэтгэлцээн, хэрүүлээс ард иргэд залхаж байна. Ард иргэдэд тэдний амьжиргаа, худалдан авах чадварт нь сөргөөр нөлөөлдөггүй зах зээлийн үнийн түвшин, амьдрал ахуйд нь хүрэлцэх хэмжээний цалин, тэтгэвэр, ажил амьдралаа дээшлүүлэх, аж ахуй бизнесээ өсгөж томруулах  хүчин чармайлтад нь дэм болдог тийм л улс төр, тийм л эдийн засаг хэрэгтэй байна.

3.   Нийгмийн хүрээнд:

3.1. Улс төрийн эрүүл бус өрсөлдөөний уршгаар бий болсон, хүний дотоод хүч нөөц, авьяас чадварыг дэмжих бус, хүмүүсийг тэжээврийн сэтгэхүй, авир төрх лүү өөрийн эрхгүй түлхэж байдаг хавтгайрсан халамжийн нийгмийн бодлогоос татгалзаж чадсан хэдий ч, улам бүр ангал зай нь нэмэгдэж буй орлогын тэгш бус байдал, архагшсан ядуурлыг бодитой бөгөөд үр дүнтэй шийдвэрлэх чадвартай нийгмийн бодлого гарч ирээгүй, монгол улс хүний хөгжлийн олон талт олон хүчин зүйлт бодлогоо иж бүрэн тодорхойлоогүй, “хагас хавтгайрсан” нийгмийн бодлого, үйл ажиллагаа бүхий улс байсаар л байна.

3.2. Монгол хүний эрүүл мэнд доройтож, хүний хөгжлийг иж бүрэн хангах ёстой орчин тааруу, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаажсан эрх нь хэрэгжихгүй, шалдар булдар нийгмийн орчин үүний шийдэл  болж чадахгүй атлаа эсрэгээр нийгмийг уруудуулах ороо бусгаа улс төр одоо цагт огт хэрэггүй байна. Монголчуудыг манлайлж явах ёстой улс төрчид, улс төрийн намууд бие биенээ унагаж бус, улс орноо өөд татах, урагшлуулах, арагшаа харж бус урагшаа зүтгэх, Монгол хэмээх нийтийн гэр орноо хамт төвхнүүлэх цаг болсон байна. Чухамдаа энэ бол монголчууд бидний хүсэн мөрөөддөг сайн цаг бөгөөд богино зайн улс төрийн тоглолтууд нь зөвхөн цөвүүн цагийн шийдэл гэдгийг ухаарч сэхээрэх нь энэ сайн цаг ирэхийн эхний шалгуур байх болно. 

Сайн цаг ирэх болтугай. Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хороо.

Улаанбаатар хот. 2014 оны 10 дугаар сарын 25

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.