Өнөөдөр Олон улсын жүдо бөхийн өдөр

Twitter Print
2016 оны 10-р сар 28-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхөөр хичээллэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр буюу аравдугаар сарын 28-ны өдрийг Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. 2011 оноос хойш түүний төрсөн өдрөөр дэлхийн жүдо бөхийн өдрийг тэмдэглэж ирсэн. Жүдо бөх нь 1964 оны Токиогийн наадмаас эхлэн Олимпийн албан ёсны хөтөлбөрт багтсан бол 1956 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнээ явуулж ирсэн. Мөн 1980 онд эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулж, өдгөө дэлхийн 180 гаруй оронд энэ спорт хөгжөөд байна. 

Манай улсын хувьд жүдо бөхийг 1970-аад оны эхээр эрчимтэй хөгжүүлж “Москва 80” зуны Олимпийн XXII наадмаас Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл медаль авч энэ спорт Монголд хөгжих бүрэн боломтой гэдгийг харуулсан. Жүдо бөхөөр анхны Олимпийн аварга төрөн гарсан нь Монголчуудад ямар ээлтэй спорт болсон нь харагдаж байгаа аж.

1989 онд хуучнаар Югослав улсын Белград хотод болсон дэлхийн аваргаас О.Балжинням мөнгө, Д.Баттулга хүрэл медаль авч байсан бол түүнээс хойш гурван алтан медалийг бид хүртсэн байна.

Дэлхийн аваргын түүхэнд Япон 121 алт, 78 мөнгө, 88 хүрэл, нийт 287 медальтай тэргүүлдэг бол Франц 47 алт, 30 мөнгө, 68 хүрэл, нийт 145 медаль, БНСУ 25 алт, 8 мөнгө, 50 хүрэл, нийт 83 медаль, Куба 18 алт, 19 мөнгө, 36 хүрэл, нийт 73 медаль, Их Британи 16 алт, 17 мөнгө, 29 хүрэл, нийт 62 медальтай эхний таван байрыг эзэлдэг аж.

Монголын анхны олимпийн аварга энэ спортоос төрж, бидэнд ялалт, бахархал, эв нэгдэлийг авчирсан билээ.

Жил бүрийн энэ өдрийг “Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-гээс дэлхийн жүдогийн өдөр” болгон зургаа дахь жилдээ дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.