“СОЁГ БОР” хэмээх дууны домог

Twitter Print
2021 оны 10-р сар 16-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт нэгэн хүүтэй эмгэн өвгөн хоёр байжээ. Хүү нь урт удаан хугацаагаар цэргийн албанд мордож гэнээ. Харь нутагт явсан хүү нь цэргийн албаа арай хийж дуусгаад нутаг буцах гэтэл унах унаагүйн эрхээр нутгийн баяныд хоньчин болжээ. Тэр хүү баяны ганц охинтой ижил дасал болж улмаар амрагийн холбоотой болж гэнэ.

Нөгөө хүү нэгэн удаа,

— Би орон нутаг, аав ээжээсээ холдсоор удлаа. Тэдэнтэйгзэ очиж уулзмаар байна гэсэнд охин хариуд ;нь:

—  Би  зөвшөөрнө.  Харин   чи  ямар  морь унаж явах  вэ?  гэжээ.

—  Надад өөрийн  гэх унаа  байх  биш дээ гэхэд,

—  Чи  бор  азарганы   унага  бор  шүдлэнг  авъя   гэж  ааваас гуйгаарай гэжээ. Охины хэлсэн ёсоор эцэг нь хүүд бор шүдлэнгээ өгчээ. Хуү түүнийг сургаж   номхруулаад   нутаг   явах   болсонд   хүүг  үдэж  мордуулахаар охин хамт явж гэнэ. Нэгэн уульн  ард очоод,

—  Чи одоо  буц даа.  Дэндүү холдлоо  гэхэд охин:

—  Уулын   араас  салбал   уулзахгүй   байж   магадгүй.   Уулын   өврөөс селъя даа гэжээ. Уулын энгэрт очоод охин:

—  Бор шүдлэн  чинь соёолон болж сүүл нь газарт 4 хуруу тунах үед зуны дунд сарын эхээр намайг нэг эргээрэй гэж захижээ.

Хүүг харихад эцэг нь нас барж, эх нь эсэн мэнд байж гэнэ. Хүү эхийгээ өргөн тэтгэхээр нутгийн ноёны адуучин болжээ. Нэгэн өдөр адуугаа тийрүүлээд сууж байтал бор шүдлэн нь өрөөсөн хөлөө өргөөд зогсож байж гэнэ. Сайхан морь болж байна даа гэж бодохын сацуу нөгөө охины хэлсэн зүйл гэнэт санаанд нь оржээ. Энэ үед бор шүдлэн соёолон нас гүйцэж, зуны дунд сар гарсан байж гэнэ. Хүү соёолон бор морио унаад хүүхний нутагт очжээ. Тэдний уяан дээр олон морьд багширч гэрт нь дуу хуур болж байгаа нь сонсогдов гэнэ. Охины эцгийн гэрт орвол эцэг эх хоёр нь урьдын адил танимгайрч дээшээ суу гэж урьжээ. Харин охин гэрт байсангүй боловч болж байгаа үйл явдлын байдлаас ажиглаж мэдвэл охиныг нутгийн ноёнд гэргий болгож өгөхөөр шийдэж гурван хоног найрласан боловч хүүхэн ер дуугарахгүй ажээ.

Хүүг ая барихыг шаардахад:

Соёг   бор    морьтой

Соньхон хил зантай

 Алдрай жаахан би чинь

Санан бодсоор явж ирлээ

 Арын мод олон ч бол

Агар зандан ургаагүй

 Ахан дүүс олон ч бол

Ааваас үнэнч хүнгүй

 Энгэрийн мод олон ч бол

Эрчтэй  зандан  ургаагүй

Эгч дүү нар олон ч бол

Ээжээс үнэнч хүнгүй...  хэмээн дуулсанд охин үүний учрыг ойлгож, сэм уулзахдаа,

— Би  хөгшин ноёнд  хүчээр  очих  болоод байна.  Бэр  хүргэхээр явахад бэрийг хэн дүүрэх вэ гэхэд нь би дүүрье гэж хэлээрэй гэжээ. Тэр ёсоор бэр мордуулахад хүүхнийг дүүрч эхлээд гэлдрэн явжээ. Гэтэл хүмүүс хурдан яв гэж шаардсан тул бор мориороо хурдлан давхижээ. Ийнхүү хос залуус эртнээс таньсан итгэлт бор морь нь ноёныхонд гүйцэгдэлгүй зугтсаар хүүгийн нутагт ирж амар сайхан жаргаж гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.