Төрөөс бараа, бүтээгдэхүүний үнийг хянах коммунист оролцоогоо болимоор байна

Twitter Print
2020 оны 09-р сар 15-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Ойрд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талх сүүний үнэ ярьж чөлөөт зах зээл байхгүй гэж мэдэгдэх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар бараа бүтээгдэхүүний үнэ хянах, тэр дундаа удирдлага нь шууд тодорхой бизнесийн нэр хүндэд халдах зэргээр төрөөс хээв нэг социалист бодлого зарлах, хэрэгжүүлэх боллоо.

Үүний цаана нийт Монголын ужиг, амь бөхтэй үзэл хандлага байгаа учраас алсуураа олон нийтийн эдийн засгийн боловсрол сайжирч байж дуусах асуудал. Энэ удаа үнэ/price-ийн тухай товч тайлбар оруулъя. Үнэ өсөх болон төгрөгийн ханш унах хоёр холбоотой болох тухай. Төрөөс бараа бүтээгдэхүүний худалдааны үнэ хянах гэдэг утгагүй хөгийн коммунист оролцоо хийдгээ ор тас болимоор байна. Энд латте-гаар жишээ авч тайлбарлъя. Хэрэглэгчийн төлж байгаа латтены үнэнд сүү, эспрессо, цалин г.м шингээд нэг аяга нь 5000₮ гэх мэт ҮНЭ/PRICE бүрддэг. Нэг аяга латте тутамд 10 юанийн импортын эспрессо ордог гэж бодъё. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 14-нд нэг юань 377₮ байсан байна, өнөөдөр 417₮ болсон байна. Тэгэхээр нэг аяга тутамд монгол төгрөгөөр 400₮ илүү төлж түүхий эдээ худалдан авах болсон байна гэсэн үг.

Ингээд эспрессо "өндөрсөөд" ирэхээр илүү "өндөр" үнэ төлж кофе уух болж байгааг баруун талын зураг харуулж байгаа юм. Ингэхэд тас далийхад Өдрийн Сонин дээр үнэтэй кофе ууж мөнгөө шээс болголоо гээд нэг шүүмжлэл гарсан байсан билүү бас л тийм ээ. Бусад бүтээгдэхүүнүүд адилхан. Сүү гэхэд хөдөөнөөс татан авсны дараа сав бөглөөнөөс авахуулаад олон төрлийн валютын худалдан авалт, өртөг шингээж байж хэрэглэгчийн гар дээр очдог. Дээр нь долларын зээлтэй бол зээлийн хүүгийн зардал монгол төгрөгөөр унтаж байхад нь л өсч байдаг. Монголд компаниуд байнгын ийм ханшийн дарамт дор бизнес эрхэлдэг. Тэгээд энэ юань нь яахаараа 417₮ болчдог юмбэ гэсэн асуулт гарч таараа. Энэ 417₮ ч бас өөр нэг валют худалдан авах ҮНЭ/PRICE учраас доорх латте шиг бүрдэл хэсгүүдтэй.

Энэ 417-г өсгөж байгаа, өөрөөр хэлбэл төгрөгийн ханш унагаад байгаа гадаад худалдаа, төсвийн зардал, мөнгө сангийн бодлогоо хийж дарамтыг зөөллөх нь төрийн үүрэг болохоос тэсч тэсч тэсрээд ханшийн зардлаа тусгаж байгаа бизнесүүдийг очиж хянаж дарамтлаад байхаар ядаж л ажлын цаг, бичиг баримт гээд дахиад эцсийн хэрэглэгчийн үнэд шингэх өртөг л бичигдээд байна гэсэн үг шүү. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байгаа байдал. Энэ мэдээллийг ШӨХТГ гэх мэт газраас хямд үнэ нэхэж, популист бодлогын эрэлт үүсгээд байдаг хүмүүст зориулж орууллаа.

Б.Болор-Эрдэнэ

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.187.160) 2020-09-15 11:34
      • 0
      • 0

      Уучлаарай, Болор-Эрдэнэ гуай, Ерөнхий сайд нийт ард түмний өдөр тутамын хэрэглээ болсон өргөн хэрэглээний бүтээгдхүүн ТАЛХ ан дээр жишээ авч ярьсан шүү - гурил, бензин, цахилгааны үнэ өсөөгүй байхад яагаад талхны үнэ нэмэгдээд байна гэж. Энэ зөв ш дээ. Ямар учираас талхны үнэ нэмэгдэж байгаа талаар та өөрөө тайлбарлаадахдаа. Түүнээс биш таны кофе хэд өсөх нь ер хамаатай зүйл биш. Битгий хүний хэлсэн үгийг буруутгах гэж өөр тийш нь гуйвуулаад бай. Ядаж юу бичиж юугаараа жишээ аваад байгаагаа бодооч их мэдэгчээ.

      Хариулах