“Нууц гэрээ” үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох ёстойг анхаарууллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 27-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа улс төрийн хүрээнд дуулиан тарьсан үйл явдлуудын талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонссон байна. Дараа нь 2015 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Сангийн яамны мэдээллийг сонсчээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гарын үсэгтэй АН-МАХН-ын хооронд хийсэн “нууц гэрээ”-г хуурамчаар үйлдэн олон нийтэд тараасан мэдээлэл ихээхэн дуулиан тарьсан. Харин энэ хуурамч гэрээг нь МАН-ын олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Дэмбэрэл үйлдсэн гэдгийг Тагнуулын Ерөнхий газраас шалгаж тогтоосон билээ. Тиймээс гэрээг хуурамчаар үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага ноогдуулах ёстой гэж тус бүлэг үзсэн бөгөөд холбогдох газруудад нь гомдол гаргаж уг асуудлыг бүрэн шийдвэрлүүлэхээр болжээ. Цаашид монголчуудыг хагалган бутаргах гэсэн ийм ёс зүйгүй, увайгүй улс төр хийхээ болихыг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат шаардлаа.

УИХ-ын гишүүдийн өмнөөс худал мессэж бичиж тараасан үйл явдлыг даруй нягталж, эзнийг нь олох ёстой гэсэн байр суурьд нэгдэж, ТЕГ-т хандахаар болсон байна. “АН-ын 15 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зуржээ” гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Болор “Би гарын үсэг зураагүй. Зураагүй байхад зурсан гээд бичсэн байгаа зүйлийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг бүлгийн даргадаа тавьжээ. Мөн ирэх 2015 оны төсвийн төслийг хэлэлцээд энэ асуудлаар ажлын хэсэг гаргахаар болсон байна.  Учир нь төсвийн төсөлтэй холбоотой маш олон санал гомдол гарч байгаа гэв. “Зарим улс төрийн хүчин ч уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж байгаа.

Тиймээс ажлын хэсэг гаргаж дахин нягтлуулахаар болсон” гэлээ. Гэхдээ ирэх оны төсвийн төсөл нь байгаа мөнгөндөө таарсан төсөл болсон гэж тус бүлэг үзэж байгаа аж. Хотын дарга Э.Бат-Үүлээс эхлээд зарим сайдууд төсвийг орон нутгийн мэдэлд шилжүүлэхийг эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ асуудлыг дахин ярилцахаар тохирчээ. Ер нь цаашид “Тавантолгой”-д менежментийн хувьчлал явуулах, мөн Оюутолгойн далд уурхайн асуудлыг шийдвэрлэх, төмөр замаа тавьж байж мөнгөө олж санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ гэж тус бүлэг үзэж байгаа аж. Тавантолгойн менежментийн хувьчлал явуулах тендерийн ажлыг эхлүүлсэн бөгөөд удахгүй дүн нь гарна гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.