Эзнээ хэрэгт "хийсэн" хар халтар даага

Twitter Print
2014 оны 10-р сар 29-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

-ДААГАНЫ ЭЗЭН М.БАТЖАРГАЛ ЖОЛООЧ Ү.МӨНГӨНИЙ МАШИНЫ ХОХИРОЛ БОЛОХ ХОЁР САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ БАРАГДУУЛАХААР БОЛЖЭЭ-

Хээр гүүнийхээ хар халтар зүсмийн эр дааганаасаа болоод Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн М.Батжаргал хоёр сая гаруй төгрөгийн өрөнд ороод байна. Өрөнд орсон нь ийм учиртай аж.

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний 16:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн нэгдүгээр автобусны буудлын ойролцоо 87-19 УНВ улсын дугаартай "Hyandai Starex" маркийн автомашин адуу дайрсан хэрэг гарсан юм байна. Уг машиныг Ү.Мөнгөн гэх залуу унаж явсан байна. Тэрбээр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт "Нисэхийн замаар явж байтал гэнэт зам дээр адуу гараад ирсэн. Яаж ч бололгүй адууг мөргөчихсөн юм" гэжээ. Адуу мөргөсөн хэргийг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Жолооч Ү.Мөнгөн осол гарсан даруйд машинаа жолоочийн хариуцлагын даатгалд хамруулсан компани руу утасдаж мэдэгдсэн гэнэ. Тэрбээр "Тэнгэр даатгал" компаниар машинаа даатгуулсан байжээ. Ингээд Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Н.Шинэбаатар хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргажээ. Харин энэ үед машинд дайруулсан дааганы эзэн М. Батжаргал "Даагаа төлүүлнэ. Адуу зам хөндлөн гарах гээд явж байхад харахгүй мөргөчихсөн байна лээ. Би гомдолтой байна" гэж цагдаа нарт өргөдөл өгсөн байна.

Шинжээч, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар 87-19 УНВ улсын дугаартай Hyundai Starex автомашины жолооч Ү.Мөнгөн ямар нэгэн хууль журам, заалт зөрчөөгүй байна. Харин машинд мөргөгдсөн адууны эзэн М.Батжаргал Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байхыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 23.9 Б-д заасан зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна" гэх дүгнэлтийг гаргажээ.Ингээд адуугаа мөргүүлсэн М.Батжаргал буруудаж эхэлсэн байна.

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн дэслэгч П.Бадьмаа адуу дайрсан жолооч Ү.Мөнгөнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаа Тээврийн прокурорын газарт бичгээр гаргажээ. Түүний гаргасан саналын дагуу Тээврийн прокурорын газраас 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 1441 дугаартай тогтоол гаргаж 87-19 УНВ улсын дугаартай Нyundai Starex автомашины жолооч Ү.Мөнгөнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Хяналтын прокурор Хууль цаазын зөвлөх А.Оюунгэрэл дээрх тогтоолыг гаргасан байна. Мөн түүний гаргасан тогтоолд машинд дайруулсан хар халтар дааганы эзэн М.Батжаргалыг Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Н.Шинэбаатарын гаргасан дүгнэлтийн дагуу буруутай гэх үндэслэлийг гарган тогтоол гаргажээ. Ингээд иргэн М.Батжаргалын адууг дайрсан Ү.Мөнгөн "Адуу мөргөөд машин эвдэрсэн. Миний буруу биш гэдгийг хууль хяналтынхан тогтоосон" гээд даатгалын компанидаа машины эвдрэлийн хохирлыг барагдуулах өргөдөл өгсөн байна. Үүний дагуу "Тэнгэр даатгал" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж авлага барагдуулах үйлчилгээ үзүүлдэг "Эй Эс партнерс" компани адуугаа дайруулсан М.Батжаргалд төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд "Иргэн М.Батжаргал таны адуу 2014 оны гуравдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явсан 87-19 УНВ улсын дугаартай Hyundai Starex автомашиныг мөргөж 2.046.675.00 төгрөгийн хохирол учруулсан ба та үүнийгээ барагдуулаагүй байна. "Энэхүү "Төлбөр төлөх мэдэгдэл"-д хавсаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөрийн мэдэгдэл авснаас хойш долоо хоногийн дотор төлбөрийг "Тэнгэр Даатгал" ХХК-ийн дансанд төлнө үү. Мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэх болохыг анхаарна уу" хэмээн бичжээ.

Сүүлдээ дайруулсан адуу нь машин дайрсан болж хувирсан байна.

-"УТГА НАЙРУУЛГЫН АЛДАА ГАРГАСАН БАЙНА ЛЭЭ"-

Энэ талаар "Эй Эс партнерс" компанийн захирал В.Мандахаас тодрууллаа. "Хууль хяналтын байгууллагууд Хан-Уул дүүрэгт иргэн М.Батжаргалын адуу дайрагдсан осолд автомашины жолооч Ү.Мөнгөн гэх даатгуулагч буруугүй, хууль журам зөрчөөгүй гэх тогтоол гаргасан. Шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын гаргасан тогтоолын дагуу даатгуулагчийн хохирлыг барагдуулах төлбөр төлөх мэдэгдлийг М.Батжаргалд өгсөн юм. Ингэхдээ утга найруулгын алдаа гаргасан байна лээ. Өмнө нь хоёр машин хоорондоо мөргөлдсөн осол гаргаж, аль нэг нь буруутай болох нь тогтоогддог юм. Тэр загвар дээрээ утга зүйн алдаатайгаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байсан. Бид хууль хяналтын газруудын гаргасан шийдвэрийн дагуу ажилласан" гэв. Хар халтар зүсмийн даагаэзэн болох М.Батжаргалаа хэрэгт "хийсэн" байна. М.Батжаргал хууль хяналтынхан буруу шийдвэр гаргасан. Прокурорын шийдвэрийг хүлээн зөвшеерөхгүй хэмээн шүүхэд хандаад байгаа аж.

10711466_826299640738071_182309265_n
10711466_826299640738071_182309265_n
10711466_826299640738071_182309265_n
10711466_826299640738071_182309265_n

 

Э.ХҮРЭЛБААТАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.