
"Бээжин-2022" Өвлийн олимпийн XXIV наадмын нээлтийн ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын дөрвөнд "Шувууны үүр" цэнгэлдэхэд даруухан боловч гоёмсог, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй болж, олимпийн галт бамбар түүхэнд байгаагүй энгийнээр бадамлан аслаа.
Энэ удаагийн өвлийн олимпод 91 орны 2871 тамирчин долоон спортын 15 төрөлд 109 цогц медалийн төлөө өрсөлдөх юм. Эдний дунд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд манай хоёр тамирчин хурд, хүчээ сорих гэж байна.
Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж буй Батмөнхийн АЧБАДРАХ хоёрдугаар сарын найманд спринтэд (чөлөөт), хоёрдугаар сарын 11-нд 15 км (классик) зайд уралдах бол Ариунсанаагийн ЭНХТУУЛ хоёрдугаар сарын найманд эмэгтэйчүүдийн спринт ( чөлөөт), хоёрдугаар сарын 10-нд 10 км-ийн (классик) зайд хурд сорих юм.
Хоёрдугаар сарын 5-наас "Бээжин-2022" олимпийн медальтнууд тодорч эхэлсэн. Анхны алтан медалийг гүйлтийн цанын төрөл скиатлонд (эм) Норвегийн Тереза ЙОХАУГ хүртлээ. Скиатлон гэдэг нь замын тэн хагасыг классик буюу сонгомол техникээр үлдсэнийг чөлөөт ( тэших) техникээр гулгах уралдаан бөгөөд эмэгтэйчүүд 15 км( 7,5 км+7,5 км), эрэгтэйчүүд 30 км (15км +15 км) зайд өрсөлддөг.
Т.Йохауг бол "Ванкувер-2010" олимпийн буухиа уралдааны аварга, "Сочи-2014" олимпийн мөнгө, хүрэл медальтай, ДАШТ-ийн 14 алттай цаначин. Тереза 2016 онд допингийн зөрчил (стероид клостебол) гарган 18 сар эрхээ хасуулан "Пёнчан-2018" олимпийн наадмыг өнжсөн юм. Тэрбээр уруулын тос "Трофодермин" хэрэглэж байсан нь допингийн шинжилгээнд нөлөөлсөн гэж мэдэгддэг, эмч нь мөн үүнийг баталдаг. Гэхдээ л Норвегийн допингийн эсрэг төв болон ВАДА шийдвэрээ өөрчлөөгүй билээ. Йохауг 2018 оны 11 сараас уралдаан тэмцээнд дахин оролцож эхэлсэн. Йохауг уулын "Хатан хаан" (Италид болдог 9 км-ийн уралдаан) цолыг найман удаа хүртсэн цорын ганц цаначин. Өөрийн спорт хувцасны "Johaug" брэндтэй, загвар, рекламын ертөнцөд байр сууриа хэдийнээ олсон, Норвегийн хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг юм.
"Бээжин-2022" олимпийн анхны алтан медалийн эзний тухай товчоор өгүүлэхэд нэг ийм.
Скиатлоны эмэгтэйчүүдийн мөнгөн медалийг Оросын Олимпийн Хорооны тамирчин, 2018 оны олимпийн хүрэл медальт Наталья Непряева, хүрэл медалийг Австрийн Тереза Штадлобер нар хүртлээ.
Фристайлын эрэгтэй могул (довцог)-д Шведийн В.Валльберг алт, Канадын М.Кингсбери мөнгө, Японы И.Хирошима хүрэл медаль зүүсэн бол Трамплин-д эмэгтэйчүүдээс Словений У.Богатай алт, Германы К.Альтхаус мөнгө, Словений Н.Крижнар хүрэл медалийн эзэн боллоо, энэ өдөр.
ШОРТ-ТРЕКИЙН холимог багийн буухиа төрөл Өвлийн олимпийн хөтөлбөрт анх удаа орж, анхны медаль, анхны Олимпийн рекорд түүх болон бичигдлээ. Олимпийг зохион байгуулагч БНХАУ-ын баг анхны алтан медалиа зүүж, Итали, Унгарын багууд мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Унгарын багт хятад аав, унгар ээжтэй олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медалийн арвин цуглуулгатай Шаолинь Шандор Лю, Шаоанг Лю нар уралдсан бол Италийн багт шорт-трекийн түүхэн дэх Олимпийн хамгийн олон медальтай (9 медаль- алт, 3 мөнгө, 5 хүрэл) тэшүүрчин болох алдарт Арианна Фонтана байлаа.
ТЭШҮҮР-ийн эмэгтэйчүүдийн 3000м-ийн зайн уралдаанд дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Холландын Ирен Схаутен 3:56,93 амжилтаар энэ зайд олимпийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Энэ зайн өмнөх олимпийн рекордыг эзэмшигч (2002 оны Солт Лэйк Ситийн олимпод 3:57,70) Германы Клаудиа Пехштайн 20 байрт орж байна.
Аугаа юмаа, аль 20 жилийн өмнө Олимпийн рекорд тогтоож, тэртээ 30 жилийн өмнө буюу 1992 оны Альбервиллийн олимпод анхны хүрэл медалиа зүүж байсан, нийтдээ Олимпийн 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн, эдүгээ 49 настай, хэдхээн хоногийн дараа (2 сарын 22-нд) "Зуугийн талыг наслах" хүн шүү дээ! Аргагүй л домог юм даа.
Клаудиа Пехштайн Өвлийн олимпийн наадамд хамгийн олон удаа (8 удаа) оролцсон эмэгтэй тамирчин (Японы трамплинч эрэгтэй Нориаки Касай мөн 8 өвлийн олимпод оролцсон) төдийгүй таван өвлийн олимпод дараалан медаль хүртсэн хоёр тамирчны нэг (нөгөөх нь ЗХУ-ын домогт цаначин Райса Сметанина) юм. 11 жил дараалан ДАШТ-ээс медаль авч байсан гээд Клаудиагийн амжилт аймаар, аймаар.
Дараа түүний тухай тусад нь өгүүлэх хэрэгтэй байх.
БИАТЛОН-ы холимог буухиа (4 х 6км) ёстой л оргил нь боллоо доо, энэ үдшийн. Мэдээж Норвеги, Франц, Швед , ОХУ-ын баг тамирчид медалийн төлөө гол өрсөлдөгчид.
Холимог буухиад хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй биатлонч багийн бүрэлдэхүүнд байх бөгөөд тус бүр хэвтээ болон босоо байдлаас нэг нэг буудлага хийж, 6 км зам туулна. Таван байгаа үндсэн сумаараа буудах бөгөөд хэрэв бүх байгаа оноогүй бол нэмэлт гурван сум бас бий. Ингээд найман сумаар буудаад ч таван байгаа унагааж чадаагүй бол унагааж чадаагүй байны тоогоор 150 метрийн торгуулийн тойрог тойрох дүрэмтэй.
Норвегийн багийн бүрэлдэхүүн "мөрөөдлийнх". Ах дүү Бо, Экхофф гээд гурван олимпийн аваргатай. Мөн Тарьей Бо ДАШТ-ий 11 алт, Иоханнес Тиннес Бо ДАШТ-ий 12 алт,Тириль Экхофф ДАШТ-ий 10 алттай. Ганц олимпийн аварга бус М.О. Ройселанн нь олимпийн хошой мөнгө, ДАШТ-ий 11 алтан медальтай гэж байгаа.
Шведэд эгч дүү Ханна Эберг, Эльвира Эберг. Эгч Ханна нь "Пёнчан-2018" олимпийн алт, мөнгөн медальтай. Мөн олимпийн алт, мөнгөтэй С.Самуэльссон бий.
Францад дэлхийн хошой аварга Кентен Фийон Майэ, дэлхийн гурван удаагийн аварга Эмильен Жаклен, дэлхийн аварга Жюлья Симон, олимпийн мөнгө хүрэл медальт, ДАШТ-ий нижгээд мөнгө хүрэл медальтай Анаис Шевалье Буше гээд шилдгүүдтэй.
ОХУ (Оросын Олимпийн Хороо) -ын баг залуучуудын олимпийн аварга болж байсан Ульяна Нигматуллина, залуучуудын дэлхийн аварга Кристина Резцова( ЗХУ-ын домогт цанчин, биатлонч цанын Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий 3 алт, биатлоны Олимпийн хошой алт, хүрэл медальт Анфиса Резцовагийн охин), 2022 оны дэлхийн аварга Александр Логинов, ДАШТ-ий хүрэл медальт Эдуард Латыпов нарын бүрэлдэхүүнтэй.
Энэ үдэш хүчтэй салхитай, хүйтэн жавартай, салхины чиглэл тогтворгүй байсан нь тамирчдын хувьд том сорилго, за тэгээд таамаглах аргагүй өрсөлдөөнийг үүсгэх нөхцөл болов.
Медалийн өнгийг шийдэх нөхцөл нь ийм цаг агаартай, салхитай, салхины чиглэл тогтворгүй үед буудлага л болдог. Ийм үед алдаагүй буудах үнэхээр хэцүү. Ердөө хоёрхон баг л энэ үдэш торгуулийн тойрог гүйцэтгээгүй ердөө хоёрхон баг (Швед, БНХАУ) байсан нь нэгийг хэлнэ.
Алт, мөнгөн медаль авсан багууд тус бүр гурван торгуулийн тойрогтой. Жирийн үед гурван торгуулийн тойрог хүлээсэн баг медалийн тавцанд гишгэх горьдлого байхгүй ээ.
Норвеги 13, Франц 11 нэмэлт сум ашигласан. Харин Оросууд 13 нэмэлт сум ашиглаж, нэг торгуулийн тойрог.
Италичууд Лиза Витоцци ( 0+0, 0+1), Доротей Вирер гээд бүсгүйчүүдийнхээ ачаар эхний хоёр ээлжийн дараа уралдааныг тэргүүлж явсан. Харин гуравдахь ээлж, зургаа дахь буудлагын дараа лидерээс (ООХ) ердөө 0,7 секундээр "сураггүй" АНУ-ын баг гараад ирж байх жишээтэй. АНУ-ын хоёр, гурав дахь ээлж Клэр Иган( 0+1, 0+0), Шон Доэрти ( 0+1, 0+0) нар гайхалтай буудсан л даа.
Оросын Логинов буухиаг долоод аваад нэгээр дуусгасан (0+2, 0+0).
Ер нь энэ орой 10 байгаа 10 сумаараа оносон цорын ганц биатлонч нь Финландын Суви Минккинен бүсгүй. Нэг нэмэлт сумыг хэрэглэж бүх байгаа эргүүлсэн нь Австрийн Ляйтнер, Италийн Витоцци, Швейцарын Вегер, АНУ-ын Иган, Доэрти, Францын Майэ, Норвегийн Ройселанн нар.
Дөрөв дэх ээлж, найм дахь галын шугамын дараа Орос, Франц, Швед, Норвеги гээд нөгөө л фаворит дөрөв бариа руу манлайлан хөдөлсөн. Одоо сүүлчийн хүний тактик, гулгалт, дайралт бүхнийг шийднэ. За сүүлийн нэг километр бол Латыпов, Майэ, Бо нар шил шил дээрээ л уралдлаа. Хүчтэй салхитай ийм нөхцөлд "сууж" байгаад барианд дайрах тактик ихэнх биатлончид хэрэглэдэг. Харин Латыпов тэгсэнгүй. Нөгөө хоёрынхоо өмнө салхи "хагалж" явсаар. Бас хэцүү л байх л даа. Дэлхийн хамгийн шилдэг хоёр биатлонч ард нь явахад. Урдаа гаргачуул тасарчих байх гэж бас айсан ч байж магадгүй.
Алт, мөнгө, хүрэл медалийн өнгө зөвхөн барианы шулуунд л шийдэгдэхээр. Бо, Майэ нар Латыповыг гүйцэх боломжтой харагдаж буй ч "суусаар", бариа ойртсоор.
Барианд Бо дайрч, Майэ 0,9 секунд, Латыпов 1,5 секундээр хоцрон орсноор Норвеги алт, Франц мөнгө, ООХ-ын баг хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын зургаанд долоон цогц медалийн эзэд тодорно.
Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Зочин
(188.32.188.182) 2022-02-07 12:11Мэдээг ёстой сайн хийжээ.
Хариулах