Шидэт мөнгөн таваг, шимт улаан алим /Орос ардын үлгэр/

Twitter Print
2019 оны 03-р сар 16-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Эмгэн өвгөн хоёр гурван охинтой юмсанжээ. Хоёр том охин нь эрх танхи, гоёж гоодох дуртай гэнэ харин бага охин Маша даруу төлөв  зантай гэнэ.

Хоёр том охин өнгийн бошинз өмсдөг, өндөр өсгий гишгэдэг, шармал сондор зүүдэг, сайхан бүхнийг нэхдэг гэнэ. Харин Машагийн өмссөн бошинз даруухан ч өглөөн нар шиг нүдтэй гэнэ, өдрийн гэгээ шиг жавхаатай гэнэ, газар хүрсэн гэзэгтэй гэнэ, ганхах цэцэгсэд шүргэдэг гэнэ. Хоёр эгч хойрго залхуу, хоосон цагаан гартай гэнэ.

Бага жаахан Маша үүрийн туяанаас үдшийн бүрий болтол гэрт гадаах бүхий л ажлаа амжуулж, төмсөө усалж, тахиа нугасаа тэжээж, үнээ малаа сааж өдрийн турш ажилладаг гэнэ.

Ээж аавынхаа хэлсэн бүхнийг хийдэг гэнэ, сөрсөн үг хэлдэггүй гэнэ. Хоёр эгч нь Машагаар хамаг ажлаа хийлгэж, хавчин шахан гадуурхдаг гэнэ. Маша дув дуугүй л байдаг аж. Нэг удаа эцэг нь зээлийн газар явах болж, охидоосоо "Та нарт ямар бэлэг авчрах вэ?" гэж асуужээ. Том охин,

-Бошинз хийх торго авчраарай гэхэд хоёр дахь охин нь, улаан хамба хилэн захив гэнэ. Маша дуугүй зогсож байтал эцэг нь өрөвдөн, Машенька, чамд юу авчрах вэ? гэв.

-Хүндэт эцэг минь, надад шимт улаан алим шидэт мөнгөн таваг авчирч өгөөрэй гэлээ. Хоёр эгч нь хөхрөн шоолж

-Ээх, Маша Маша, ийм тэнэг амьтан даа! Гадаа хаяанд алим ургаж байна. Хэдийг л бол хэдийг ав бас тавгаар яах нь вэ! Нугас тэжээх гээ юу? гэцгээхэд -Маша,

-Үгүй ээ, эгч нар минь! Алимаа би тавган дээгүүрээ өнхрүүлэн ариун нандин хүслээ шивгэнэн хэлнэ. Нэг эмгэн надад зааж өгсөн юм. Би тэр эмгэнд талархан бөөрөнхий талх бэлэглэсэн.

-За за, та нар дүүгээ шоолохоо тат! Хүн бүхэнд хүссэн бэлгийг нь авчирч өгнөө гээд эцэг нь явж зах зээлийн газар очоод өвсөө заран бэлэг авчээ.

Нэг охиндоо цэнхэр торго, нөгөө охиндоо улаан хамба хилэн, Машад шидэт мөнгөн таваг шимт улаан алим авчирлаа гэнэ. Хоёр эгч баярлан бошинз хувцас оёно, басхүү Машаг шоолон хөхөрнө. Маша нэгэн буланд суугаад шидэт мөнгөн таваг дээгүүрээ шимт улаан алимаа өнхрүүлэн

-Шимт улаан алим минь,  шидэт мөнгөн таваг дээгүүр өнхөр өнхөр. Төрөлх Орос нутгийг минь уул тал, хот тосгон, тэнгис далай, тэнгэр газартай нь үзүүлээч! гэж хэлэв.

Гэнэт мөнгөн таваг хангинах чимээ гарснаа өрөө дүүрэн гэрэлтэй болж шимт улаан алим ч таваг дээгүүр өнхрөн эргэлдэж таваг дээр хот тосгон, уул нуга, хөндий тал, тэнгис тэнгэр газрын үзэсгэлэн гоо харагдаж гэрэлт нар гэгээн сарны араас бөмбөрөн, од мичид тойрон бүжигтээ бэлдэн, хун шувуу нуур усандаа дуулан чуулах нь үзэгдэв. Хоёр эгч нь нүд салгалгүй ширтэн хор шар нь хөдлөн ид атаархана.

Тэгээд Машагаас мөнгөн таваг улаан алимыг нь яаж авах гэж бодож сэтгэх болов. Маша юугаар ч солихгүй, юунаас ч өгөхгүй, харин орой болгон тавгаа үзэж цэнгэнэ гэнэ. Тэгэхэд хоёр эгч Машаг ой руу явъя гэжээ.

-Хонгорхон дүү минь,  жимсэнд явъя,  аав ээж хоёртоо амттай шүүстэйхнээс түүж ирье. Гэгээд гурвуулаа ойд явсан чинь ямар ч жимс гүзээлзгэнэ олдсонгүй. Маша тавгаа гарган алимаа дээгүүр нь өнхрүүлэн,

-Шимт улаан алим минь, шидэт мөнгөн таваг дээгүүр өнхөр өнхөр, номинхон навч, ногоохон гүзээлзгэнэ хаана байгааг үзүүлээч гэлээ. Гэнэт мөнгөн таваг хангинан шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн өнхрөн, таваг дээр ойг бүхэлд нь үзүүлэв. Номинхон навч, ногоохон гүзээлзгэнэ, нуугдсан мөөг, нуугисан булаг, нуур ус хун шувууг харуулав.

Үүнийг үзсэн хоёр эгчийнх нь атаа хорсол арвалзан буцалж хуурай гишүү шүүрэн авч буурай даруухан Машаг цохиж алаад хус модны ёроолд булж орхиод алим таваг хоёрыг нь авчээ. Тэгээд гэртээ орой болсон хойно сагс дүүрэн мөөгтэй эргэж ирээд,

-Машенька бид хоёроос салаад зугтаагаад гүйсэн. Бид хоёр ой модоор эрж эрж олсонгүй ирлээ. Чононд бариулчихсан юм болов уу! гэж хэлжээ. Эх нь уйлан гашуудаж, эцэг нь,

-Улаан алимыг мөнгөн таваг дээгүүр өнхрүүл, Машенька хаана байгааг үзүүлээд өгч магадгүй гэв. Хоёр эгч ухаанаа гартал айв, гэхдээ эцгийнхээ үгнээс зөрчиж чадсангүй. Тэгээд улаан алимыг мөнгөн таваг дээгүүр өнхрүүлэх гэтэл шидэт мөнгөн таваг хангинан дуугарсангүй, шимт улаан алим нь бөмбөрөн өнхөрсөнгүй, ой мод, уул нуруу, тэнгис далай тэнгэр газрыг үзүүлсэнгүй гэнэ. Тэр үед нэг малчин хонио эрж яваад цав цагаан хус модны ёроолд жижигхэн овгор, овгорыг тойроод номин ногоон цэцэг дэлгэрэн ургаж байхыг үзжээ. Цэцэгсийн дунд зэгс ургаж байв. Малчин зэгснээс огтолж аваад бишгүүр хийн үлээх гээд ам руугаа дөнгөж ойртуултал бишгүүр өөрөө дуугаран тоглож.

-Зэгс бишгүүр, дуул дуул Залуухан малчныг баясга баясга. Залуухан миний амь насыг 

Улаахан алим мөнгөн тавагны төлөө хороосон доо хороосон... гэв. Малчин айн тосгонд гүйн  очиж хүмүүст энэ тухайгаа ярьжээ. Хүмүүс уулга алдан, яанаа ийнээ болов. Машагийн эцэг ч гүйн ирэн бишгүүрийг гартаа авмагц бишгүүр бас л өөрөө дуугаран,

-Зэгсэн бишгүүр, дуул дуул, төрүүлсэн аавыг минь баясга баясга. Улаахан алим мөнгөн тавагны төлөө залуухан миний амь насыг хороосон доо, хороосон гэлээ. Эцэг уйлан хоньчноос  "Зэгс огтолж  авсан  газраа  өгөөч!" гэж гуйв. Малчин нөгөө жижигхэн овгорынхоо дэргэд тэднийг авчрав. Хус модны ёроолоор номин ногоон цэцэг дэлгэрэн, модны мөчир дээр хөх бух шувуу дуулан жиргэнэ гэнэ.

Овгорыг ухвал Маша хэвтэж байлаа. Үхсэн мөртлөө амьдаасаа илүү үзэсгэлэн гоо болчихсон, хацар нь улайчихсан унтаж байгaa юм шиг харагдана. Бишгүүр хангинан

-Зэгсэн бишгүүр, дуул дуул, хөөрхий жаахан намайг хоёр эгч минь ойд авчирсан, улаахан алим мөнгөн тавагны төлөө залуухан амийг минь хорлосон.

Зэгсэн бишгүүр минь, дуул дуул, хайртай буурал аав минь. Хааны худгаас мөнхийн ус авчраач гэжээ.

Атаархан хорсогч хоёр эгч нь айн чичрэн, өвдөг сөгдөн унаж өөрсдийн хийсэн хэргийг хүлээхэд тэднийг хааны зарлиг гартал төмөр цоожны цаана суулгав гэнэ.

Өвгөн эцэг нь мөнхийн ус авчрах гэж хааны хотыг зорин явсаар хааны ордонд ирэхэд хаан алтан довжооноосоо бууж явав. Өвгөн доор гэгч бөхийн болсон явдлыг ярилаа. Хаан,

-Миний худгаас мөнхий ус ав. Харин охиноо амь орж сэргэхээр улаан алимтай нь, мөнгөн тавагтай нь миний ордонд авчраарай. Бас зальт хоёр эгчийг нь авчир гэлээ. Өвгөн баярлан талархаад мөнхийн ус аван гэрийн зүг яарав. Ингээд гэртээ ирээд Машагаа мөнхийн усаар дөнгөж шүршмэгц охин амь орон сэргэж эцгийнхээ хүзүүнээс тэврэн авлаа. Хүмүүс цуглан ирж бөөн баяр болжээ. Өвгөн охидтойгоо хот руу явав. Хааны ордонд ороход хаан гарч ирээд Машаг харна. Хаврын цэцэг шиг Маша охины нүднээс нь гэрэл цацарч, нүүрнээс нь үүрийн туяа гийх мэт ажээ. Хацар дээгүүр нь сувд лугаа адил нулимс бөмбөрнө. Хаан

 -Шимт алим шидэт таваг чинь хаана байна? гэв. Маша шимт улаан алимаа шидэт мөнгөн таваг дээгүүрээ өнхрүүлэн үзүүлэв.

Мөнгөн таваг хангинан дуугарч таваг дээр оросын хот тосгон дараа дараалан харагдаж, туг далбаа намируулсан цэргийн хороо жигдрэн жагсаж аравт зуутаар зэрэгцэн зогсох нь үзэгдсэнээ их буугаар галлаж бөөн үүл хуйлран босож халхлан далдлав гэнэ.

Шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн бөмбөрөн дахин таваг дээр тэнгис далай давалгаалан долгилж хун шувуу шиг хөлөг онгоц хөвөн дарвуул нь салхинд хийсэн харагдсанаа бас л их буугаар галлан бөөн үүл хуйлран босож халхлан далдлав гэнэ.

Тэгснээ дахин шимт улаан алим шидэт мөнгөн таваг дээгүүр өнхрөн бөмбөрөн таваг дээр хөх цэнхэр тэнгэр цэлийж гэрэлт наран гэрээн сарны цаагуур нуугдан бөмбөрч, од мичид тойрон бүжгээ эхлэхэд бэлдэн, хун шувуу нуур усандаа дуулан ганганах нь үзэгдэв гэнэ.

Хаан энэ ид шидийг үзэн гайхан зогсоход үзэсгэлэнт Маша охин нулимсаа урсган,

-Эрхэм хаантан, та энэ мөнгөн таваг улаан алимыг авч хайрлаач. Харин эгч нарын минь амь нарыг өршөөн хэлтрүүлээч гэж гуйв. Хаан өвдөг сөгдсөн Машаг өргөн босгож,

-Өөрийн чинь таваг мөнгө юм, өр зүрх чинь алт юм. Хамаг баялгийн эзэгтэй, хаан миний эхнэр болооч! Чиний гуйсан ёсоор хоёр эгчийг чинь би өршөөн хайрлана гэлээ. Хааны ордонд хамаг баялаг бэлэн хойно агуулах саваа онгойлгон амттан шимтэнийг гарган хотол олныг донсолгосон их найр хуримыг тэр дорхноо хийж тэнгэрийн одыг унатал газрын хөрсийг халцартал дуулж бүжиглэв гэнэ.

Орчуулсан: Ж.Оюунцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.