Бээжин “дарангуйлагч” түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж байна

Twitter Print
2021 оны 04-р сар 20-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Бээжин ОХУ, Иран зэрэг түнш орнуудтайгаа болон Хятадаас эдийн засгийн хараат улс орнуудтай харилцаагаа улам бэхжүүлж, хориг арга хэмжээ, сүрдүүлэг заналхийлэл зэргийг ашиглан Хятадын эсрэг байгуулсан АНУ тэргүүтэй улс орнуудын эвслийг хагалан бутаргах оролдлого хийж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн сард АНУ-ын Аляска мужид АНУ-ын эрх баригчидтай хийсэн уулзалтынхаа дараагаар Бээжин ОХУ, Иран, Хойд Солонгос зэрэг АНУ-ын хоригт багтсан түнш орнуудтайгаа яаран уулзаж, харилцаагаа бэхжүүлж эхэлсэн аж. Аляскад АНУ-ын эрх баригчидтай уулзсаны дараахан Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзсан ба уулзалтын үеэр Сергей Лавров барууны үзэл сурталд автахгүй байхыг уриалсан билээ.

Үүнээс долоо хоногийн дараа Гадаад хэргийн сайд Ван И Иранд айлчилж, Ираны эрх баригчидтай хоёр орны эдийн засгийн салбарт ажиллах 25 жилийн хэлэлцээрт гарын үсэг зурсан аж. Харин энэ үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай утсаар холбогдож, хоёр орны харилцааг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногуудад Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Индонези, Малайз, Филиппин, Сингапур болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд нартай уулзсан аж. Уулзалтын үеэр Ван И коронавирусын цар тахалтай холбоотойгоор уналтанд орсон эдийн засгийг нь сэргээхэд Бээжингийн зүгээс тусална хэмээн амласан аж. Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугатай өнгөрсөн баасан гарагт уулзсан ба талууд Зүүн Хятадын тэнгис дэх арлуудтай холбоотой маргаан, Хонгконг ба Шиньжаанд хүний эрх ноцтойгоор зөрчиж буй явдлын эсрэг нэгдмэл нэг үзэл бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн сард АНУ, Европын холбоо, Их Британи болон Канадын хамтаар Хятадын баруун зүгийн Шиньжаан мужид шашны цөөнхүүд болох уйгурчуудаар албадан хөдөлмөр эрхлүүлж байгаатай холбоотойгоор Бээжингийн эсрэг хориг тогтоосон билээ. Түүнчлэн Вашингтон дээрх асуудалтай холбоотойгоор 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпийн наадамд оролцох эсэхээ түнш орнуудтайгаа хэлэлцэж байгаа аж. Хэрэв АНУ, Европын холбоотой хамтран Бээжинд хориг тавина хэмээн сүрдүүлэх юм бол Бээжин эдийн засгийн ашиг сонирхлоо золиослоход бэлэн байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.