Өнөөдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр

Twitter Print
2020 оны 11-р сар 07-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу Намрын адаг сарын шинийн 22-нд "Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.

Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.

Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш харуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм.

Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг хүчир бэрх юм хорвоо ертөнцөд хаана ч үгүй билээ.

Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ.

Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбутивд эргэн залран ирсэн түүхтэй.

Бурхан багшийг тэнгэрийн оронд морилох болсон тэр цагт замбутивд үлдэх шавь нар нь хагацаж ядан Сүгжаннямбуу хаан тэргүүтэй олон шавь нарын зүгээс адис жинлавт Бурханы нэгэн хөрөг дүрийг үлдээхийг айлтгасанд тэнгэрийн дархан Бүшүгарма бээр Бурхан багшийн усанд туссан дүрийг харан зандан модоор Бурхан багш лугаа адил нэгэн Лагшин шүтээнийг бүтээн үйлдсэн. Тэрхүү адис жинлав ихт Лагшин дүр нь одоо Зандан Зуу хэмээн алдаршсан Бурхан багшийн дүр мөн билээ. Энэ үеэс эхлэн Бурханы дүр хөргийг бүтээн тахих ёс дэлгэрсэн байдаг.

Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдэх билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.