Apple компани iPhone 14 утасны нийлүүлэлт буурна хэмээн мэдэгдлээ

Twitter Print
2022 оны 11-р сар 07-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Apple компанийн сүүлийн үеийн загварын iPhone 14 гар утсыг үйлдвэрлэгч Foxconn компанийн Хятад дахь үйлдвэрийн үйл ажиллагаа коронавирусын хөл хорионоос болж удааширсан учраас iPhone 14 гар утасны нийлүүлэлт жилийн эцсээр буурна гэдгийг Apple компанийн зүгээс албан ёсоор мэдэгджээ.

Шинэ iPhone 14 гар утас эрэлт ихтэй байгаагийн ачаар Apple компани дэлхийн технологийн салбарт тэргүүлэгчдийн эгнээнд байсан хэвээр байгаа билээ.

Гэсэн ч Apple компанийн үйл ажиллагаа Хятадын цар тахлын эсрэг бодлогоос зайлсхийж чадсангүй. Estee Lauder, Canada Goose зэрэг томоохон компаниуд Хятадын коронавирусын цар тахлын эсрэг бодлогын улмаас Хятад дахь дэлгүүрүүдээ хаахад хүрсэн билээ.

Apple компанийн зүгээс iPhone утасны үйлдвэр бага хүчин чадлаар ажиллаж байгааг онцолж, iPhone 14 Pro, iPhome 14 Pro Max утасны эрэлт өндөр байгаа ч нийлүүлэлт нь өмнө нь төлөвлөж байснаас буурах төлөвтэй байгааг анхааруулжээ.

Ройтерс агентлаг өнгөрсөн сард Foxconn үйлдвэрт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор iPhone гар утасны үйлдвэрлэл 30 орчим хувиар буурна хэмээн мэдээлж байсан юм. Тайванийн Foxconn компанийн Хятадын Жэнжоу дахь 200 мянга орчим ажилчидтай, хамгийн том үйлдвэрт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зарим ажилчид нь үйлдвэрээс зугтсан явдал хүртэл гарсан билээ. Үүнээс сэрэмжлэн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоосон тул тэд 40 гаруй км алхаж суурин газар бараадсэн билээ.

Шинэ загварын iPhone гар утас худалдан авсан үйлчлүүлэгчдийн захиалгаа хүлээх хугацаа нь уртасна гэдгийг Apple компаниас мэдэгдсэн байна.

Зах зээлд 2.2 их наяд ам. доллараар үнэлэгдэж буй дэлхийн хамгийн үнэтэй компани болох Apple компанийн орлого 12-р сард 8 хувиас буурах төлөвтэй байна. Өнгөрсөн ням гарагт Хятад улсад сүүлийн 6 сард бүртгэгдээгүй их тооны халдварын тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд таагүй мэдээ байлаа.

Foxconn компани Жэнжоу дахь үйлдвэрээ аль болох түргэн хугацаанд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлүүлэхээр боломжтой бүгдийг хийж байгаа хэмээн онцолжээ. Компанийн зүгээс коронавирусын тархалтыг хянах шинэ журам гаргаж байгаа гэжээ.

Түүнчлэн Foxconn компани 10-р сарын 10-наас 11-р сарын 5-ны хооронд үйлдвэрийн байрнаас гарсан ажилчдыг үйлдвэртээ буцаж ирвэл 500 юаны урамшуулал өгөхийг амлаж, цалинг нь цагийн 30 юаниар тооцно хэмээн мэдэгджээ.

Foxconn үйлдвэр байрлах Жэнжоу нисэх онгоцны буудлын эдийн засгийн бүсэд өнгөрсөн лхагва гарагаас эхлэн хөл хорио тогтоосон юм.

Жэнжоу хотоос гадна Энэтхэг болон Хятадын өмнөд хэсэгт салбар үйлдвэртэй Foxconn компани iPhone гар утасны 70 хувийг угсарч үйлдвэрлэдэг аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Холбоотой мэдээлэл:

iPhone гар утасны үйлдвэр хөл хорионд орж, үйлдвэрлэгчид сандарч байна - http://mongolcom.mn/read/15126

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.